Д.Нарангэрэл: Гурван тохиолдол нэмж бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. КОВИД-19 нь 218 улс орон, бүс нутагт тархаж, нийт 53.7 сая хүн халдвар авснаас 1.3 сая хүн эндсэн байна. Дэлхий нийтэд сүүлийн 24 цагийн хугацаанд 594  мянга гаруй хүн шинээр халдвар авч, 6 мянга гаруй хүн нас барсан байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Манай улсын хувьд коронавирусийн халдварын нийт тохиолдол 431 болж өчигдөр оройны 17 цагийн мэдээнээс хойш гурван тохиолдол нэмж бүртгэгдлээ. Нийслэлд болон Сэлэнгэ аймагт коронавирусийн багц тохиолдол бүртгэгдсэн. Ийм учраас ЭМЯ-аас нийт 19 цэгээр коронавирусийн шинжилгээ, тандалт судалгааны ажлыг явуулж байна. ХӨСҮТ-ийн 2 лабораториос гадна ЗӨСҮТ-ийн лабораторид 1818 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд 758 хүний сорьцод коронавирус илрээгүй байна. Үлдсэн хүмүүсийн хариуг оройны мэдээллээрээ танилцуулна" гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа: 2020 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод амйгийн салбар лабораториудад нийт 1818 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрлээ. Арваннэгдүгээр сарын 3-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 172 хүний шинжилгээ, аравдугаар сарын 24-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн  70 хүний, Дорнод аймгийн лабораторид тандалтын зорилгоор цуглуулсан 78 хүний, Дархан-Уул аймгийн лабораторид хяналт тандалтын чиглэлэр цуглуулсан 138 хүний, сайн дураар шинжилгээ өгсөн 52 хүний, тандалтын зорилгоор цуглуулсан 111 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 11 хүн /10 эмч, 1  ажилтан/ бүгд сөрөг гарсан. Аравдугаар сарын 26-ны өдрийн Будапештийн  онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнд, Энхсаран сувиллын үйлчлэгч нэг хүний шинжилгээнд коронавирус илрээд байна. Нийслэлд бүртгэгдээд байгаа багц өвчлөлийн тухайд ойрын хавьтлын 170, хоёрдогч хавьтлын 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Нийслэлийн голомтын хувьд нийт 2753 хүнд шинжилгээ хийгээд байна. Сэлэнгэ аймгийн хувьд нэгдүгээр хавьтлын нэг хүнээс коронавирус илэрлээ. Ингээд нийт батлагдсан тохиолдол нь дөрөв болж байна. Монгол улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 431, эдгэрсэн 328, ажиглалтад 16, гэрийн ажиглалтад 2, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310, нутаг буцсан 6 хүн байна. ХӨСҮТ-д  97 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 75 хүн, хүндэвтэр 20хүн, хүнд 2 хүн байна" гэв.

С.Цог
Бусдад түгээх
  • gplus