А.Амбасэлмаа: Батлагдсан тохиолдол караоке болон цайны газар орсон тул иргэдийг хавьтал болсон тохиолдолд зөвлөгөө авахыг хүсье
МУЗГ ээлжит бусаар хуралдаж гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа: Өнөөдөр хийгдсэн шинжилгээний хувьд  УБ хотод гарсан багцын голомтод хамаарал бүхий ойрын хавьталын 97 хүний  шинжилгээг хийхэд 3 хүнээс илэрсэн. Нэг нь жолоочийн охин, 2 нь ахынх нь эхнэр, хүүхэд гээд гурван хүн эерэг гарсан. Ойрын хавьтал байсан учраас ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан. Ингээд УБ хотын голомтын хувьд батлагдсан тохиолдол 9 хүн боллоо.  Манай улсын нийт батлагдсан тохиолдол 426 боллоо. Үүнээс эдгэрсэн 328 байна. Халдвар илэрсэн хүмүүстэй хол ойрын хавьтал болсон зарим хүмүүсийн хувьд хаагуур явсанаа санахгүй байх,  мартах, зарим тохиолдолд хэлмээргүй зүйл байдаг байж магадгүй. Ийм тохиолдолд голомтод авах хариу арга хэмжээний хугацаа уртсах хандлага байгааг манай ард иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй байна. Өнөөдөр тандалт судалгаа хийхэд батлагдсан тохиолдол  караоке болон цайны газар орсон нь илэрсэн. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны "Говь Гурван Сайхан" нэртэй караокед 2020 оны арваннэгдүгээр сарын 9-ний 17:00-20:00 цагийн хооронд байсан хүмүүс, мөн сургуулийн арын ТОПАЗ зочид буудал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны "Өгөөж" цайны газарт 12:00-14:00 цагийн хооронд байсан хүмүүс ЭМЯ-ны 119 дугаарын утас, ХӨСҮТ 80086829 дугаарын утаснууд руу холбогдож зөвлөгөө авахыг хүсэж байна" гэв.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар: Батлагдсан тохиолдлын хувьд тодорхой хэлж болохгүй байна. Энэ нь хувь хүний нууцтай холбоотой асуудал. Өмнөх тохиолдлыг зарласнаас болж тухайн иргэн рүү янз бүрийн байдлаар дайралт, дарамт шахалт ирж байгаа тул дараагийн хүмүүс нуугаад хэлэхгүй байна. Тийм болохоор иргэд эрсдэлээ бодоод дээрх утаснуудад холбогдон ирж шинжилгээ өгөхийг хүсэж байна.

С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus