
Энэ хүн бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга. Түүний хувьд жилийн 184 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүд нь 400 сая төгрөг олдог. Гэтэл Дэмбэрэлийн Дэлгэрбаяр нь улсаас эмчилгээнд зарцуулах нэрээр их хэмжээний мөнгө гаргуулан авчээ. Бүр тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын данснаас Д.Дэлгэрбаяр захирлын “эмчилгээний зардал” гэх гүйлгээний утгатай 219 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Жилийн 600 шахам сая төгрөгийн орлоготой тэрбээр ийнхүү улсаас их хэмжээний мөнгө гаргуулан авсан нь анхаарал татна.
Д.Дэлгэрбаяр захирлын хувьд гурван орон сууц, нэг граж, өвөлжөө, хаваржаа, хүлэмжийн зориулалттай хоёр газартай. 276 сая төгрөгийн үнэлгээ бүхий гурван машинтай. Хурдан удмын 150 адуутай гээд түүний хурааж хуримтлуулсан эд хөрөнгө арвин ч ийнхүү улсаас их хэмжээний мөнгө гарган "эмчилгээ хийлгэсэн" байх.
Д.Дэлгэрбаяр захирал нь Орхон өгөөж, Орхон тариа гэх хоёр компанийг 100 хувь эзэмшдэг. Энэ хоёр компани нь гадаад худалдаа, газар тариал, талх нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Хувийн бизнестэй, тэр нь тогтвортой орлоготой, өөрөө төрийн өндөр алба хашдаг, дансандаа хангалттай хуримтлалтай. Гэхдээ эмчилгээний “мөнгөгүй”. Төрийн өндөр албан тушаалтнууд энэ маягаар төрийн мөнгөөр туйлсаар байна.
О.ОНОН
Оллоо.мн