Коронавируст халдварын багц тохиолдол илэрч, Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн долоо хоног

Монгол Улс коронавируст халдварыг дотооддоо алдаагүй цөөхөн орны тоонд орж байв. Гэвч өнгөрсөн долоо хоногт нийслэл болон Сэлэнгэ аймагт коронавирусийн багц тохиолдол илэрлээ. 

Улмаар Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдол 416 боллоо. Үүнээс зөөвөрлөгдөж ирсэн 399 тохиолдол байгаа бол дотооддоо халдвар авсан 17 хүн байгаа юм.  Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д халдвартай болох нь тогтоогдсон 83 хүн хэвтэн эмчлүүлж байна.  Тэгвэл дотооддоо халдвар авсан 17 тохиолдлын долоо нь ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтан байгаа бол үлдсэн 10 тохиолдлын гурав нь Сэлэнгэ аймагт, долоо нь Улаанбаатар хотоос илрээд байгаа билээ. Энэ дагуу УОК болон Засгийн газраас Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж холбогдох арга хэмжээг авч, хэрэгжүүлж байна. 

Тав хоногийн хугацаатай Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжив

Лхагва гарагт коронавируст цар тахлын тархалтыг дотооддоо хумихтай холбоотой цаг үеийн шуурхай арга хэмжээ авах асуудлын талаар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20:00 цагт УОК хуралдаж, орон даяар Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр санал гаргасныг Засгийн газар ээлжит бус хурлаараа авч хэлэлцэн эцэслэн шийдвэрлэсэн юм. 

Улсын хэмжээнд зарлаад байсан гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ахиулж Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг 2020.11.12-ны өдрийн 06:00 цагаас 2020.11.17-ны өдрийн 06:00 цаг хүртэл тав хоногийн хугацаатай зарлаж, Засгийн газрын тогтоол гаргав.

Ингэснээр төрийн байгууллагуудыг ажлын тусгай горимд шилжүүлж, тухайн байгууллагууд дотоод зохион байгууллалтын дагуу нэн шаардлагатай үүрэг гүйцэтгэх ажилчдаа ээлжээр ажиллуулах, банк, эрчим хүч, дулааны цахилгаан станц, эмнэлэг, эмийн сан, ус хангамжийн газрууд, хүнсний зах, дэлгүүр, шатахуун түгээх станц, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас бусад албан байгууллагууд ажиллахгүй. Хувийн аж ахуй нэгжүүд, ард иргэд гамшгаас хамгаалах хууль, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг дагаж мөрдөх үүрэг хүлээж байна. 

Парламент цахимаар хуралдаж ирэх оны төсвөө баталлаа

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн УИХ-ын чуулганы хуралдааныг цахим хэлбэрт шилжүүлж, гишүүд чуулганы хуралдааны "ИХ хуралдай" танхим болон байгаа газраасаа MyParliament программыг ашиглан ZOOM-ээр чуулганы нэгдсэн хуралдаанд оролцлоо. 

Хуулийн дагаа энэ сарын 15 гэхэд ирэх оны төсвийг баталсан байх ёстой. Энэ дагуу баасан гарагийг цахим хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж эцэслэн баталлаа

Монгол Улсын төсөвт 2021 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 8,737,771.7 сая төгрөгөөр батлав. Харин төслийн 7 дугаар зүйлд Монгол Улсын төсвөөс 2021 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 10.676.615.3 сая төгрөг байхаар батлагдлаа.

Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 1.390.921.0 сая төгрөгөөр санхүүжүүлэх, “Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл. арга хэмжээ, барилга байгууламжид улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд 266.268.7 сая төгрөгийн эргэн төлөлт хийхээр батлав. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2021 оны төсвийн жилд 156,016.9 сая төгрөгийн хэмжээтэй, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Ирээдүйн өв санд 2021 оны төсвийн жилд 1.180.143.1 сая төгрөгийн хэмжээтэй хөрөнгө тус тус хуримтлуулахаар шийдвэрлэв.

Тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй гаргасан зээллэг болон өрийн зохицуулалтын арга хэмжээнээс бусад 2021 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын гадаад, дотоод зээллэгийн үндсэн төлбөрийн хэмжээ 1,880,299.4 сая төгрөг, Засгийн газрын нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 2021 оны төсвийн жилд 2,815,030.5 сая төгрөг байхаар батлагдав.

Монгол Улсын 2021 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт үзүүлэх санхүүгийн дэмжлэг 163.020.2 сая  төгрөг байх, харин төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ 533.868.4 сая төгрөг байхаар тогтлоо. Мөн төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зарлага 220,701.8 сая төгрөгийн хэмжээтэй байхаар батлагдав.

Эмзэг бүлгийн иргэд, оюутнуудыг хүнсээр хангана

Засгийн газрын баасан гарагт ээлжит бус хуралдаж, эмзэг бүлгийн иргэд, оюутнуудыг хүнсээр хангах шийдвэр гаргасан юм.

- Улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх

- Эмзэг бүлгийн иргэд, дотуур байрны сурагч, оюутнуудыг  хүнсээр хангах

- Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг бүрэн хяналтдаа байлгах

- Шаардлагатай тохиолдолд хүнс, эм, эмнэлгийн хангамжийн дуудлагын түгээлтийн баг ажиллуулахад бэлэн байх

- Цар тахлын халдварын эсрэг ажиллаж байгаа ажилтан, албан хаагч, тэдгээрийн ар гэрт урамшуулал олгох зэрэгт анхаарахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд болон удирдах албан тушаалтнуудад үүрэг болгов.

О.ОНОН
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus