.jpg)
“С.Зоригийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан эрүүдэн шүүлт явагдсан. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхнээс уучлал гуйж байна. С.Зоригийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан эрүүдэн шүүлт явагдсан. Энэ бүх ажиллагааг зохион байгуулсан хүн нь Г.Эрдэнэбат, Б.Хурц хоёр” энэ үгийг одоогоос жил гаруйн өмнө Ц.Нямдорж Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд байхдаа хэлж байв.
Харин одоо Б.Хурц нар батлан даалтад гарлаа. Тодруулбал, Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн “Шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлтийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч, бусад оролцогчтой уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.
Одоо Б.Хурц ялтан биш. Хэрэг нь анхан шатны шүүхэд буцсан, таслан сэргийлэх арга хэмжээ нь өөрчлөгдөж суллагдсан.
Ийнхүү өнгөрсөн жилүүдэд дуулиан шуугиантайгаар үргэлжилсэн хэрэгт хууль шүүхийнхэн бараг "цэг тавчихлаа”.
Тэгвэл энэ хэргийг эцсийг үзэхээр ам тангараг өгөөд байсан Ц.Нямдорж, Л.Болд, Ж.Батзандан нар хаачив. УИХ-ын сонгуулиас өмнө Ц.Нямдорж, Л.Болд, Ж.Батзандан нар энэ хэргээр хоёр жил шоудаж, ар гэрийнхэнд нь амлалт өгч, эцэс төгсгөлгүй тэмцэхээ мэдэгдсэн. Харин одоо тэд тус тусын албан тушаалд томилогдож, асуудлыг таг мартсан бололтой. Б.Хурц ялгүй болж, Б.Хурц суллагдав. Тэд таг чиг.
УИХ-ын 2020 оны сонгуульд ялагдал хүлээсэн ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр очсон, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Австрали улсад суух Элчин сайд зөвлөхийн томилолт авсан, УИХ-ын гишүүн асан Л.Болд ХБНГУ-д суух элчин сайдын албанд очихоор “хөөцөлдөөд" завгүй яваа.
Нэг үгээр тэд өнгөрсөн хугацаанд өдөр шөнөгүй шоудсан хэргээ Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийн өгсөн амлалтаа мартсан. Шударга ёс, хүний эрхийн төлөө тэмцэгчийн дүрээ ч мартсан....
О.ОНОН
Оллоо.мн