Хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь нь бүрэн зогсолт хийжээ
МҮХАҮТ-аас “COVID-19 ба ААН-үүдийн нөхцөл байдал” судалгааны үр дүнг танилцууллаа. Судалгааг энэ сарын 23-25-ны өдрүүдэд нийт 3530 ААН, бизнес эрхлэгчдээс цахимаар авсан байна. Уг судалгаагаар өнөөдрийн байдлаар хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь нь бүрэн зогсолт хийсэн бол 13 хувь нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байна. Эдгээр хувиараа бизнес эрхлэгчдийн 74 хувь нь цалин олгохгүй байгаа бол 14 хувь нь цалингаа 100 хувь олгож байгаа бөгөөд эдгээрийн  72 хувь нь борлуулалтын орлого 91 хувиас дээш хэмжээгээр буураад байна.

Судалгааны дүнгээр хөл хорионы үед бизнес эрхлэгчид 152,900 ажлын байрыг цөөлөөд байна. Харин дахин хөл хориог дахин нэг сараар буюу энэ оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгавал 432,600 ажлын байр цөөлөх тооцоо гарчээ.

Иймээс МҮХАҮТ-аас хатуу хөл хорио сунгасан тохиолдолд эдийн засгийн болон экспортын гол салбаруудын үйл ажиллагааг сэргээх, хэвийн явуулах, ААН-үүдийг ажлын байраа хадгалахад нь дэмжлэг үзүүлэх, цар тахлаас үүдэн ихээхэн хохирол амссан хувиараа бизнес эрхлэгчид болон жижиг бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх багц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэж байна. Үүнд:
  1. Үйл ажиллагаа бүрэн зогссон, ихээр хязгаарлагдсан салбарын бизнест санхүүгийн дэмжлэг үзүүлэх
  2. Богино хугацааны ажилгүйдлийн эсрэг чиглэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх
  3. Жижиг дунд бизнес эрхлэгчид болон хувиараа бизнес эрхлэгчид, цар тахлын нөлөө хүндээр туссан салбарын ААН-үүдэд баталгаа шаардахгүй, хүүгүй болон маш бага хүүтэй зээл олгох
  4. Цар тахлын нөлөөллийн улмаас борлуулалтын орлогогүй болон орлого нь маш доогуур байгаа ААН-үүдийн цалингийн зардалд татаас өгөх
  5. Нөлөөлөлд өртсөн ААН-үүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг хойшлуулах буюу чөлөөлөх
  6. Нөлөөлөлд ихээр өртсөн салбарын жижиг дунд ААН-ийн тогтмол зардлыг санхүүжүүлэх, түрээсийн төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөхөд дэмжлэг үзүүлэх  
  7. Нөлөөллийн улмаас бизнес нь доголдсон аж ахуйн нэгжүүдэд зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрийн татаас өгөх
  8. Нөлөөлөлд өртсөн бизнес эрхлэгчдийг санхүүгийн хөрвөх чадвараар хангах зорилгоор олгох банкны зээлийн хүүг бууруулахад дэмжлэг үзүүлэх гэх мэт.
 







О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus