
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар мэдээлэл хийлээ. Дэлхий нийтэд сүүлийн 24 цагийн хугацаанд 428 мянга гаруй хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн уг өвчний улмаас нас барсан байна.
Манай улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын авто лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лаборатори, Дорнод аймгийн салбар лабораторид арваннэгдүгээр сарын 2,3-ны сүүлийн 2 хоногт шинжилгээ хийхэд 3 хүнээс коронавирус илэрсэн. 2020 оны аравдугаар сарын 20-ны Энэтхэг-Улаанбаатарын нислэгээр ирсэн 2 эрэгтэй хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч ОХУ-ын иргэн, 33 нэстай эрэгтэйгээс мөн илэрсэн. Нэг хүн эдгэрч гарсан. Тандалтын зорилгоор 31 хүнд шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Нийт батлагдсан тохиолдол 352 болсон, 314 хүн эдгэрсэн /89.2 хувь/. Нийт ажиглалт тандалтын хугацаа дууссан 309 хүн, гэрийн ажиглалтад 3 хүн байна. ХӨСҮТ-д 38 хүн эмчилгээнд байна, 30 хүн хөнгөн, 8 хүн хүндэвтэр гэсэн үнэлгээтэй байна" гэв.


С.Тайшир