Гурван удаа цаазын ял сонсч, долоон жил хилсээр хоригдсон иргэний шаналлыг 18 саяар үнэлдэг Монголын төр

Дэлхийн улс орнууд иргэдийнхээ сэтгэл санааны хохирлыг тооцдог, үнэлдэг болоод бараг хагас зуун жил өнгөрч байна. Энэ утгаараа  Монголд ч хуучин сэдэв биш. Төр, иргэний нийгмийн байгууллагууд сэтгэл санааны хохирлыг тооцох санал санаачилгыг удаа дараа гаргасан ч төрийн чих дүлий, нүд сохор явсаар өнөөг хүрэв. Гэтэл энэ харалган, мэдрэмжгүй, хариуцлагагүй бодлогын үр дүнд гэмгүй иргэд ухамсарт амьдралаараа хохирч үлдэж буй жишээ олон бий. Монгол Улс сэтгэл санааны хохирлыг үнэлэх эрх зүйн орчин, загвар, тооцох аргачлалгүйгээс үүдсэн хор хөнөөлийг харуулсан ганцхан тохиолдлыг дурдъя.

Завханы Эрдэнэ-Очирын гэх “алдартай” кейс бий. Хууль шүүхийн байгууллага хүн амины хэрэгт хөдөөгийн малчин залууг шалгахдаа гурван удаа цаазын ял сонсгож, 6.8 жил гянданд хорьсон байдаг. Харин эцэст нь Монголын төр гэмгүй иргэнээ хилс хэрэгт хэлмэгдүүлснээ хүлээн зөвшөөрч Улсын дээд шүүхээс цагаатгахдаа энэ хугацаанд амссан зовлон шаналлын өмнө ямар хариуцлага хүлээж, хэдэн төгрөгийн нөхөн олговор олгосныг харуулж байна.

Болсон үйл явдлыг сийрүүлбэл,  1995 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын “Бор бэлчир“ гэдэг газарт Д.П бусдад хорлогдож нас барсан гэмт хэрэг гарчээ. Уг хэрэгт Ч.Эрдэнэ-Очирыг сэжиглэж цагдаагийн байгууллага анх 1996 оны нэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн цагдан хорьж шалгасан байна. Завхан аймгийн прокурорын газар Ч.Эрдэнэ-Очирыг иргэн Д.П-гийн амь насыг онц хэрцгийгээр хохироосон гэж үзснийг хавтаст хэрэгт бичсэн байна. Шалгаж эхэлснээс хойш цагдаа, прокурор, шүүхийн байгууллага нийтдээ 6.8 жил, 23 хоног Ч.Эрдэнэ-Очирыг хүн амины ноцтой гэмт хэрэгт холбогдуулан хорьж шалгаад, эцэст нь 2002 оны есдүгээр сарын 25-ны өдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурлын 218 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгож тухайн өдөр нь цагдан хорих байрнаас сулласан байдаг.


Ч.Эрдэнэ-Очирт гурван удаа цаазын ял сонсгож, 6.8 жил гянданд хориод цагаатгасан. Түүнчлэн шүүхээс хоёр удаа 24-25 жилийн хорих ялаар шийтгүүлж байв. Энэ их зовиур шаналал, хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эрүүл мэндэд учирсан хохирлыг мөнгөөр үнэлсэн ХЭҮК-ын төлөөлөн нэхэмжлэлд:

-Мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоход 1.610.625 төг олох байсан. 

-Гэр бүл нь  хэргийн үнэн зөвийг олуулах гэж хөөцөлдөхдөө бүх эд хөрөнгөө үрэн таран хийж замын зардал, өмгөөллийн хөлс, шуудан холбооны зардал, хоол хүнс, эргэлтэд их хэмжээний мөнгө зарцуулсан. Малын  үнэ 9.205.000 төгрөг, тухайн үед олох байсан ашиг шимийн үнэ гээд бүгд  20.988.600 төгрөг

-Завханаас Улаанбаатар хүртэл  1100 гаруй км-ээс ар гэрийнхэн өмгөөлөгч авах, шүүх хуралд оролцох, байцаалт өгөх зэргээр 30 гаруй удаа онгоц, машин, шуудан, хувийн унаагаар Улаанбаатарт ирсний зардал 600.000 төгрөг. 

-Өмгөөлөгчөөр зургаан хүн ажилласан бөгөөд тэдгээрт 1.550.000 төгрөг өгч байсан боловч нэг өмгөөлөгч л 500.000 төгрөг авснаа тодорхойлж өгсөн тул зөвхөн  500.000 төгрөг нэхэмжилсэн. 

-Цаазаар авахуулах ялтай хүмүүсийг тусгаарладаг тусгай өрөөнд 94 хоносны улмаас сэтгэл санаа, эрүүл мэндэд учирсан хохиролд 5.000.000 төгрөг.

-Гянданд 4.2 жил долоо хоног ял эдэлсэн сэтгэл санаа, эрүүл мэндийн хохиролд 16.000.000 төгрөг 

-Нотлогдоогүй, хилс хэрэгт урьдчилан хорих байранд 2.6 жил 16 хоног хоригдсон сэтгэл санаа, эрүүл мэндийн хохиролд 8.000.000 төгрөг 
 

-Сэтгэл санаа, эрүүл мэндэд учирсан үр дагавар, гэм хорын хохиролд 29.000.000 төгрөг гээд бүгд  53.699.225 төгрөг нэхэмжилсэн. 

-Шүүхээс 53.699.225 төгрөгийн нэхэмжлэлээс 18.010.625 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж 35.688.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.


Ч.Эрдэнэ-Очирыг хэрэгт  холбогдуулан шалгаж эхэлснээс хойш цагаатгах хүртэлх хугацаанд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоор урьдчилан хорих байранд 2.6 жил 16 хоног хоригдож, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор гянданд 4.2 жил долоо хоног ял эдэлжээ. Эдгээрээс үзэхэд Ч.Эрдэнэ-Очирт прокурорын байгууллага зургаан удаа Эрүүгийн хуулийн /хуучин/ 86 дугаар зүйлийн 2-ын Е-д зааснаар ял төлөвлөж  цаазаар авах ялтай шүүхэд шилжүүлсэн. Шүүх гурван удаа цаазаар авах ял, нэг удаа 24 жилийн хорих ялаар шийтгэж, нэг удаа шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байжээ.

Гэтэл Ч.Эрдэнэ-Очир хэрэгт холбогдсон үеэсээ л мөрдөн байцаалтын шатанд хүний амь хохироогоогүй гэдгээ тууштай мэдүүлж, өөрийгөө уг хэрэгт хамааралгүй болохыг нотлох үйл явдал, баримтыг тодорхой гаргаж тавьж, боломжтой бүх л арга хэрэгслээр эрхийнхээ төлөө тэмцсэн. Гэвч нотлогдоогүй хэрэгт  шалгагдаж Монгол Улсын нэрийн өмнөөс гурван удаа цаазаар авахуулах ял сонсч, 6.8 жил 23 хоногийн хугацаанд хоригдохдоо амссан шаналал, зовиур, эрүүл мэнд, нэр төрөөрөө хэзээ ч нөхөгдөшгүй хохирсныг энд үгээр илэрхийлэх боломжгүй юм. Мөн амьдрал ахуйгаа өөд нь татаж, хийж бүтээх, ашиг орлого олох ид 35 настайдаа  онц ноцтой хэрэгт хилсээр холбогдож долоон жил шахам хоригдож, тарчилсан хэрэгт төрөөс сэтгэл санааны хохирол гаргуулахаар ХЭҮК-ын гишүүн асан Г.Далайжамц, П.Оюунчимэг нар төлөөлөн нэхэмжлэх гаргасан байдаг. Түүний ар гэр, эхнэр, хүүхэд, эцэг эх, ах дүү нь ч давхар хохирол амссан гэдэг үүднээс ХЭҮК Үндсэн хуульд “… иргэн нь бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй…” болон бусад хууль дүрмийн дагуу  учирсан хохирлыг төрөөс нөхөн төлүүлэхээр өргөдөл гаргажээ. ХЭҮК-ын Төлөөлөн нэхэмжлэлийн өргөдөлд “...Ийм хохирол, дарамт доромжлолыг Ч.Эрдэнэ-Очирын гэр бүл, үр хүүхэд, эцэг эх, ах дүү нар нь нэг адил амссан. Ч.Эрдэнэ-Очир цаазаар авах ялыг “Монгол Улсын нэрийн өмнөөс“ гурван удаа сонсож, энэ ялтайгаар аймшигтай нөхцөлд, түнэр харанхуй өрөөнд дөрвөн мөчөө дөнгөлүүлж, сууж хэвтэх ч эрхгүй, нохой шиг тавагтай угаадас хэлээрээ долоож, цоож хаалга дуугарах тоолонд “За одоо цаазлах нь” гэсэн аймшгийн доор 100 шахам хонож, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор гяндангийн хүнд нөхцөлд хэний ч бараа харахгүйгээр, хэнтэй ч уулзаж ярилцахгүйгээр, хатуу чанга хяналт дор “алуурчин” гэсэн нэртэйгээр 4.2 жил  хоёр сар долоо хоног ял эдэлж, урьдчилан хорих байранд 2.6 жил 16 хоног хоригдсон. Ч.Эрдэнэ-Очирт долоон жил шахам хугацаанд хуулийн байгууллага нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүх л ажиллагааг хийсэн боловч хүний амь нас хохироосныг нотолж чадаагүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389.2.3. дахь заалтын дагуу түүнд учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх үүссэн болно” гэж дурджээ.
 

ХЭҮК-оос Ч.Эрдэнэ-Очирын эдийн бус хохирлыг тухайн үеийн мөнгөний хамгийн бага ханш, зөвхөн нотлох баримтад тулгуурлан 53 сая төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Ингэхдээ Ч.Эрдэнэ-Очир хэрэгт холбогдохоосоо өмнө Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд хувийнхаа малыг маллаж, аж ахуйгаа эрхэлж, эхнэр, хүүхэд, гэр орноо тэжээн тэтгэж байсан. 1996 оны нэгдүгээр сарын 3-ны өдрөөс хэрэгт холбогдон хоригдсоноос хойш Ч.Эрдэнэ-Очирын олж байсан бүх орлого хаагдаж, эхнэр, хоёр хүүхэд нь амьжиргааны эх үүсвэргүй болж, ядууран доройтсон.  Хоригдсон 6.8 жилд олох байсан орлогыг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож загвар гаргасан байдаг. 

Харин Монгол Улсын нэрийн өмнөөс Баянзүрх дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Ё.Цогтзандан дар­галж, шүүгч Д.Төвшин­төр, Д. Чулуунхүү нарын бүрэлдэхүүнтэй хянаад сэт­гэл санааны хохиролд нэхэмжилсэн 53.699.225 төгрөгөөс 18 сая төгрөгийг олгох шийдвэр гаргав.
 

Шүүх хурлын үеэр СЭЗЯ-ны төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжилтэн ажилтай Б.Нямдорж “Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийг Сангийн яамны Төрийн сангийн газарт гэж гаргасан. Төрийн сангийн газарт ажиллаж байгаа ажилчин албан хаагчид төсөвтэй байдаг. Эндээс гаргана гэдэг бол энд ажиллаж байгаа ажилчин, албан хаагчдын төсвөөс гарна гэсэн үг. Энэ нь хууль зөрчиж байгаа явдал юм. Ч.Эрдэнэ-Очир хэрвээ ажиллаж байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 1610000 төгрөг гэснийг зөвшөөрөхгүй. Мөн Эрдэнэ-Очир улсад мал тоолуулаагүй, өмгөөллийн хөлс 500 мянган төгрөг гэсэн нь нотлох баримтын шаардлага хангаагүй, замын зардал гэж 600 мянган төгрөг нэхэмжилсэнд мөн нотлох баримт байхгүй, түүнчлэн эрүүл мэндээр хохирсон зэргээ нотолж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийг төсвөөс нөхөн барагдуулах үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэж хэлж байжээ.

Өөрөөр хэлбэл, шүүх гурван удаа цаазын ял сонсгож, 6.8 жил гянданд хорьсны эцэст цагаатгасан иргэнийхээ шаналлыг 18 сая төгрөгөөр үнэлэх үндэслэлээ “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хэргийн нөхцөл байдал, хоригдсон хугацаа, хоригдсон нөхцөл зэргийг харгалзан сэтгэл санааны хохиролд 16 сая төгрөг гаргах үндэстэй гэж үзэв. Эрүүл мэндийн хувьд ямар хэмжээнд хохирсон талаар нотлох баримт байхтүй тул нэхэмжлэлээс 13 сая төгрөгийг хасах нь зүйтэй. Иймд 53699225 төгрөгийн нэхэмжлэлээс 18010625 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж 35688600 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” хэмээн тайлбарлажээ. Энэ байдал өнөөдөр ч хэвээрээ. Магадгүй улам дордсоныг ч үгүйсгэхгүй. Хууль эрх зүйн орчин бүрхэг, тодорхой загвар тооцоололгүйгээс сэтгэл санааны хохиролтой холбоотой хэргийг манай өнөөгийн практикаар шүүгчийн дотоод итгэл үнэмшлээр шийдэж буй. Гэхдээ цөөн тохиолдолд л сэтгэл санааны хохирол хэмээн маш бага мөнгө олгодог. Ихэнхдээ хэрэг­сэхгүй болгож шийдвэр­лэснийг шүүхийн шийд­вэрээс харж болно. Бусад улс оронд шоронд хилсээр хоригдох нь битгий хэл гар хөлөө гэмтээж, нэр төр нь жаахан сэвтэхэд л улс нь нөхөн төлбөр олгодог байхад манай улсын энэ байдал эмгэнэлтэй биш гэж үү.

Тиймээс энэ мэт гашуун жишээг давтахгүйн тулд нэн тэргүүнд сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцох аргачлалыг боловсруулж, эрх зүйн орчинг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dn 2020-11-17 10:14:30
    Alihgui erh medlee ashiglaad baatar boloh gesen mudakuud suuliin ued ulam l olshirch bndaa. Hergiin talaar setgel gargaj unen zuviig togtooh setgelgui muhar zan...
  • Х 2020-11-14 11:06:12
    95 оны 12 сард гарсан хэрэг л дээ Чойжилжавын Эрдэнэ очир гэж нөхөр хусчихсиымаа
  • Зочин 2020-11-14 06:58:52
    Энэ хэрэгт манай хууль хучний байгууллагууд тэр дундаа анхлан ажилласан цагдаагийн нехдийн хариуцлагагуй ажиллагаанаас болж хэрэг замхарсан даа
  • Зочин 2020-11-12 04:46:58
    6 жил 8 сар гэдгийг 6.8 жил гэж бичиж болохгүй. 1 жилийн 10-ны 8 гэдэг нь 8 сар биш. Жишээ нь: 1.5 жил гэвэл 1 жил 5 сар биш харин 1 жил 6 сар болно.
  • Зочин 2020-11-11 19:12:05
    Шүүгч нар улсын мөнгийг хайрлаад ч байгаа юм шиг мөртлөө алсдаа улсаа хорлосон байна
  • Туяа 2020-11-11 13:50:54
    Bayar, Davaanyam, Bayartsogt, Ganbold, Byambasaikhan nariig shuusen shuugch ene 18 saya tugrug olghoor shiidsen shuugch YO. TSOGTZANDAN munuus mun bn shte!!!
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-11-11 09:50:28
    Хүн алсан, гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгасан цагдаа, хянасан прокорор, шүүсэн шүүгч нарын цалингаас суутгаж хохиролыг барагдуулдаг болья.
  • zochin 2020-11-11 09:04:45
    Za bolioch, zargald, arai denduu , setgel sanaanii hohirol gehed mash hetsuu uneleshgui, nehen telberiig ny nemej olgooch, daranguiliin chin system ajillaj bai...
  • ) 2020-11-11 07:57:51
    Аргачлал, нотлох баримтгүйдээ ч биш, манай шүүгч нарын сэтгэлгээ нь хуучнаараа царцчихсан учраас хүнлэг биш хүний эсрэгкоммунист зангаараа шийдвэрлэдэг хэвээр!!...