А.Амбасэлмаа: Нийт батлагдсан тохиолдол 416 боллоо

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар мэдээлэл хийлээ. КОВИД-19 нь 218 улс орон, бүс нутагт тархаж, нийт 52.4 сая хүн халдвар авснаас 1.2 сая хүн эндсэн байна. Дэлхий нийтэд сүүлийн 24 цагийн хугацаанд  600 гаруй мянган хүн шинээр халдвар авч, 9 мянга гаруй хүн нас барсан байна.


Манай улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 820 хүнд шинжилгээ хийхэд 3 хүнээс коронавирус илэрлээ. ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа хоёр ажилтны шинжилгээнд коронавирусийн халдвар илэрсэн мөн нийслэлд бүртгэгдсэн голомтын ойрын хавьтлын 140 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн /4 настай хүүхэд/, хоёрдогч хавьтлын 2775 хүнийг илрүүлсэнээс 646 хүний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Тухайн голомтод батлагдсан нийт тохиолдол долоо боллоо.  Тандалт, судалгаа шинжилгээг үргэжлүүлэн хийж байна. Сэлэнгэ аймагт шуурхай хариу арга хэмжээний нэг баг ажиллаж байгаа. Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын тандалт, сундалгаа шинжилгээг хийж байгаа бөгөөд батлагдсан гурван тохиолдлын ойрын хавьтлын 150 хүнийг илрүүлж шинжилгээ хийж байна. Үүнээс урьдчилсан байдлаар 103 хүний шинжилгээ хийхэд сөрөг гарлаа. Шуурхай хариу арга хэмжээний хоёрдугаар баг Дархан-Уул аймагт ажиллаж байгаа, хяналт тандалтын 136 хүнд шинжилгээ хийсэн бүгд сөрөг гарсан.   Нийт батлагдсан тохиолдол 416 болсон, 328 хүн эдгэрсэн. Өнөөдөр 11 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ.  Нийт ажиглалтад 16 хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310 хүн, гэрийн ажиглалтад 2 хүн, нутаг буцсан 5 хүн байна. ХӨСҮТ-д 83 хүн эмчилгээнд байна, 66 хүн хөнгөн, 16 хүн хүндэвтэр, 1 хүн хүнд  гэсэн үнэлгээтэй байна" гэв.





С.Цог
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus