''Би зураач, өөр хэн ч биш''

Монголын хөгжмийн театрыг үндэслэгч, анхны дарга, ХХ зууны Монголын онцлох хүн бол Л.Намхайцэрэн.  Тэгвэл ХХI зуунд Л.Намхайцэрэн гуайн амьдралыг хүү Н.Санчир нь бүтээл туурвил, үзэл санаа, өөрийн өвөрмөц ертөнцөөр үргэлжлүүлж байна.   Хүний амьдралын нэгэн тойрогт аав хүү нар адилхан жим гаргаж, бартаа, даваа бүхнийг даван туулж, Монголын урлагийн төлөө, нийгмийн соён гэгээрлийн зүтгэж ирсэн нь сонин хувь тавилан. “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа зураач Н.Санчирыг онцлон, ярилцлаа.

Өөрийгөө олсон  үе минь...

Зураач Н.Санчирын урланд намрын нар нэлээд удаан саатна. Бийр будаг, цаасны үнэр нь нэг л содон.   Сонгодог хөгжим намуухан эгшиглэж, Н.Санчир зураач өтгөн баахуу цай аягална.  Тэрээр цайгаа уунгаа “Би гэрээ урлан болгосон хүн. Энэ л ертөнцдөө амьдарч байна. Гадаа цаг агаар ямар байгаа, нийгэмд ямар асуудал өрнөж байгааг ч анзаарах сөхөөгүй байх юм” гэв. Ингэж хэлэхэд нь надад цагаахан атаархал төрөв.  “Нээрээ хүн өөрийгөө бүхнээс тусгаарлаад, нийгэмд болж буй олон асуудалд стрессдэж бухимдахгүйгээр амьдраад үзвэл ямар байдаг бол” гэсэн сонин бодол төрнө. Гэхдээ зураач биш л бол ингэж амьдрах боломжгүй мэт.  Ийнхүү бодсоор бид хэсэг суугаад дуу хураагчаа асааж, ярилцлагаа эхлүүллээ.  “Таны амьдралын өнгө будгийг тодотгосон ийм л ярилцлага болох юм” гэхэд нэлээд бодож сууснаа зураач маань “Ер нь би нийгмийн захиалгаар л амьдарсан хүн дээ. Зураач болсон минь явцын дунд олж авсан, сонгосон мэргэжил биш. Ерөөсөө л зураач болж төрсөн ухаантай. Үүнээс өөрөөр хоол олж мэдэхгүй. Би зураач, өөр хэн ч биш” гээд шуудхан хариулна.  Тэрээр Монгол аав,  орос ээжтэй.   Орост ээлтэй, Монголдоо элэгтэй ийм л хүн.   Дөрвөн үеэрээ хот бараадаж амьдарсан удамтай.  Багадаа ясли, цэцэрлэгээр хүмүүжиж, аав ээж нь орос сургуульд оруулсан ч нэг их удаагүй гарчээ.  Тэрээр “Би яагаад ч юм орос сургуульд сурах дургүй байсан.  Гуравдугаар ангид байхдаа халзан толгойтой хүнийг дуурайлгаж зураад сургуулийн захиргаанд дуудагдаж явлаа.  Орос багш маань “Энэ манай удирдагчийг доромжилж байна” гэж намайг загнаж байв.   Ер нь тэр үеэс л би өөрийгөө олж, би ямар хувь тавилантай вэ. Ямар хүн бэ гэдгээ мэдэрч эхэлсэн” гэв.  Яагаад ч юм бэ ингэж хэлэхэд нь сэтгэл нэг л сонин болчихов.   Энэ тухай яриаг бид цааш үргэжлүүлсэнгүй, дараагийн сэдэвт орлоо.

Харцаараа удирддаг аавын минь хөрөг

Урлангийнхаа хойморт залсан аавынх нь хөрөг зургийн тухай асуув.  Тэрээр “Энэ зураг урчуудын эвлэлийн хороотой бараг нас чацуу.  Аав минь 1943 онд “Бөмбөгөр” ногоон театрт байхдаа өөрийгөө толинд харж байгаад зурчихсан байдаг.  Аавыгаа бурхан болсны дараа гаргаж ирээд сэргээн засварлаж, өлгөсөн нь энэ. Зарим  хүн хараад амьд хөрөг гэж хэлдэг. Намайг заримдаа харцаараа удирдаад байх шиг санагддаг” гэлээ. Түүний аав Л.Намхайцэрэн нь Монголын анхны зам гүүрийн инженер төдийгүй, урлаг, соёлын салбарт 50 гаруй жил зүтгэсэн алтан үеийн нэрт төлөөлөгч, жазз хөгжмийн оркестрыг үүсгэн байгуулагч, дуурь, бүжгийн театрыг үндэслэгчдийн нэг байв. 1926-1930 онд Германд суралцахаар 30 гаруй хүүхэд мордсоны хамгийн бага нь Л.Намхайцэрэн байсан гэдэг.   Н.Санчир “Аав минь  16 настай буцаж ирсэн.   Монголын нийгэм их хэцүү хүлээж авч байлаа.  Тэндээс ирсэн хүмүүст хараа хяналт тавина.  Ингэхдээ аавд минь машин, сүх өгөөд л  гүүр барь гээд явуулж байв. Тухайн үед цемент байхгүй, төмөр хийцийг бүгдийг гараараа урладаг байсан.   Аав минь 25 жилийн хугацаанд 14 гүүр барьсан. Аль нэг нь үер уснаас болж, хаврын цас хайлахад эвдэрвэл хариуцлага хүлээх ийм л түгшүүртэй нийгэм байлаа” гэв.  Уг нь түүний аав Германд барууны  хэл, сонгодог урлаг, соёлын тухай олон зүйл заалгажээ.  Тэнд байхдаа хийл хөгжим хүртэл тоглож сурсан байна.  Сонгодог хийл заалгасан Монголын анхны хүн гэж хэлж болно.  Гэвч Монголд ирээд хийл тоглох бүү хэл гүүр барьж эхэлсэн гэдэг.  Гэхдээ удалгүй цаг үе өөр болж,  1940 оноос Л.Намхайцэрэн  Улсын цирк байгуулагдахад Монголын анхны Жааз хөгжмийн чуулгад хийл тоглодог болжээ.  Ингэж түүний их урлагийн зам мөр эхэлсэн байдаг. 1940-1947 онд Улсын цирк байгуулагдаж байх үед Л.Намхайцэрэн хөгжимчин хийхийн зэрэгцээ уг байгууламжийн дотор чимэглэлийг хийсэн байна. Түүнчлэн Л.Намхайцэрэн 1948-1950 онд ЗХУ-д Театр урлагийн дээд курст суралцаж төгсөөд, 1947-1984 онд Улсын хөгжмийн драмын театрт зураач, ерөнхий зураачаар ажиллаж байхдаа Б.Дамдинсүрэнгийн “Жаргалын зам”, “Тэмцэл”, П.Чайковскийн “Евгений Онегин”, “Иоланта” зэрэг олон жүжгийн тайз чимэглэл, хувцасны загварыг бүтээсэн байна.   Улмаар Улсын драмын театрын ерөнхий зураач, Улсын Дуурь Бүжгийн Театрын дарга, ерөнхий зураач, Соёлын яамны орлогч сайд зэрэг удирдах албан тушаалын алба хашиж явсан нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн байв. Мөн 1956 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол олгож, “Ойн савдаг”, “Буурал бүсгүй” зэрэг жүжгийн тайз чимэглэлийг бүтээсэн тул 1959 онд Төрийн шагнал хүртээж, Монголын дүрслэх урлагт он удаан жил ажиллаж үнэтэй хувь нэмэр оруулсан тул 1973 онд Ардын зураач цолоор шагнасан билээ.

Дөчин мянгатын анхны оршин суугчид

Аав, охин хоёртойгоо. 1989 он.

Гэр, ажил, хот, тосгон, хөдөө, гадаа, гол ус, модны сүүдэр, хээр тал, ой мод, уул хад гээд Намхайцэрэнгийн урлан хаа сайгүй. Харандаа, бал, фломастер, бийр, шугам, цаас бүгд л ажлын зэмсэг нь. Түүний уран бүтээлийн баатрууд, од онгодуудыг тоолж хайрцаглахын аргагүй. Н.Санчир аавынхаа тухай ингэж зүйрлэжээ.  Мөн тэрээр “Миний мэдэх аав их өөдрөг, хөгжилтэй, бас хааяа дүрсгүй, цоглог, гэгээлэг хүн байсан. Уурлаж байхыг нь хараагүй гэж хэлж болно. Байнга зурж байдаг. Биднийг ч байнга зурж байхыг өөгшүүлдэг. Ажлынх нь ширээн дээр өөрийнх нь эскиз зургаа зурдаг цаас нь байнга бэлэн.  Эргэн тойронд зурах хэрэгсэл ч дүүрэн. Аавын сандал дээр суугаад л тэр цагаан цаасан дээр нь бид эрээчээд хаячихсан байхад уурлахгүй.  Харин ч урам өгдөг байсан болохоор бид ч хайр найргүй л сараачдаг байсан байх. Будаг ханхалсан  “Аавын студи” хамгийн нандин газар байжээ” хэмээн дурсана.  Н.Санчирын ээжийг Лена гэнэ.  Ленагийн аав 1905 онд Оросын хувьсгалын үеэр Сибирьт очжээ. Ээж нь тэнд төрсөн.  Улмаар 1943 онд Улаанбаатарт ирсэн гэдэг. Ээж аав хоёр нь Ленин клубт танилцжээ.  Хожмоо ээж нь Хүн эмнэлгийн сургуульд суралцаж эмч мэргэжил эзэмшсэн.  Тэднийх Дөчин мянгатын анхны оршин суугчид. Тэрээр “Би бусдын л адил гудамжинд тоглож, хотоор тэнүүчилж, үе тэнгийнхээ хөвгүүдтэй нөхөрлөж өссөн. Тухайн үед монголчууд өвөлдөө хотод алба хашаад, зунд нь малаа маллаад хөдөө гарчихдаг байсан юм. Нийслэл хүрээ маань нүдэн дээр л боссон.   Улаанбаатар хот болж хувирахад оросууд бидэнд маш их тусалсан. Тэд газрын гүний шинжилгээний бүхэл бүтэн институт томилж, 1990-ээд он хүртэл энд ажиллуулсан байдаг” гэлээ.

Түүний урлагийн замыг засч, өнгөлж өгсөн он жилүүд

Ийнхүү зураач Н.Санчирын  бага нас бийр будаг, урлаг уран сайхан дунд өнгөрсөн.   Тэрээр багаасаа л уран зурагт хайртай, дуртай байв.  Гэхдээ 1963-1968 онд Чехийн зураг, үйлдвэр урлалын коллежид суралцсан нь түүний урлагийн замыг улам л засч, өнгөлж өгсөн гэхэд болно. Тухайн үедээ л  олон улсад тэргүүн түвшинд нэрлэгддэг багш нараар хичээл заалгаж байснаа Н.Санчир азтай тохиол хэмээдэг. Мөн Чехийн өөрчлөлт шинэчлэлд гар бие оролцож, анхны ерөнхийлөгч Вацлав Гавелийнд хүртэл очиж байжээ.  Тэрээр “Чехүүд боловсролтой, соёлтой, харьцаа нь хүртэл их зөв, хөөрхөн ард түмэн шүү дээ. Тойроод Герман овгийн улсуудын дунд славянчууд гээд их ад үзэгдсэн юм билээ. Дайн дажин үзсэн, капитализмын мөлжлөг гэдгийг мэдчихсэн. Ер нь Чехийн эдийн засгийг босгоход бараг дэлхий бүхэлдээ оролцсон гэж болно. Социалист бусад орныг бодвол Чехэд хөрөнгөтний нийгэм маш сайн хөгжсөн байсан юм. Энэ бүхнээс ойлгосноо л хуваалцдаг, ярилцдаг байсан гэлээ.  Улмаар сургуулиа төгсөөд Прагийн урлагийн академид элсэхээр шалгалт өгсөн ч манайх  Чех рүү явуулсан оюутнуудаа татжээ.  Эх орондоо ирээд тэрээр мөн л аавынхаа амьдралын нэгэн хэсгийг туулж,  Чехийн эсэргүү нэр зүүж явсан гэдэг.  Тэрээр “Чехээс ирсний дараа намайг хөрөнгөтний үзэл суртлаар хүмүүжсэн, абстрактционист гэж нэрлэж байв.  Гэхдээ намайг яаж ч чадаагүй нь сайн аавын буян. Чех бол Европт нэг өөр гараг. Монголд бас огт өөр ертөнц байсан. Би тэнд хүмүүжсэн. Ид бүтээх насандаа хүний урдаас юу ч гэж хэлж мэдэхээр “зэрлэг” нөхөр байсан юм уу даа. Аав минь байсан тулдаа би үлдсэн” гэлээ. Түүнийг Чехээс ирсний дараа Н.Цүлтэм гуай урлаг судлалаар бэлтгэхээр И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академид явуулжээ.    Энэ үед Хөдөлмөрийн баатар, Ардын зураач Андрей Андреевич Мыльниковт зургуудаа үзүүлэхэд “Юугаа хийж өөр ангид сурч байгаа юм бэ. Манай ангид ор” гэснээр тэр багшийн өмч болсон гэдэг.  Тэрээр “Багш бид хоёр сайн ойлголцдог байлаа. Багш надад заахаас илүү миний үгийг сонсох дуртай. Яагаад гэвэл миний Чехэд суралцсан аргачлал дэлхийн урлагийнх. Би тэнд байхдаа орчин үеийн урлагийн том мастеруудтай танилцан, үзэсгэлэнг нь үзэж байсан. Барууны урлаг, миний үзсэн хичээл Орост хориотой, Сальвадор Далигийн номыг манай сургуулийн номын санд орос оюутнуудад үзүүлэхийг зөвшөөрдөггүй байсан тул багшид миний яриа их сонин байж л дээ.  Ингэж бид багш шавь гэхээс илүү нөхөрлөсөн байдаг” гэлээ.  Аргагүй ч үгүй юм.  Тухайн үеийн Чехийн Прага хот  дэлхийн урлагийн төв шахуу газар байжээ.  Тэнд суралцаад ирсэн оюутан  тухайн үеийн оросын урлагийн сургуульд сонин, содон ертөнц байхаас аргагүй санагдана. 

 

“Монгол эр хүн морьтойгоо байж бүтэн болох учиртай”

 

Зураач Н.Санчирын урлангийн цэлийсэн цонхны доор сууж, яриаг нь сонсч эхэлсэн цагаас морь унасан монгол эр хүний зураг  нүдэнд туссаар байв. Сонирхоод асуувал “Монгол хүн морьтойгоо байж бүтэн болох учиртай.   Морьгүй бол өнгө будахгүй зурагтай адил.  Сүүлийн үед энэ л философи надад гүн бат суух болсон.  Тийм ч учраас уран бүтээлдээ монгол эр хүнийг дандаа морьтой нь дүрслэх болсон” гэв.  Бидний ярилцлага түүний үзэл санаа, шашин шүтлэгийн тухай үргэлжилсэн.  Яагаад гэвэл түүний урланд буддын шашинтай холбогдох эд зүйлс олон байв. Тэрээр “Ерөөсөө монгол зураг гэхээр буддын шашинтай холбогддог юм. Хүн хэрэв яагаад гэх асуултыг өөртөө тавьдаг бол бурхны гурван дүр, түүний утга учрыг олно. Би өөрийгөө шүтлэгтэй гэхэд хэцүү, үгүй гэхэд бас хэцүү. Бүгд манайд байсан бурхан. Ааваас минь ирсэн. Бас өөрөө өөрийгөө ялан дийлэх санаатай цуглуулдаг” гэлээ. Мөн ширээн дээр нь байх эрхийг XIV Далай ламын ах найман ринбүчи аравнайлж, түүнд хадаг дээр тавьж өгсөн учраас нандигнадаг байна.   Зураач Н.Санчир 2004 онд Чехийн хааны шилтгээний дэргэдэх Прагийн олон улсын “Миро” галерейд үзэсгэлэн гаргаж байв.  Энэ үеэр Европын урлагийн зөвлөлийн шагналыг түүнд олгож байсан билээ.  1996 онд Улаанбаатарт гаргасан нэгэн үзэсгэлэнд гаднын улсууд ирж, баримтат кино хийгээд явжээ.  Дараа нь Прагийн сонин дээр “1968 онд манай экспортолсон “бараа” Монголд Ардчилсан хувьсгал хийсэн” гэх утгатай мэдээлэл цацагдсан гэнэ. Дараа нь гэнэт ийм шагналтай болсон нь цаагуураа ямар нэгэн байдлаар учир холбоотой байдаг болов уу хэмээн зураач ярина.   Тэрээр 1977- 1989 он хүртэл МУЭ-ийн Монументал тасаг болон уран бүтээлийн ажил хийж байсан. 1990 оноос бие даан уран бүтээлээ туурвиж байна. Тэрээр ийм л өвөрмөц, содон уран бүтээлч. Намхайцэрэнгийн Санчир зураачийн бүтээлүүдийг доктор, профессор Мирослав Кливар “Түүний уран зураг өвөрмөц. Энэ бол хүний анатомийг нарийвчлан дүрсэлдэг сэргэн мандалтын үеийн зураг биш. Харин ёс зүйн бодгальд үзүүлэх хүндэтгэл, бие сэтгэлийг муу бүхнээс цэвэрлэх хүсэл юм” хэмээн үнэлсэн байдаг нь ч үндэслэлтэй биз ээ.

Ийнхүү түүний насаараа амьдарч, урлангаа болгосон арктай шар байшинд  өрнөсөн бидний яриа өндөрлөв.  Тэрээр 1978 онд  эхнэртэйгээ гэрлээд, Лениний музейн хойд талын угсармал байранд хэдэн жил амьдарсан. Дараа нь Арктай шар байшин руу нүүгээд, энэ  хавиасаа ахиж холдоогүй байна. Би үргэлж энд л амьдрахыг хүсдэг байсан  хэмээн тэр ярина.  Тийм ээ... Эрхэм зураач энд чимээгүйхэн уран бүтээлээ туурвисаар байна.  Тэр биднийг инээмсэглэн угтаж, яг л тэр дүр төрхөөрөө инээмсэглэн үдлээ.  Харин түүний амьдралын түүхийг сонссон бид  зураач Н.Санчирын тухай олон бодол, тээсээр... гарч ирлээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2021-04-28 09:30:33
    mundag aaviin goe aviaasnuud baindaa bna, zurgiin uzmeer bna ???, gaviatiin ogoochee ( nudee neegeechee ter soyliin yaam), tand eruul enchiig chusei
  • Zochin 2020-11-09 08:57:17
    Gaviyat tsol ugch bolohoor l hundee.. Hoshin shogiinhny derged urlagyn hun l dee.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах