Д.Нямхүү: Сүүлийн гурав хоногт 12 хүнээс коронавирус илэрсэн

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар мэдээлэл хийлээ. Дэлхий нийтэд 50 сая гаруй хүн коронавирусийн халдвар авсан бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд  411 мянган хүн шинээр халдвар авч, 6 мянга гаруй хүн нас барсан байна.


Манай улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид  арваннэгдүгээр сарын 6,7,8-ны сүүлийн 3 хоногт 1816 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс коронавирус илэрсэн.  Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн таван хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн /31 настай эрэгтэй, 38 настай эмэгтэй, 39 настай эрэгтэй, 48 настай эрэгтэй, 48 настай эмэгтэй/, аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнд илэрсэн 29 настай эрэгтэй, арваннэгдүгээр сарын 7-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочоос илэрсэн ОХУ-ын ирэн 59 настай эрэгтэй. Халдвартай ОХУ-ын иргэнийг 2 тал ярилцаж тохиролцоод нутаг руу нь буцаасан байгаа. Арваннэгдүгээр сарын 8-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн хоёр жолоочоос шинжилгээ авахад коронавирус илэрсэн, 56 настай Беларус улсын иргэн, 52 настай эрэгтэй МУ-ын иргэн. Аравдугаар сарын 17,18-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн гурван жолоочийн давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн. Гурвуулаа Монгол Улсын иргэн 30,31,33 настай эрэгтэй. Халдвар авсан сувилагчтай нэг багт ажиллаж байсан 5 ажилтанг тусгаарлан хянаж байгаа бөгөөд эхний шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй байна. Сайн дурын 56 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор хийсэн 7 хүний шинжилгээ сөрөг гарсан.  Дөрвөн хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжсэн. Энэ нь 36 настай эрэгтэй, 42 настай эрэгтэй ОХУ-ын 2 иргэн, мөн 25 настай эрэгтэй, 19 настай эрэгтэй МУ-ын иргэд байна. Нийт батлагдсан тохиолдол 368 болсон, 317 хүн эдгэрсэн /88.0 хувь/.  Нийт ажиглалт тандалтын хугацаа дууссан 308 хүн, гэрийн ажиглалтад 4 хүн байна. ХӨСҮТ-д 49 хүн эмчилгээнд байна, 41 хүн хөнгөн, 7 хүн хүндэвтэр, 1 хүн хүнд  гэсэн үнэлгээтэй байна" гэв.

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus