2021 оны төсвийг ирэх сард тодотгох уу
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцэн тогтоол гаргасан. Уг тогтоолд  төсвийн захирагч нар хэмнэлтийн горимоо үргэлжлүүлэхийг Сангийн сайдад даалгав. Цалин тэтгэврээс бусад зардалд эрэмбэ тогтоож,  санхүүжүүлэхээр болж байна.

Ийнхүү Монгол Улс ирэх онд хэмнэлтийг горимд ажиллаж амьдрах нь. Хэдхэн хоногийн өмнө парламент хуулийн хугацаандаа амжин, цахимаар хуралдаж ирэх оны төсвөө баталсан. Ингэхдээ коронавируст халдвар дотоодод гарсан учир эдийн засаг хумигдаж, иргэдийн орлого хүндэрч болзошгүй учраас эргээд төсөвт тодотгол хийх нөхцөл үүснэ гэдгийг тооцож, энэ удаад улсын төсвийг хуулийн хугацаанд батлахыг чухалчилсан юм. Эх сурвалжуудын мэдээллээр 2021 оны төсвийг ирэх сард тодотгол хийхээр болж, төслөө боловсруулж эхлээд байгаа аж.

Парламент ирэх оны төсвийг дараах байдлаар батлан гаргаад байгаа билээ.

Монгол Улсын төсөвт 2021 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 8,737,771.7 сая төгрөгөөр батласан. Харин төслийн 7 дугаар зүйлд Монгол Улсын төсвөөс 2021 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 10.676.615.3 сая төгрөг байх юм.
Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 1.390.921.0 сая төгрөгөөр санхүүжүүлэх, “Барих-Шилжуулэх” концессын төрлөөр хэрэгжуулсэн төсөл. арга хэмжээ, барилга байгууламжид улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд 266.268.7 сая төгрөгийн эргэн төлөлт хийх юм. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2021 оны төсвийн жилд 156,016.9 сая төгрөгийн хэмжээтэй, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Ирээдүйн өв санд 2021 оны төсвийн жилд 1.180.143.1 сая төгрөгийн хэмжээтэй хөрөнгө тус тус хуримтлуулахаар шийдвэрлэсэн.
 
Тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй гаргасан зээллэг болон өрийн зохицуулалтын арга хэмжээнээс бусад 2021 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын гадаад, дотоод зээллэгийн үндсэн төлбөрийн хэмжээ 1,880,299.4 сая төгрөг, Засгийн газрын нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 2021 оны төсвийн жилд 2,815,030.5 сая төгрөг байх юм.
 
Монгол Улсын 2021 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт үзүүлэх санхүүгийн дэмжлэг 163.020.2 сая  төгрөг байх, харин төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ 533.868.4 сая төгрөг байхаар тогтлоо. Мөн төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зарлага 220,701.8 сая төгрөгийн хэмжээтэй байхаар батлагдсан байгаа юм.
 
О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus