Зээл, тусламжийн мөнгө хэрэгжүүлж буй компанийн дансанд шууд ордог

Цар тахалтай холбоотойгоор Засгийн газар 418.9 сая ам.долларын зээл болон тусламжийн гэрээг байгуулсан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ дурьдаад байна. Тодруулбал,  Төсвийн дэмжлэг хэлбэрээр 199.5 сая ам.долларыг одоогоор аваад байгаа юм байна. Үүний 100 сая ам.долларыг нь Азийн хөгжлийн банкнаас, 99 сая ам.долларыг нь Олон улсын валютын сангаас  тус тус авчээ. Харин төслийн санхүүжилт хэлбэрээр 39.8 сая ам.долларыг авсан. Үлдсэнг нь энэ ондоо багтааж дахин 100 сая ам.долларыг төсвийн дэмжлэг хэлбэрээр, 80 сая ам.долларыг төслийн санхүүжилтэд амжуулж авахаар төлөвлөж байгаа тухай сайд мэдэгдээд байна. Зориулалт нь анх тавьсан зорилгын хүрээндээ бүгд ашиглагдаж байгаа юм байна. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны мөнгө Төрийн сангийн дансанд орохгүйгээр тухайн ажлыг хийж гүйцэтгэж байгаа компанийн данс руу Олон улсын банк санхүүгийн байгууллагаас шууд шилжин орж байгаа гэлээ.

Нөгөөтэйгүүр, Зээлийн гэрээний хугацааг сунгах хэлбэрээр ажиллаж байгаа аж. Авсан зээлийг бүгдийг нь COVID-19-ийн цар тахлыг нөлөөг бууруулах зорилгоор төсвийн дэмжлэг хэлбэрээр, мөн эрүүл мэндийн салбарт техник, тоног төхөөрөмж авахад зарцуулж буйг мэдэгдэв. Нийт зээлийн гэрээг хөгжлийн дөрвөн түнш байгууллага, улстай байгуулсны 66.6 хувийг нь аваад байна. Түүнчлэн АХБ-наас хамгийн их буюу нийт 160 сая ам.долларын зээл авахаас одоогоор 128 сая ам.долларыг аваад байна. Энэ бол хөнгөлөлттэй зээл. 100 сая ам.долларыг  хүүхдийн мөнгө олгоход зарцуулсан. Дараагийн 30 сая ам.доллароор тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, 21 аймагт түргэн тусламжийн машин авна. Гэрээний шатанд байгаа тул бодит гүйцэтгэл хийгээгүй байна гэлээ.

Мөн  50.6 сая ам.долларын Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улс вакцин авах хүсэлтээ олон улсад өгсөн байгаа. Вакцины зах зээл өнөөдөр хэн мөнгөө төлнө, тэр нь түрүүлж авах ийм нөхцөл байдалтай байгаа. Нэг ёсондоо эхний ээлжинд дэлхийн том, нөлөө бүхий улс орнуудын захиалгаар, эхлээд үйлдвэрлэж буй бүх вакциныг авах магадлалтай байгаа гэв.

Мэдээллийн үеэр, COVID-19-тэй холбоотой зээл, тусламжийн ихэнх нь 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Үр дүн хэр байна, яаж гарч байна вэ. Зарцуулалтыг хэрхэн яаж хянаж байна вэ?” гэсэн сэтгүүлчдийн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулахдаа “Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд тухайн оронд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрөө маш хатуу хянадаг. Нэг удаагийн гүйлгээг хийхэд л олон дамжлагын зөвшөөрлийг авах хэрэгтэй болдог. Олон улсын санхүүгийн байгууллагуудын төсөл, хөтөлбөр удаж байна гэж хүмүүс шүүмжилдэг нь нөгөө хүмүүс нь бүгдийг нягталж буйтай холбоотой юм. Тиймээс манайх дотооддоо өөрсдөө хянадаг, ийм давхар хяналттай байдаг юм. Төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн гэвэл энэ бүхэн бодитой хэрэгжиж буй зээл, тусламж. Тиймээс үр дүн гарч байгаа гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ц.Мягмарбаяр


 

Бусдад түгээх
  • gplus