Цар тахлын дуулианд дарагдсан үйл явдлууд
Дэлхий нийтэд цар тахлын нөхцөл байдал хүндэрсээр байна. Манай улс энэ үйл явцыг тойрч гарсангүй. Дотоод дахь хадварын тоо цагаар нэмэгдэж Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байна. 
Тэгвэл цар тахлын дуулианд дарагдсан олны анхаарал хандуулсан зарим үйл явдлуудыг эргэн сануулъя.


 
Төрийн мөнгөөр туйлсан Эрдэнэтийн дарга нарт хэзээ хариуцлага ногдуулах вэ

ТӨҮГ-ын Ерөнхий захирал Хоохорын Бадамсүрэн, Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа нийгмийн асуудал хариуцсан орлогч Дэмбэрэлийн Дэлгэрбаяр нартай холбоотой “Шилэн данс”-ны өнгөрсөн сарын төгсгөлд нийтэд ил болсон. 
Тэд өнгөрсөн 2019 онд томилолтын зардалд нэг тэрбум 655 сая төгрөг, сонин сэтгүүл захиалгад 618 сая төгрөг,  хүлээн авалтын зардалд  557 сая төгрөг, зар сурталчилгааны зардалд нэг тэрбум 2211 сая төгрөгийн зарцуулж төрийн мөнгөөр туйлсан. 
Мөн дээрээс нь Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын данснаас өөрийн охин Б.Буянжаргалынхаа  сургалтын төлбөр  102 сая төгрөгийг  Канадын Торонтогийн Их сургууль руу шилжүүлсэн. Өндөр үнээр мөнгөн аяга, сандал худалдаж авсан. 
Мөн Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа нийгмийн асуудал хариуцсан орлогч Дэмбэрэлийн Дэлгэрбаяр 219 сая төгрөгийг Эрдэнэт үйлдвэрийн данснаас “эмнэлгийн төлбөр” гэсэн гүйлгээний утгатайгаар гаргуулан авсан. Ийнхүү төрийн өмчит компанийн удирдлагын багт ажиллаж их хэмжээний мөнгөөр цалинжиж буй тэд дахин төсвийн мөнгөөр гэр бүлээ тэжээн тэтгэж байгаа үйл явц хариуцлагаа нэхэж байгааг сануулах нь илүүц биз.  

Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлов

Ерөнхий сайд асан С.Баярын биеийн байдал муу байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Гэвч түүний шүүх хурал хойшлох шийдвэрийг энэ сарын 11-нд гаргав. Тодруулбал, Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд энэ сарын 11-нд товлосон байлаа. Гэвч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдааныг хойшлуулж байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдсэний дагуу шүүх хуралдаан хойшиллоо.
 Ерөнхий сайд асан С.Баяр, "Петровис трейдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 22-ноос 23-нд хянан хэлэлцээд, Ерөнхий сайд асан С.Баярт таван жилийн хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял оноосон билээ. Мөн С.Баяраас таван тэрбум 580 сая төгрөг, Ч.Даваанямаас таван тэрбум 766 сая төгрөгийн эд хөрөнгө хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн билээ. 

Ерөнхийлөгч асан Н.Багабанди Оюутолгойн ТУЗ-д дахин сонгогдов

Засгийн газраас Оюутолгойд  Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж ажиллах ТУЗ-ийн гурван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулсан. Хэдийгээр олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байсан ч Ерөнхийлөгч асан Н.Багабанди Оюутолгойн ТУЗ-д үлдлээ. Тэрбээр ийнхүү гурав дахь удаагаа төсөлд Монголыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүнээр ажиллахаар болж байгаа нь энэ. Тэрээр 2008-2012 он хүртэл мөн 2016 оны наймдугаар сараас өнөөг хүртэл тус төслийн ТУЗ –ийн гишүүнээр томилогдон ажилласан. 
 
Б.Хурц ялгүй үлддээ

ТЕГ-ын дарга асан  Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч  асан Г.Эрдэнэбат нарт холбогдох Эрүүгийн  хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж шийдвэрээ танилцуулав.  Шүүхээс Ж.Мөнхгалд гурван жилийн хорих ял, С.Баярт гурван жилийн хорих ял, Б.Хурцад гурван жилийн хорих ял, Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад гурван жилийн хорих ял, О.Бямбажавд хоёр жилийн хорих ял, Ү.Отгонбаярт хоёр жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгах шийдвэр гаргасныг шүүгдэгч нар эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг.
Тэгвэл давж заалдах шатны шүүх Б.Хурц нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, буцаалаа. Ингэснээр хэргийг  дахин хэлэлцэхээр болж байна. Б.Хурц нарын зургаан албан тушаалтан С.Зоригийн аллагын гүйцэтгэгч хэмээн яллагдсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдаж буй.
 
М.Энхсайханы ялыг хэвээр үлдээв

М.Энхсайхан “Хүүхдийн хорих анги”-д номын санчаар ажиллаж байгаа мэдээлэл цахим орчинд түгээд байна. Тэгвэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Энхсайханд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцлээ.
 
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос М.Энхсайханд Эрүүгийн хуулийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан” гэх хэргийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна. М.Энхсайханыг Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгосон, “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллах хугацаандаа өөрийн төрсөн дүү М. Чаминцэцэг, түүний хүү О.Амарсайхан нарын “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй “Тоёота Лексус 570” автомашиныг тухайн үеийн зах зээлийн ханшаас илүү үнээр худалдан авч, улсад 130 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд гэм буруутай гэж үзэж, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Энхсайханд нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоожээ. Мөн М.Энхсайханаас 55 сая төгрөгийг гаргуулж, Эрчим хүчний яаманд олгуулахаар шийдвэрлэсэн байна. 
 
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
 
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүх М.Энхсайханыг Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий компаниудад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэргийг төгссөн гэж үзсэн нь үндэслэлгүй, харин дээрх гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж дүгнэж, М.Энхсайханд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих болгон өөрчилж, бусад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

О.ОНОН
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus