Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан улсын хэмжээнд 23 арга хэмжээг авч хэрэгжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. 

1. Сар бүр олгох хүүхдийн 100 мянган төгрөг болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг иргэдэд түргэн шуурхай бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахыг ХНХ-ын сайд,   Сангийн сайд нарт даалгаж байна. 

2. 2021 долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ногдуулж тайлагнасан боловч, хуульд заасан хугацаанд НДШ төлөөгүй Төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад ААН, байгууллагыг алданги торгуулиас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн зохих шийдвэр гаргахыг даалгалаа. 

3. 2021 долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд албан татвар төлөгчийн ногдуулан тайлагнасан төлбөл зохих төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги торгуулиас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн зохих шийдвэр гаргахыг Сангийн сайдад үүрэг болгож байна.

4. 2021 долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд худалдааны төв, худалдаа үйлдвэр үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр талбай түрээсэлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөр бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах ААН-ын албан татварыг  хөнгөлөлт үзүүлэх хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн зохих шийдвэрлэхийг Сангийн сайдад үүрэг болгож байна. Энэ ажил мөн 2020 оны 11 сарын 1-ээс эхлэх ёстой. 

5. Импортоор орж ирэх бүх төрлийн будаа, ургамлын тос болон өвс болон мал амьтны тэжээлийн үрийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн зохих шийдвэр гаргахыг Сангийн сайдад үүрэг болгож байна.

6. Хүнсний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, савлалт, тараалт , борлуулалтын үйл ажиллагааг хэвийн хэмжээнд явуулахыг Шадар сайдад даалгаж байна. 

7. Ипотекийг зээлийг 2021 долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн хойшлуулах, ингэхдээ үлдэгдэл төлбөрийг нэмэгдүүлэхээр зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох албаныханд зөвлөж, нэн яаралтай хэрэгжүүлэхийг үүрэг болгож байна. Мөн энэ сарын 1-ээс хэрэгжинэ

8. Банк, ББСБ, ХЗХ-оос иргэд, ААН-үүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, торгууль зэргийг нэгтгэн тооцож, зээлдэгчид алданги тооцох зэргээр дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадварт нийцүүлж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгахтай холбоотой зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх холбогдох албаныханд зөвлөлөө.

9. Ашигт малтмал газрын тосны бүтээгдэхүүн экспортолдог ААН-үүдийг халдвар хамгаалалтын онцгой дэглэмд шилжүүлж, нийт ажилтнуудыг халдварт өвчнөөс хамгаалж аюулгүй нөхцөл байдал бүрдүүлэхийг Уул уурхайн сайдад даалгалаа. 

10. Монгол-Хятадын хилийн боомтын ногоон гарцын хэрэгжилтийг эрчимжүүлж, ашигт малтмал, газрын тосны экспортыг тасралтгүй үргэлжлүүлэх хүсэлтийг БНХАУ-ын талд дипломат шугамаар тавьж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгаж байна. Улсын төсвийг бүрдүүлж, амьдралаа залгуулах ёстой. Энэ мөнгө орлого бий болсноор бид цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээ тавьж байгаа. 

11. Ашигт малтмал газрын тосны экспортыг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор хилийн боомтуудыг халдвар хамгаалалтын онцгой дэглэмд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах. Таван толгойн бүлэг орд, Нарийн Сухайтын бүлэг орд, Оюутолгой ордын хүрээнд Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтоор тээвэр хийж буй жолооч нарыг шинжилгээнд бүрэн хамруулж, тус боомтыг ногоон бүс болгон зарлаж, тээвэрлэлтийг дараалал үүсгэхгүйгээр зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна. 

12. Монгол Улсад ирж буй бүх төрлийн шуудан илгээмжийг ариутган халдваргүйжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаны хүмүүст даалгаж байна. 

13. 2021 оныг дуустал коронавируст халдварт цар тахлыг оношлох зорилгоор импортоор орж ирж байгаа оношлуур, эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг импортын  болон НӨАТ-аас чөлөөлөхөөр баталсан хуулийг сурталчлах ажлыг зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгож  байна. 

14. Татвар төлөгч 2020 оны татварын жилийн гарсан алдагдлыг татварын дараалсан дөрвөн жилийн хугацаанд холбогдох журмын дагуу хасаж тооцох хуулийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулахыг холбогдох албаныханд даалгаж байна. 

15. Татвар гаалийн байгууллагын цахим шинэчлэлтийг эрчимжүүлж, гаалийн бүрдүүлэлт хийх, тайлан гаргах, татвар төлөх иргэдэд үйлчлэх үйл ажиллагааг цахимжуулж, иргэдтэй нүүр тулсан үйл ажиллагаанаас зайлсхийн, хөнгөн шуурхай ард иргэддээ үйлчлэх нөхцөлийг нэн яаралтай бүрдүүлэхийг холбогдох албаныханд үүрэг өглөө. 

16. Татварын өртэй, Улсын болон орон нутгийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил үйлчилгээний төлбөрийн авлага, бусад татварын илүү төлөлттэй тохиолдолд тухайн татвар төлөгчийн хүсэлтээр татварын өрийг тухай бүрт суутган тооцож ажиллахыг Сангийн сайдад үүрэг болгож байна. 

17. Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн бизнесийг сэргээхэд чиглүүлэх, үйл ажиллагааг идэвхжүүлэх арга хэмжээ авахыг ХХААХҮ-ийн сайдад даалгаж байна. 

18. Төрийн болон төрийн өмчит ААН-үүдэд бараа нийлүүлсэн, ажил гүйцэтгэсэн этгээдийн төлбөрийг түргэн шуурхай барагдуулахыг бүх төсвийн захирагч нарт үүрэг болгож байна. 

19. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авахдаа дотоодын бараа бүтээгдэхүүн худалдан авахыг бүх захирагч нарт даалгаж байна. Эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг үүрэг болгож байна

20. ААН-үүдийг тендер шалгаруулалтад оролцуулах тэгш боломжоор хангах зорилгоор бэлэн байдалд зарласан хугацаанд хүлээн авах бүх төрлийн тендер шалгаруулалтын хугацааг 2020.12.04 хүртэл сунгахыг төсвийн захирагч нарт даалгаж байна. 

21. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан төсвийн орлогын бүрдэлттэй холбогдуулан төсвийн захирагч нарыг хэмнэлтийн горимд шилжүүлэн цалин тэтгэврээс бусад зардалд эрэмбэ тогтоож,  санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайдад даалгаж байна. 

22. Үйлдвэрлэл үйлчилгээ ААН-үүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах чиглэлээр эдийн засаг, төсөв санхүүгийн чиглэлээр арга хэмжээний саналаа Засгийн газрын гишүүн бүр судалж боловсруулан, УОК-т танилцуулан, яаралтай газар дээр нь шийдвэрлэн ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. 

23. Хүн хооронд 2 метрийн зай барих, амны хаалт тогтмол зүүх, үйлчлүүлэгч, ажилчдын биеийн халууныг тогтмол үзэх, гар халдваргүйжүүлэлт байршуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг өдөр тутам хийх, коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмжийг ил тод олны өмнө байршуулж, олон түмэн мэддэг, дагадаг боломж нөхцөлөөр хангаж, иргэд олон нийтэд сурталчилж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон. 

 

Бусдад түгээх
  • gplus