Хувийн тэтгэврийн хуулийг улстөрчдийн сонирхлоор батлах уу

Энэ удаагийн УИХ-ын 62 суудалд  “иргэдээ халамжилна, орлогыг нь нэмэгдүүлнэ, ирээдүйг нь баталгаатай болгоно” гэж амласан Ардын намынхан заларсан.Амласнаа хэрэгжүүлэхгүй гэдгээ намрын чуулганы эхнээс мэдрүүлж эхэллээ. Тухайлбал, УИХ Тэтгэврийн санг өвлүүлэх тухай хуулийн төслийг  унагаав.

Уг нь энэ хууль НДШ төлдөг  бүх хүнд хамаатай. Учир нь тэтгэвэрт гарахгүй хүн,  халамж хэрэггүй ахмад настан гэж байхгүй. Монгол хүний дундаж наслалт, тэр дотроо өрх тэргүүлж яваа эрэгтэйчүүдийн тухайд авч үзвэл  насаараа татвар, шимтгэл төлчихөөд тэтгэвэр ч  авч амжилгүй бурханы орныг зорьж байна гэсэн судалгаа хүртэл гарч байв. Тиймээс тэтгэврийн санг өвлүүлэх асуудлыг олон жил ярьж ирсэн. Харамсалтай нь энэ УИХ унагаалаа.

Тэтгэврийн санг өвлүүлэх тухай хуулийн төслийг унагаасны дараа  Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг гишүүд зөрөөд УИХ-ын босгыг давж орж ирсэн. Тэгвэл гишүүдийн  олонх нь  хуулийн төслийг лоббидох болов. Ардаа аль нэг банк, санхүүгийн байгууллага бүхий гишүүд лобби хийж байгаа нь ч нууц биш юм.

 Ер нь бол   НДШ-ийн мөнгийг төр зохицуулж, банкуудад байршуулж байхдаа санхүүгийн сахилга бат ямар байсныг монголчууд мэднэ. Төр хариуцах юмаа өгч байгаа атлаа Нийгмийн даатгалын сан алдагдалтай гэж тархи угаасаар  ирсэн. Хувийн тэтгэврийн тухай хууль, тэтгэврийн сангийн зохицуулалт хэр сахилга баттай, хариуцлагатай байхыг таашгүй.

Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг харахад түүнийг батлах нь улстөрчдийн хувийн эрх ашигт үйлчлэх болохоос тэтгэвэр авагч иргэдэд ашигтай тусахгүй байж мэдэхээр байна. Тэгээд ч энэ хууль нь  одоо тэтгэвэр авч байгаа хүмүүст  үйлчлэхгүй. Бага тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлэхгүй юм билээ. Үүнийг УИХ-ын гишүүн, НХХ-ийн сайд асан С.Чинзориг чуулганы хуралдаанд хангалттай тайлбарласан ч цөөнх болсон. Тэрээр “Хамтын тэтгэвэр бий болохыг би дэмждэг. Нэмэлт тэтгэврийн тогтолцооны хэлбэрээр байх уу эсвэл албан журмын хуримтлалын сан хэлбэрээр байх уу гээд яам, гишүүн хоёр зарчмын зөрүүтэй концевц оруулж ирсэн байна. Одоогийн байгаа нийгмийн даатгалын сангийн тогтолцоог эвдэх гэсэн, нийгмийн даатгалын сан дээр их ачаалал үүрүүлэх гэсэн тэтгэврийн шинэчлэл нэрээр нийгмийг талцуулж болохгүй. Гэхдээ энэ шинэчлэл, тогтолцоотой холбоотой асуудлыг мэргэжлийн яам, Засгийн газар нь хийх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

 Монгол Улс тэтгэврийн шинэчлэл хийх шаардлага бий юу гэвэл байгаа. Харин шинэчлэлийн далбаан дор дөрвөн  хувийг нь хувийн тэтгэврийн санд шилжүүлнэ гэж хэсэг хүн зүтгэж байгаа болохоос  ямар хэмжээний тэтгэвэр өгөх нь тодорхойгүй байгаа нь асуудалтай. Хэрэв тэтгэврийн даатгалын шимтгэлийн дөрвөн хувийг авна гэвэл жил бүр 350 тэрбумаас доошгүй санхүүжилт шаардана гэсэн үг. Энэ нь шинэчлэл гэхээс  илүү одоогийн тэтгэврийн тогтолцоог эвдэх санал орж ирж байгаа учраас зарим гишүүн болгоомжилж байгаагаа тайлбарлаж байсан. Залуу гишүүдээс Н.Учрал “Өнөөдрийг тогтолцоог эвдэх гэсэн юм үгүй. Иргэдэд ачаалал үүсгэхгүй. Хэрэв хувийн тэтгэвэр төлөхгүй гэвэл 17 хувиа тэтгэврийн сандаа төлөөд явна. Албадаагүй” гэсэн бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Би шинэчлэлийг дэмжиж байгаа ч энэ хувилбарыг эсэргүүцэж байгаа. Жоомоо алах гээд байшингаа шатаахын үлгэрээр ийм аймшигтай дампуурал руу орж болохгүй. Энэ хуулийн төсөлд зардлын тооцоо алга байна.

Нийгмийн даатгалын тогтолцоог засах шаардлагатай. Энэ тогтолцоог татаая унагаая гэж болохгүй. Орлого багатай хүмүүс энэ тогтолцооны гадна хаягдана. Харин хуримтлал  үүсгэх боломжтой хүмүүст энэ ашигтай байж болно” гэсэн.

Эндээс асуудал  ургаж байгаа юм. Б.Энхбаяр гишүүний асуусанчлан “Хувийн тэтгэврийн хуримтлалыг ямар компаниудад өгөх вэ. Нэрийг нь хэлж болох уу. Нэрийг нь сонсвол энэ танхимд сонирхлын зөрчилтэй гишүүн байгаа эсэхийг мэдмээр байна. Ямар шалгуураар энэ компаниудад өгөх вэ. Хэдэн жилийн дараа  хувийн компаниас тэтгэврээ авч эхлэх вэ.  Хувийн тэтгэврийн сан дампуурвал яах вэ. Бид хэд хэдэн банк дампууруулчихсан. НДС-гийн хөрөнгө тэнд байсныг авч чадаагүй тухай одоо ч ярьж байгаа. Хувийн хэдэн компанид 400-500 тэрбум төгрөг өгөх тухай ярьж байна вэ” гэсэн асуултуудад тодорхой  хариулсны дараа Хувийн тэтгэврийн тухай хуулиа батлах эсэхийг УИХ шийдэх биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Олдох


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-11-02 10:18:19
    Одооны хууль чинь хамгийн зөв хууль шүү
    172.69.134.30
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-11-02 04:23:49
    одоо тэтгэвэр авч байгаа хүмүүст ямар ч хамаагүй. хууль батлагдсан ч 20 жилийн дараа л үр ашгаа өгч эхлэх байх. Энэ хууль залуучуудад хэрэгтэй шүү.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах