А.Амбасэлмаа: Гурван хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. КОВИД-19 нь 218 улс орон, бүс нутагт тархаж, нийт 54.3 сая хүн халдвар авснаас 1.2 сая хүн эндсэн байна. Дэлхий нийтэд сүүлийн 24 цагийн хугацаанд 528  мянга гаруй хүн шинээр халдвар авсан байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Ховд аймгийн салбар лабораториудад нийт  1762 хүнд шинжилгээ хийхэд гурван хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн. Дархан-Уул аймагт тандалтын зорилгоор 132  хүнд шинжилгээ хийхэд нэг сэжигтэй тохиолдол илэрсэн. Сэжигтэй тохиолдлын давтан шинжилгээг хийж байгаа хариу хараахан гараагүй байна. Ховд аймагт тандалтын зорилгоор 14 хүнд шинжилгээ хийхэд бүгд срөг гарсан. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний шинжилгээ бүгд сөрөг гарсан.  Улаанбаатарт гарсан голомтын ойрын хавьтлын  80 хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүний гурав дахь давтан шинжилгээнээс илэрсэн. Хоёрдогч хавьтлын 274 хүний шинжилгээ бүгд сөрөг гарсан. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 434, эдгэрсэн 328, ажиглалтад 16, гэрийн ажиглалтад 12, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310, нутаг буцсан 6 хүн байна. ХӨСҮТ-д  100 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 77 хүн, хүндэвтэр  21 хүн, хүнд 2 хүн байна" гэв.

С.Цог
Бусдад түгээх
  • gplus