
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар мэдээлэл хийлээ.
Манай улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын авто лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лаборатори, лабораторид арваннэгдүгээр сарын 4,5-ны сүүлийн 2 хоногт 1068 хүнд шинжилгээ хийхэд 4 хүнээс коронавирус илэрсэн. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч 30,48 настай Беларус улсын 2 иргэнээс, аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 настай эрэгтэйгийн давтан шинжилгээнд, коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагчийн хяналтын шинжилгээнээс тус тус коронавирусийн халдвар илэрлээ. Ажиллаж байсан 14 хоногийн хугацаанд тухайн сувилагчаас илэрсэн учир тухайн багийн ажилчдыг хяналтад авсан байгаа. Эмнэлгийн ажилчид 14 хоногийн хугацаанд багаараа ажиллаж дараа нь 14 хоногийн хугацаанд тусгаарлагддаг байгаа. Тандалтын зорилгоор 31 хүнд шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Нийт батлагдсан тохиолдол 356 болсон, 314 хүн эдгэрсэн /89.2 хувь/. Нийт ажиглалт тандалтын хугацаа дууссан 310 хүн, гэрийн ажиглалтад 3 хүн байна. ХӨСҮТ-д 42 хүн эмчилгээнд байна, 37 хүн хөнгөн, 4 хүн хүндэвтэр гэсэн үнэлгээтэй байна" гэв.


С.Тайшир