АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль шударга, ардчилсан систем ямар байдаг тухай хичээл заав

АНУ-ын Ерөнхий­лөгчийн сонгууль  энэ сарын 3-наас эхэлж, өнгөрсөн бямба гаригт Жо Байден ялалт байгуулснаар өндөрлөв.    Дэлхийн нийт  энэ сонгуульд ач холбогдол өгөх нь тодорхой. Монголчуудын хувьд ч АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч хэн байх вэ гэдэгт анхаарал хандуулж байв.    Мөн сонгуулийн явц, зохион байгуулалт, иргэдийн оролцоо, санал хүлээн авах, тоолох гээд ардчилсан, шударга системд сонгууль хэрхэн явагддаг тухай бидэнд хичээл болох хэмжээний сонгууль боллоо. Монгол Улс 2020 онд парламентын сонгуулиа зохион байгуулсан.  Гэвч сонгууль шударга болсон эсэх маргаан одоо ч үргэлжилж буй.

Хар машины луйвар, санал хуралдаж авах оролдлого, төрийн байгууллагын нэг талыг барьсан шийдвэрүүд,  хууль шүүхийн байгууллагын айлган, сүрдүүлэлт гээд манай  парламентын сонгууль багахан хэмжээний “дайн”-ы хэмжээнд өрнөж дүнгээ танилцуулсан. Дараа нь орон нутгийн сонгууль болоход дахиад л ийм байдал үргэлжлэв.   Тэгвэл дэлхийн тэргүүлэх гүрэн АНУ энэ удаагийн Ерөнхийлөгчийн  сонгуулиараа ардчилсан шударга нийгэмд сонгууль хэрхэн өрнөдөгийг үлгэр жишээ үзүүлэв гэж дүгнэж болохоор байна.  Манайхаас гадна сонгуулийн гажуудсан тогтолцоотой  улс орнууд ч АНУ-ын сонгуулийг хичээл хэмээн хүлээж авах нь зүйтэй.  Ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг тоймлон хүргэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвших явцаасаа эхлээд л ил тод нээлттэй байсан гэхэд болно. АНУ-ын ерөнхийлөгч 538 төлөөлөгчийн үнэмлэхүй олонхийн саналаар сонгогддог. Хамгийн багадаа 270 төлөөлөгчийн санал авсан нэр дэвшигч ялна.  Тэгвэл  Ардчилсан намаар нэр дэвшигч Жо Байден 290 төлөөлөгчийн санал авснаар АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч болов. Байден ялснаар цагаач гэр бүлээс гаралтай Камала Харрис АНУ-ын анхны хар арьст, эмэгтэй дэд ерөнхийлөгч болж байгаагаараа түүхэнд нэрээ үлдээж байна.  Харин түүний өрсөлдөгч Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 214 төлөөлөгчийн санал авсан. Гэвч тэрээр ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй. Хэд хэдэн мужийн саналыг луйвардсан гэж маргаан үүсгэн шүүхэд хандаад байгаа юм. Тэрээр “Ардчилсан намынхны шаардсан шиг Америк иргэн бүрийн саналыг шударгаар тоолох хүртэл би амрахгүй. Хууль ёсны тулаан даваа гаригаас эхэлнэ” хэмээн мэдэгдээд байна. Гэхдээ Өмнөд Солонгос, Франц, Герман, Их Британи, Австрали,Энэтхэг, Япон,Иран,Ирак, Венесуэль гэсэн улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд гэсэн удирдах албан тушаалтнууд Жо Байден, Камала Харрис нарт баяр хүргэсэн нь түүний ялалтыг дэлхий нийт хүлээн зөвшөөрсний баталгаа юм.   Мөн  Сенатын танхимын 51 гишүүн сонгохоос Бүгд найрамдах болон Ардчилсан намаас 48 гишүүн сонгогдож тэнцээд байна. Харин Төлөөлөгчдийн танхимын  435 гишүүний 214 нь Ардчилсан намаас, 198 нь Бүгд найрамдах намаас сонгогдоод байна.

 

АНУ-ын иргэдийн 66 хувь нь саналаа өгчээ

Энэ сарын 3-нд эхэлсэн сонгуулийн дүн дөрвөн өдрийн дараа гарсан нь АНУ нэг иргэний саналд хэрхэн хүндэтгэлтэй ханддагийн илрэл юм. Цар тахалтай холбогдуулан иргэдийн ихэнх нь урьдчилсан саналаа өгөхийн сацуу зарим иргэн шуудангаар саналаа өгсөн билээ. Ийн баасан гаригт зургаан мужийн санал дутуу байсан бол бямба гаригийн орой бүрэн гүйцэд тоолж дуусчээ. Ингэхдээ тус улсын сонгуулийн хороо муж бүрийн иргэд, гадаадад байгаа иргэдээ саналаа өгч дуустал хүлээсэн нь саналын дүнг хойшлуулаад байсан юм. Энэ нь бусад улс оронд улс нь иргэний саналд хэрхэн хүндэтгэлтэй ханддагийг, иргэд нь саналаа ямар нэг зүйлээс үл шалтгаалан өөрийн үзэл баримтлалаар өгдөг гэдгийн нэгэн тод жишээ байв. Түүнчлэн 1900-ээд оноос хойш анх удаа хамгийн олон иргэн саналаа өгснөөрөө онцлог байв. Тодруулбал, 2016 онд иргэдийн  60 хувь нь саналаа өгсөн бол энэ жил 66.4 хувь нь саналаа өгчээ.  Тухайлбал, Жо Байдены төлөө иргэдийн 50.5 хувь буюу 75 сая иргэн, Трампын төлөө 47.7 хувь нь буюу 70 сая иргэн саналаа өгчээ. Өөрөөр хэлбэл, Байден Трампаас таван сая иргэний саналаар илүү байна. 

 

Шүүх Трампын гомдлыг хүлээж авсангүй

Их гүрний энэ сонгууль удаан үргэлжлэхээс гадна сонгуулийн эцсийн дүн гараагүй байхад Д.Трамп санал хураалтыг зогсоохыг шаардаж, шүүхэд гомдол гаргасан гээд зөрчилтэй болж өнгөрсөн. Гэвч  Цагаан ордны тэргүүний гомдлыг шүүх буцааж сонгууль хэвийн үргэлжилж эцсийн дүнгээ гаргасан нь АНУ-ын хууль хяналтын байгууллагынхан шударга ажилласны нэгэн илрэл юм. Тодруулбал, Дональд Трамп Мичиган, Пеннсильваниа, Жоржиа, Невада мужид зөрчил гарсан гэж шүүхэд гомдол гаргаж, Висконсин мужийн саналыг дахин тоолохыг шаардсан юм. Энэ маргаантай холбогдуулан Дээд шүүхэд хандана хэмээн Цагаан ордон баасан гаригт мэдээлсэн. Энэ талаар Трамп “Энэ маргаан магадгүй хамгийн дээд шүүх дээр очиж дуусах байх. Хамтдаа харцгаая. Гэхдээ миний бодлоор санал хулгайлахаас өөр маргаан гарсан тул олон шүүх хурал болох байх” гэж ярьсан юм. Санал хураалтыг зогсоохыг шаардсаны хариуд Невада мужийн сонгуулийн тойргийн бүртгэгч Жо Глориа “Саналын хуудсыг тоолох бидний ажлыг хэн нэгэн зогсоохыг хүлээн зөвшөөрөхгүй. Хууль хүчний байгууллагын албан тушаалтнууд санал хураалтын явцыг газар дээр нь ажиглаж байгаа” гэж мэдэгдсэн юм.

Сонгуулийн өмнөхөн Дээд шүүхийн шүүгч Рут Бэйдер Гинзбург 89 насандаа өвчний улмаас нас барсан учир Дональд Трамп Эми Коней Баррет хэмээх 48 настай хуульч бүсгүйг шүүгчээр томилсон. Ингэснээр АНУ-ын Дээд шүүхэд консерватив үзэлтнүүд 6-3 харьцаатай болсон юм. Гэвч хэн томилсноос үл шалтгаалан хууль шүүхийн байгууллага нь чин шударгаар ажилладагийг Трампын гомдлыг хэд хэдэн удаа буцааж, хэрэгсэхгүй болгосон явдал нотлов. Олон улсын  удирдагчид баяр хүргэхээс гадна хууль, шүүхийн байгууллага нь шударгаар ажилладаг АНУ-ын хувьд Трампын энэ гомдол үр дүнгээ өгөхгүй хэмээн ажиглагчид үзэж байна.

 

Жо Байден: Надад санал өгсөн, өгөөгүй бүх хүний төлөө шаргуу ажиллах болно

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жо Байден ялалтынхаа дараа хэлсэн үгэндээ “Би улс үндэстнээ  Бүгд найрамдах эсвэл Ардчилсан намын муж гэж хуваадаг биш нэгтгэдэг ерөнхийлөгч байхаа амлаж байна. Америкийн дэлхий дахин дахь нэр хүндийг хамгаалж, бүх үндэстнээ эх оронд нь нэгтгэнэ. Трампад саналаа өгсөн хүмүүс сэтгэл дундуур байгааг ойлгож байна. Би хоёр ч сонгуульд ялагдаж байсан. Тиймээс хатуу үг хэлэхээс татгалзаж, бие биедээ боломж олгоё. Бид Америк үндэстэн болохоос дайснууд биш. Тиймээс надад санал өгсөн, өгөөгүй бүх хүний төлөө шаргуу ажиллах болно. Бүгд найрамдах намынхныг хамтран ажиллахыг хүсч байна. Үндэстнээ хөгжүүлэх боломж бидэнд бий. Вирусыг хяналтдаа авч, хөгжил цэцэглэлтийг бий болгох, гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг үндсээр нь устгах, шударга ёсны тогтолцоог бий болгох, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох, шударга ёсыг сэргээж, ардчиллыг  хамгаалж, бүх иргэддээ шударга ёсыг бэлэглэх болно. Өнөө шөнө бүхэл бүтэн дэлхий Америкийг ажиглаж байна. АНУ-ыг боломж гэдэг ганцхан үгээр тодорхойлж болно гэдэгт би үргэлж итгэсээр ирсэн. Америк хүн бүрт мөрөөдлөө биелүүлэх боломжийг бур­хан олгосон. Илүү эрх чөлөө­тэй, илүү бүтээлч, хэзээ ч бууж өгдөггүй Америкийг бүтээе ” хэмээн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должин, Т.Сайхан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • со 2020-11-12 11:51:52
    сонгуулиа хүлээн зөвшөөрөхгүй байх хичээл үү?
  • Gal 2020-11-10 15:36:03
    Трамп худалч, сайхан луйварчин гар. Хятадаас их хэмжээний зээл хувийн компани, хvvхдvvдийхээ нэр дээр авсан нь сонгуулийн омно ил болсноор баяртай болсон доо
    172.69.62.83
    Мэдэгдсэн Хариулах
  • Be 2020-11-10 03:52:33
    Сонгуульд настай хvмvvс болон цэргийн ангийн албан хаагчидыг шуудангын саналаар авсан. Covid нэрвэгдсэн муж улсууд шуудангаар огсон. Биден маш нэр хvндтэй.
    162.158.78.217
    Мэдэгдсэн Хариулах
  • Сагаа 2020-11-09 23:33:34
    Трампын хулхидсан шүү дээ. Өөрийн биеээр биш шуудангаар санал өгнө гэж юу байхав дээ. Үнэхээр их мөнгө хаяж луйвар хийсэн 2 жилийн дараа луйвар нь илэрч
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • мн 2020-11-09 03:16:31
    Трампыг анх сонгуульд өрсөлдөж байхдаа хэлсэн үгэнд их итгэж байлаа. Хойд Солонгосыг тайван орхино, элдэв хоригийг нь цуцалж тайван орхино гэсэн хулхи гар байв
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах