Төрийн мөнгөөр туйлагсдын цуваа үргэлжилсэн долоо хоног

Эрдэнэт ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн охин Буянжаргалын сургалтын төлбөр 102 сая төгрөг, мөнгөний аяганы урьдчилгаа найман сая төгрөг, массажны сандал 52 сая төгрөг бүгд Эрдэнэт үйлдвэрийн данснаас гарсан гэх Шилэн дансны мэдээлэл баасан гарагт дэлгэгдлээ.

Ийнхүү төрийн өмчит үйлдвэрийн газруудын удирдах албан тушаалтнууд төрийн мөнгийг хэрхэн үрж, завшиж байгаа баримтуудтай нийтэд ил болов. Онцлох гэхээсээ илүү нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн дээрх баримтууд хэрхэн үргэлжилж, цаашид энэ асуудлыг хэн, хэрхэн, яаж шийдвэрлэх вэ гэх асуултад хариулт нэхсэн долоо хоног өнгөрч байна.

Г.Ёндон хариуцлагаас мултарч, Х.Бум-Эрдэнэ ажлаа өглөө

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байгаа Г.Ёндон өмнө нь “Монголросцветмент” төрийн өмчийн үйлдвэрийн газрын орлогч даргаар ажиллаж байхдаа хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг улсын мөнгөөр төлүүлсэн Шилэн дансны мэдээлэл ил болсон. Гэвч сайдаар томилогдохоос өмнөх үйл явдал учир энэ асуудалд хариуцлага хүлээх эзэн Г.Ёндон биш болж, сургалтын төлбөр болох 10 сая төгрөгийн буцаан төлүүлэх чиглэлээр энэ асуудал эцэслэгдэв. Харин 30 сая төгрөгийн иог хийж, өөртөө болон ажилчдадаа 45 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлсэн Хадгаламжийн даатгалын даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлөхөөр болов.

Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хоёр өдөр үргэлжилж, шийдвэрээ гаргалаа. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

1. С.Эрдэнэбатад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг,

2. О.Бархасбадид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйл /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/-ийн 133.1, 251 дүгээр зүйл /Эрүү шүүлт тулгах/-ийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож,

3. С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарыг цагаатгаж,

4. Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн тэдний нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар,

5. Ү.Отгонбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар,

6. Э.Өлзийбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

7. О.Бямбажавт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн МН/272 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, /шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж/ шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.6 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэв.

Хоёр өгүүлбэрээр

-Энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгах шийдвэр гаргалаа.

- Нийслэлийн түүхт 381 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Тус барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын шинэ заан М.Бадарч 8 даван түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэв.

-Монгол Улсад генерал цол бий болсны 76 жилийн ой, “Монгол генералын өдөр”-т зориулсан хүндэтгэлийн ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цэргийн дээд цолыг хүртээв. Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Сүрэнхорлоогийн Дашзэвэг, Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Чимэдгочоогийн Цогтжаргал, Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Нямбуугийн Ганболд нарт Бригадын генерал цол тус тус хүртээв.

О.ОНОН
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.