RISE: Санаа сэдэл, урам зориг дүүрэн

Нэг долоо хоногт нийт ийм цаг бий. Хангалттай сонсогдож буй ч үнэндээ хэчнээн бага гэдгийг нь шинэхэн оюутнууд өдийд мэдэрч яваа. Цоо шинэ хичээлүүд, янз бүрийн бие даалт, гэрийн даалгавар бол хийх ёстой зүйлсийн ердөө л нэг хэсэг. Танил бус орчинд дасан зохицох, үе тэнгийнхэнтэйгээ дотносохоос эхлээд өөрийгөө ойлгох, замналынхаа суурийг тавих гэхчилэн эргэлзэх, бэргэх үе бишгүй. 

Тэгвэл ХААН Банк Сангаас 3 дахь жилдээ хэрэгжүүлж буй RISE шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр амьдралын гараандаа зэрэгцэн зогсож буй нэгдүгээр дамжааны оюутнуудын итгэлтэй зөвлөх болсныг О.Өгөөмөр-Үжин онцолж байна. Тэр бол RISE-тай хамт оюутны амьдралд хөлөө олж, өсөж хөгжиж буй өнгөрсөн жилийн хөтөлбөрийн 1500 оролцогчийн нэг юм. 

Харин энэ жилийн хөтөлбөрийн нээлт санчир гарагт “White rock” төвд халуун дулаан уур амьсгал дунд өндөрлөлөө. Өндөрлөлөө биш эхэллээ гэх нь зөв ч байж мэднэ. Хөтөлбөрт бүртгүүлсэн 2700 гаруй оюутан хичээлийн жилийн турш академик орчинд хэрхэн арга барилаа олохоос эхлээд хувь хүний чадвар, хувийн санхүүгээ удирдах арга, хотын залуусын соёл, эерэг зөв хандлага, ач тустай дадал хэвшүүлэх хүртэлх бүхий л төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээнд хамрагдах товтой. Тэгэхээр үүнийг уншиж суугаа шинэхэн оюутан та яг одоо бүртгүүлсэн ч хоцрохгүй. Өөрөөр хэлбэл, ХААН Банк Сан RISE шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрөөрөө дамжуулан хичээлийн жилийн турш залуусын урам зоригийг хөглөж, санаа сэдлийг хурцлах юм. (ЭНД дарж бүртгүүлээрэй)

Нээлтийн ёслолд энэ жил их сургуулийн босгоор алхсан 400 оюутан уригдсан бөгөөд “Хэрхэн амжилттай суралцах вэ?” хэлэлцүүлэгт хамрагдаж, хэрхэн хотын догь иргэн байх тухай илтгэлд шимтэж, зайлшгүй мэдвэл зохих цогц мэдээллийн булангуудаар аяллаа. 

Шинэ оюутан болж буй шилжилтийн үед сэтгэлзүйгээ удирдаж сурах, амьдралын зөв дадал суулгах хэчнээн чухлыг “Хэрхэн амжилттай суралцах вэ?” хэлэлцүүлгийн панелист А.Ундрал ахин дахин сануулсан. “Unread Media”-гийн үүсгэн байгуулагчдын нэг тэрээр дижитал медиа салбарт амжилттай ажиллаж буйнхаа нууцыг оюутан байхаасаа хэвшүүлсэн дадал зуршлуудтай холбодог юм билээ. “Мэдлэг мэдээлэл, туршлагаа солилцдог хүмүүсийн хүрээгээ тэлэх дээр сайн анхаарах хэрэгтэй. Өөрт байхгүйгээ бусдаасаа нөхөж чаддаг, урам зориг авдаг, бие биенээ хөглөдөг тэр хүмүүсийг олох нь чухал” гэж тэр сануулж байна. Тэгвэл СЭЗИС-ийн багш Ц.Булган аль болох шинэ зүйлсийг зоригтойгоор туршиж, олон удаа “Үгүй” гэдэг хариулт авах хэрэгтэй гэж зөвлөлөө. Ямар өнцгөөр харахаас шалтгаалаад бүтэлгүйтэл бүхэн үнэтэй хичээл болно шүү дээ.

RISE-ын нээлтийн энэ жилийн зочин илтгэгч нь Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр байв. Магад түүнийг Баатар хотын нэвтэрхий толь гэж нэрлэсэн ч болно. Буйдхан хот маань ердөө 100 гаруйхан жилийн дотор хэрхэн өнөөгийн төрхөө олон сүндэрлэсэн тухай түүний ярьсан түүх шинэхэн оюутнуудад амттай санагдсан нь илт. Өргөө цагаан гэрийн засалтай, чамин байгууламж дотор эрин цагийг түүчээлэх бэлтгэлээ базааж буй охид хөвгүүд RISE-аар цэнэглэгдсэн нь энэ. Нэг зууны өмнө хотын хамгийн сүрлэг барилга болох Өндөр хоршооны урд махан дов дээр элдвийг сониучирхан эргэлдэж асан элэнц хуланцуудын маань сүслэн залбирсан сайн сайхан бүхний биелэл нь тэд биз ээ.







 

Бусдад түгээх
  • gplus