А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймагт короавирусийн гурван тохиолдол илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас  коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан ээлжит мэдээллээ хийлээ. 

Манай оронд коронавирусийн 412 тохиолдол бүртгэгдсэн байна. Нийслэл хот, Сэлэнгэ аймагт коронавирусийн багц тохиолдлууд бүртгэгдэж  эхэлсэн. Иймээс иргэд гэртээ байх дэглэмийг хатуу мөрдөх шаардлагатай байгааг мэдээллийн эхэнд санууллаа. 

Үүний дараа ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 12-нд нийт 1030 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс зургаан хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эмч ажилтан хоёроос коронавирус илэрсэн.

 Улаанбаатар хотод багцаар бүртгэгдсэн халдварын голомтод нийт ойрын хавьтал 125 хүн, хоёрдогч хавьтал 2600 хүнд шинжилгээ хийсэн. Ойрын хавьтлын 125 хүнээс 5 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Хоёрдогч хавьтлын 474 хүний шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Нийт ойрын болон хоёрдогч хавьтлын 3000 орчинд хүнд тандалт судалгаа хийж байна.

Энэ сарын 13-нд Сэлэнгэ аймгийн оршин суугч гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Өнөөдөр ХӨСҮТ-өөс мэргэжлийн шуурхай нэг багаа тус аймаг руу илгээлээ. Иймээс Дархан Сэлэнгийн ард иргэддээ хандаж хэлэхэд гэрээсээ гарахгүй байхыг сануулж байна. Өнөөдөр ХӨСҮТ-д нийт 90 батлагдсан тохиолдол эмчилгээ, үйлчилгээ хийлгэж байгаа бол 175 хүн тандалтад байна” гэлээ. 

 

О.ОНОН

Оллоо.мн 


 

Бусдад түгээх
  • gplus