Д.Нарангэрэл: Нэг тохиолдол нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өглөөний мэдээллээс хойш коронавирусийн батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж нийт тохиолдол 435 боллоо. Дархан-Уул аймагт бүртгэгдсэн тохиолдлын хувьд өглөө түргэвчилсэн оношлуураар эерэг гэж гарсныг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулахад коронавирусийн халдвартай нь батлагдсан байна. Ингээд Дархан-Уул аймагтай холбоотойгоор төмөр зам дагуу бүх газруудад тандалт, судалгаа хийж байна. Одоогоор энэ хүний ойрын хавьтлын 62 хүнийг илрүүлэн тандалт судалгаа хийж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар, Дорноговь, Налайх, Говьсүмбэр гэх мэт зам дагуух аймгуудад коронавирусийн халдварыг илрүүлэх тандалт судалгааны ажлыг эрчимтэй хийж байна.  Улаанбаатарын багц өвчлөлтэй холбогдуулан 18 оношлогооны цэг болон нийслэлийн   өрхийн эрүүл мэндийн төвүүдэд коронавирусийн халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж байна. Одоогийн байдлаар 6764 хүн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдсан байна. Иргэд шинжилгээнд хамрагдахдаа цаг авах ёстой. Цагийг хоёр байдлаар авч болно.  Нэгдүгээрт 18000119 дугаараар авч болно, хоёрдугаарт өнөөдрөөс эхлэн 119.mn гэсэн цахим хаягаар регистрийн дугаараар бүртгүүлж цаг авч болно. Шинжилгээний хариугаа мөн цахим хаягаараа авна.

Сүүлийн хэд хоногт хүүхдүүдийн дунд гар, хөл, амны өвчин буюу амьсгалын замын тууралтат халдвар салхинцэцэг гарах хандлагатай байна. Ийм учраас 119 болон 18000119-2 гэсэн дугаарын утсууд дээр хүүхдийн эмч зөвлөгөө өгч байгаа гэдгийг хэлье" гэв.

С.Цог
Бусдад түгээх
  • gplus