ЭМЯ: Ойрын хавьтагч 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан, шинжилгээний хариу 2 цагийн дараа гарна
Улсын Онцгой комиссоос Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Олон улсын ачаа тээврийн жолооч 21 хоногийн тусгаарлалтаас гарсан байх хугацаандаа коронавирусийн халдвартай нь тогтоогдож тусгаарлагдаад байна. Халдвартай нь тогтоогдсон иргэн эхнэр, 1 болон 4 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг ба хашаанд нь ээж, аав хамт амьдардаг байна. Одоогоор дээрх хүмүүс  ХӨСҮТ-д тусгаарлагдаад байгаа аж.
 
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Алтанбулаг боомтоор аравдугаар сарын 14-ны өдөр нэвтэрсэн ачаа тээврийн жолоочоос халдвар илэрсэн. Жолооч хилээр нэвтрэхдээ Сэлэнгэ аймагт шинжилгээ өгөхөд хариу сөрөг гарсан учраас "Энхсаран" сувилалд тусгаарлдсан. Тусгаарлалтын хугацаанд гурван удаа шинжилгээ авахад сөрөг гарсан учраас гэртээ харьсан. ХӨСҮТ-ийн тандалтын албанаас арваннэгдүгээр сарын 10-нд дахин шинжилгээ хийж үзэхэд эхнэр болон жолоочоос халдвар илэрсэн. Тандалтын алба, ЭМЯ-ныхан маань тандалт хийж ойрын хавьтагч 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Хоёр цагийн дараа эхний шинжилгээний хариу гарна. 
Ард иргэд маань үүргээ биелүүлж халдвараас урьдчилан сэргийлэх нь маш чухал байна. Амны хаалтаа зүүх, гараа ариутгах, хоорондын зай барих зэрэг энгийн дэглэмүүдийг маш сайн сахиж чадах юм бол халдварт өвчин тусахгүй байх боломжтой гэдгийг дэлхий нийт нотолсон. Яаралтай биш тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар эрүүл мэндийн байгууллагыг зорихгүй байхыг зөвлөж байна. Зөвлөгөө авахыг хүссэн тохиолдолд 119 тусгай дугаарт хандаж болно. "Ковид-19" халдварын шинж тэмдэг илэрсэн ч тус утсанд хандан чиглэл, зөвлөгөө авах хэрэгтэй" гэлээ.


О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus