Монголын эдийн засгийн өнөөгийн загвар зөв үү?

Өнгөрсөн 10 жилийн ДНБ-ний мэдээг Үндэсний статистикийн хорооны 1212.mn хуудаснаас авч судалж үзлээ. Дэлхийд гайхуулсан 17 хувийн өсөлт гаргасан 2011-2012 онд манай үзүүлэлтүүд үнэхээр огцом цойлжээ. Тэр үед Оюу Толгойн бүтээн байгуулалт ид өрнөж, нүүрсний экспорт геометр прогрессоор өсч байсан тул аргагүй. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, төгрөг чангарч, гадаад худалдаа ашигтай байлаа.

Харамсалтай нь түүнээс хойш гайхуулах юмаар маруухан байна. 2019 он хүртэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр ДНБ бараг 2 дахин өссөн боловч төгрөгийн ханш 2 дахин унаж, 1 хүнд ногдох ДНБ ам.доллараар 2720-оос 2240 болж буурчээ. Өөрөөр хэлбэл бидний бүтээмж өссөнгүй, харин буурч. Хүн ам 19.5 хувь өссөн боловч ажиллах хүчний тоо зөвхөн 10.9 хувиар нэмэгдэв. 1 ажилтанд ногдох ДНБ-ний жилийн өсөлт 2015 онд хасах утга авч түүнээс хойш дорвитой өсөлт гаралгүй, тэгийн ойролцоо хэлбэлзэж байна.

 

Тэгэхээр эрхэм эдийн засагчид аа, Монголын одоогийн хөгжлийн загвар бүх нөөц бололцоогоо шавхаад өсөлт хийх чадахгүй зогсонги байдалд орсонг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Efficient Frontier буюу өгөөжийн муруйг өөр түвшинд хүргэх шинэ загвар гаргах ёстой юу? Эсвэл бид нөөц бололцоогоо тултал ашиглах оновчтой загвар гаргаж чадахгүй, будилж яваа юу?

 

Ер нь Монголын эдийн засгийн загвар ямар байх талаар бүгдээрээ хэлэлцүүлэг хийж алсын хараа, дунд хугацааны зорилтоо тодорхойлох ёстой байх. Түүнээс аль нэг улс төрч цоо шинэ төсөл санаачлаад түүнийг нөөцөө шавхан хэрэгжүүлсээр байвал бид том зорилгодоо хүртэл удах биз. Замдаа дефолт болчихгүй бол. Эдийн засгийн хөгжлийг түргэтгэх арга хэрэгслийг олохдоо дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн онол, туршлагаас судалж, өөрийн онцлогыг харгалзан шинжлэх ухаанч шийдэл гаргах учиртай.

Гадаад улс орнуудад эдийн засгийн хөгжлийг дэмжих 3 ‘Пи’-гийн аргыг түгээмэл ашигладаг.

1. Population буюу хүн амын бодлого. Манай хүн ам Ази тивдээ хамгийн залууд орох, жилд 1.9 хувь өсөлттэй давуу талтай боловч нийт хүн амын 38.6 хувийг (1,273,893) ажиллах хүч эзэлдэг, 426,300 хүн тэтгэвэр авдаг, 105.730 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг харамсалтай тоо байна. Ахуйн осол ихтэй, хөдөлмөрийн аюулгүй байдал, авто замын хөдөлгөөний зохицуулалт тааруугаас энэ тоо жил бүр өсдөг. Бид хүн амаа өсгөх бодлогод хэт анхаараад амьдралын чанар, нөхцлийг сайжруулах, ажиллах хүчийг дэмжих, хамгаалах бодлого дутагдаж байгаа нь ажиглагдав.

“Малчин-сонгогчийн хүүхдийг дэмжих бодлого”, гудмаар нэг байх 100 гаруй хувийн дээд сургуулийн үр дүнд хөдөөд эхнэр олдохоо байсан. Байгаа нэг нь 6 настай хүүхдээ аваад хот бараадсан. Хэдэн жилийн дараа төрөлт эрс буурч, салалт нэмэгдвэл битгий гайхаарай. “Дээд боловсролтой” хүн нь мал маллалтай биш дэлгүүрт худалдагч, ресторанд зөөгч хийж, хотод хүнтэй сууж, эсвэл бүүр Солонгос руу гараад явчих байх. Нөгөө талаас ид хөдөлмөрийн насны 120,000 хүн гадаадад хөдөлмөр эрхэлж, зарим нь нутагтаа ирэхгүйгээр суурьшсан. 2010-2012 онд Сү.Батболдын ЗГ-ын хэрэгжүүлсэн ‘Зөгийн Үүр’ хөтөлбөр шиг төсөл хэрэгжүүлж, Монголдоо ирээд амьдрах, бизнес эрхлэх бололцоог нь дэмжихээ байг гэхэд нэмж алдаад баймааргүй байна. Гадаадад гарах хүсэлтэй хүний тоо буурсангүй. Аргагүй ээ, гадаадад хүн цалингаа хүргээд тайван амьдрах боломж хангалттай бий.

2. Productivity буюу бүтээмжийн бодлого. Энэ тал дээр анхаарахгүй бол Монгол улс өрсөлдөх чадвараар дэлхийд 140 орноос 102-д эрэмбэлэгдэж, ам.доллараар илэрхийлсэн бодит цалин 10 жилийн өмнөхөөс буурсан байна. 188,000 буюу ажил хийдэг 7 хүний нэг нь төрд алба хаадаг, татварын мөнгөөр цалинждаг болсон. Бүтцийн өөрчлөлт, цахим шилжилт хийж, үр ашиггүй орон тоог цомхтгож, төсвийн ачааг бууруулах шаардлагатай байна.

Өнгөрсөн 10 жилийн бүтээмжийн өсөлтийг харвал гадаадын шууд хөрөнгө оруулалт цутгаж байсан 2010-2012 онд үнэхээр огцом үсрэлт хийжээ. Тэгэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалт зөвхөн ажлын байр нэмэгдүүлэхээс гадна шинэ техник технологи, ноу-хау нэвтрүүлж бүтээмжийг өсгөдөг байх нь.

Сонирхуулахад: Оюу Толгой төсөл 2019 онд 7200 хүний хөдөлмөрөөр 1,166 сая ам.долларын борлуулалт хийж, 1,185 сая ам.долларын гүний уурхайн бүтээн байгуулалт хийсэн нь 1 хүний бүтээмж 161,000 ам.доллар болж байна. Хэдийгээр ард нь олон мянган ханган нийлүүлэгч байгаа, түүнийг тооцоогүй ч Монгол улсын дунджаас хэдэн арав дахин их.

Улсын төсвөөс хийдэг хөрөнгө оруулалт ихэнх нь халамж, нийгмийн шинж чанартай төсөлд зарцуулагдаж, шинжлэх ухааны судалгаа хийх, шинэ технологи гаргах, бүтээмжийг дээшлүүлэх ажил санхүүжилтгүй орхигдсон гэхэд хилс болохгүй биз ээ. Бид өөрсдийн технологийг гаргахгүй бол бусдаас байнга хараат байж, өндөр үнээр худалдаж авч таарна.

3. Participation буюу оролцоог нэмэгдүүлэх. Монгол улс хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн оролцоо Ази тивдээ дундаж түвшинд байх боловч сүүлийн 10 жилд 65 хувиас 55 хувь болж буурчээ. Төрөлт өндөр учраас гэртээ хүүхэд хардаг ээжүүд нэмэгдсэн боловч тэднийг ажилдаа буцаад орох, гэрээсээ ажиллах бололцоог бид гаргаж өгсөнгүй. Түүнчлэн өндөр настан, хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам, бусад нөхцлийг бүрдүүлж чадвал ажиллах хүчний тоог 5 хувиар нэмэгдүүлэх боломжтой. Технологийн дэвшил, өндөр хурдны сүлжээ ашиглан гэрээсээ ажилладаг операторууд уурхайн хэд хэдэн техникийг зэрэг удирддаг эрин үе ирж байна.

Нөгөө талаас төрөөс 72 төрлийн халамж, үйлчилгээг 800,000 хүн хүртдэг. Олон төрлийн халамжид хамрагдаад сард 1,500,000 төгрөг авдаг хүн байна. (Jargal Defacto)

Халамж ихэссэнээр ажил эрхлэх сонирхол буурах ба ажилгүй иргэд олон байвч барилгын ажилд өдөрт 50,000 төгрөгөөр туслах ажилтан олдохгүй болсон нь харамсалтай. Ажилд орсон ч маргааш нь өөр хүн 55,000 цалин амлавал хаяад явах, самар түүхээр ууланд тэнээд алга болдог олон мянган иргэн бий. Улсаас олгож байгаа хавтгайрсан олон халамжийг цэгцлэхгүйгээр ажил эрхлэлт дорвитой нэмэгдэхгүй юм.

3 'Пи'-гийн бодлогын тухай УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас өөр анхаарч, онолын үндэстэй ярьж байгаа улс төрч харсангүй.

4. Монголын нөхцөлд 4 дэх ‘Пи’ буюу Parity – Тэгш байдлыг хөндөж ярих нь хамгийн чухал гэж үзэж байна. Авлига, төрийн өмчийн хулгайн асуудлыг цэгцлэхгүй бол үндэсний баялаг үр ашиггүй үрэгдэж, хэсэг хүмүүс хөлжөөд нийтээрээ ядууралд өртөх аюултай болчихлоо. УИХ-ын гишүүн, НИХ-ын төлөөлөгч болохын тулд хэдэн тэрбумыг зарцуулдаг болж. Аргагүй л дээ, эрх мэдэлд хүрсэн албан тушаалтан нэг гарын үсэг зураад түүнийгээ хэд нугалаад завшдаг тохиол зөндөө гарлаа. 1 сая төгрөгийн цалинтай төрийн албанд орохоор олон мянгаараа өрсөлдөж, хамгийн өндөр мэдлэг боловсролтой залуус төрийн алба, аль нэг гишүүний туслах болохыг чухалчилж, баялаг бүтээдэг хувийн салбарт ажиллах сонирхолгүй болжээ.

 

Авилга нийгмийн баялагыг сорж байгаа нь хохиролтой боловч түүнийг илрүүлж шийтгэхгүй байгаа шударга бус тогтолцоо хойч үеийн маань ирээдүйг хулгайлж, бодлыг хордуулж байгаа нь илүү хорлонтой!
 

Сүүлийн ‘Пи’ нь эдийн засгийн онолын номонд байхгүй, Монголын нийгэмд тулгарсан бодит асуудалтай хамаатай хувийн үзэл байлаа.
















 
Австралийн үндэсний их сургуулийн магистр
Хөгжлийн эдийн засагч Ц.Лут-Очир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.