Тавхан хоног хичээцгээе
Монгол Улс анх удаа хатуу дэглэмд шилжиж байна.  Тодруулбал, Улсын хэмжээнд зарлаад байсан гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ахиулж Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг 2020.11.12-ны өдрийн 06:00 цагаас 2020.11.17-ны өдрийн 06:00 цаг хүртэл тав хоногийн хугацаатай зарлаж, Засгийн газрын тогтоол гарлаа.

Энэ хугацаанд:

-Хүнсний дэлгүүр, супермаркет
 -Хүнсний зах
-Шатахуун түгээгүүр
-Эмийн сан
 -Эмнэлэг
 -Худаг усан хангамж
 -Дулаан хангамж
 -Цахилгаан станц
 -Хэвлэл мэдээлэл
-Харилцаа холбоо
 -Буяны үйл ажиллагаа
-Хот хоорондын хүнсний тээвэрт хязгаарлалт хийхгүй

Өчигдрийн байдлаар коронавирусын халдвар авсан иргэн, түүний гэр бүлийн гурван гишүүн халдвар авсан нь тогтоогдсон. Мөн тэдгээрийн ойрын хавьтал болох 73 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авч байгаа. Тэдний шинжилгээний хариу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагт гарах бөгөөд  дам хавьтлын хүмүүсийг судлан тогтоож, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байгааг албаныхан мэдээлж байгаа.

УОК тав хоногийн хугацаанд халдвар авсан тухайн иргэний ойрын болон дам хавьталын 3500 орчим хүнд шинжилгээ тандалт судалгааг бүрэн хийж, хариу арга хэмжээг авч, тархалтыг бүрэн хянаж чадна хэмээн тооцоолол хийжээ.

Харин одоо иргэн бид халдвар хамгаалалтын зөвлөмжийн чанд сахин, улсаас тогтоосон хэмжээг зөрчихгүй, гэр гэртээ байснаараа өөрсдийгөө болон нийгмээ аюулт цар тахлаас хамгаалах юм.

Энэ бол онцгой нөхцөл байдал. Үндэсний аюулгүй байдал, хувь хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал. Иймээс иргэн бүр хуулиа чанд сахиж, бие биедээ шаардлага тавьж, хүндрэлтэй үеийг хохиролгүй даван туулах үүрэг хүлээж байна.
 

О.ОНОН
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus