Урлагаар хүнийг сатааруулах биш ухааруулах ёстой

Энэ удаагийн “Өөр зочин буландаа  Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын  гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ө.Цэрэнчунтыг урилаа.

-Дуурь бүжгийн эрдмийн театрын 58 дахь улирлын нээлтээр та “Хөхөө Намжил” дуурьт гоцлол дуулсан шүү дээ. 

-Манай театрын энэ удаагийн улирлын нээлт  “Учиртай гурван толгой”  дууриар  эхэлсэн. Монгол үндэснийхээ дууриудыг, хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг хүмүүст хүргэхийг зорьж байна. Театр маань баригдаад 70 жил болж байна. Харин “Хөхөө Намжил” дуурь  манай Монголын дуурийн хөгжмийг үндэслэгч хоёр хүний нэг болох  Хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн Монголын үндэсний сэтгэлгээг агуулсан хөгжмийн зохиолтой, мөн Ванган, Чимид гэдэг хоёр хүн цомнолыг нь бичсэн ийм дуурь . Харин үзэгчид маань энэ яг ямар учиртай дуурь вэ. Юуг өгүүлдэг юм. Хэн зохиосон юм, энэ дуурийг үзснээрээ бидэнд ямар ач холбогдолтой юм гэдэг нь илүү сонирхолтой байх болов уу. Миний хувьд дуурийн дуучнаар сураад ажиллаад 17 жил,гадаад, дотоодын театрт дуучин,туслах найруулагч, Монгол Улсын консерваторит дуурийн дуулаачийн багшаар ажиллаж байна.  Тиймээс  ямар ч хөгжмийн хүндрэл, гарсан би түүнийг олж авсан боловсролоороо нөхөөд үүргээ гүйцэтгээд гарна. Учир нь дуурийг ард түмэнд хүргэх ёстой гэсэн үүрэг надад бий.

-Тэгвэл мэргэжлийн хүний хувьд энэ урлаг ард түмэнд яагаад хэрэгтэй гэдгийг хэлээч?

-Нийгэм, хүмүүсийн амьдрал жаахан хэцүү байгаа. Нөхцөл байдал ийм байгаа үед хэн авардаг вэ гэдэг асуулт үүсч байна. Урлаг авардаг. Урлагийг авардаг юм уу гэдэг болтол нь бид хичээж ажиллах ёстой. Харин одоо бол урлагийг хүнийг ухааруулах биш зугаа цэнгэл гэж үзэн ашиглаж байна. Урлаг бол хүнийг сатааруулах биш ухаарал хайрлах ёстой юм. Хүнд эрүүл мэнд чухал шиг соёл урлаг чухал. Энэ нь хэр чухал болохыг ертөнц дахинаа хүмүүс судлаад мэдчихсэн байна.Үүнийг бид  зөв талаас нь ойлгож байвал уран бүтээлч хүний хувьд үүргээ биелүүлэх ёстой. Мөн аливаа улс орныг төлөөлөх урлагийн бүтээл олон хүний бүрэлдэхүүн бодлого дээр явдаг.

-Тэр нь ямар хүмүүс вэ?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр нь гарч дурдагддаггүй тасалбар борлуулдаг касс, үзвэрийн үеэр үйлчилдэг үйлчлэгч, жолооч, зураач, гэрлийн техникч, тайзан дээр болон ард нь дуулан бүжиглэдэг хүмүүс, маркетинг болон удирдах албаныхан. Тиймээс  энэ хүмүүсийн хүч хөдөлмөрийг ард түмэнд мэдрүүлж жаргал эдлүүлэх нь улсын байгууллагад ажиллаж байгаа бидний үүрэг юм. Театрт хүмүүс ирээд соёлт хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлдэг тэр сэтгэлгээгээр амьдралдаа ханддаг болох нь чухал.Тиймээс зөвхөн театртаа ажиллаад цалингаа аваад явах биш. Хувь уран бүтээлчийн зүгээс сонгодог урлагаа телевиз, сониноор сурталчилаад, явах нь бас бидний үүрэг, ажил юм. Эмч хүний эрүүл мэндийн манаа, цэрэг хүн хилээ манах үүрэг шиг урлагийнхан бид хүний оюун ухааныг бохирдлоос аврах үүрэгтэй. Түүнээс биш урлагийн хүн болно гэхээр олны танил болоод гоё хувцас өмсөөд телевизээр дуулаад байх нь гол биш. Амьдрал өөрөө жүжиг. Тэрэн дээр дахин жүжиглээд яах юм. Өнгө, мөнгө, нэр төр хөөсөн хийсвэр амьдрал хэрэг байдаггүй юм гэдгийг багшилдаг хүний хувьд хэлэхийг хүсдэг. Урлаг бол ард түмэнд зориулсан зүйл учраас бид сурч боловсорч, чадвараа дээшлүүлж туршлагажих ёстой.

-Таныг шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа гэж сонссон?

- Монгол хүний зохиосон дуурийн ари, романс, дууг дэлхийн хүмүүс сонсох ёстой гэж боддог.. Тэр бодлынхоо хүрээнд Монгол Улсын есөн Төрийн шагналт хөгжмийн зохиолчийн бүтээсэн дуурийн ари, романс, дуунуудыг цомог болгон гаргаж байна. Нэвтрүүлэг хийнэ. Олон танин мэдэхүйн  шинжтэй бүтээл хийх шаардлага байна. Мөн миний амьдрал, өнгөрсөнд одоо, бодож хийж ирсэн бүх зүйл энэ урлагаар дамжуулж Монгол Улсын иргэнд зөв боловсрол, ойлголт, сайн сайхан бүхнийг хүргэхийг зориж байна. Түүнээс өөр надад чадах ямар ч зүйл байхгүй. Байшин барьж чадахгүй. Чадсан ч би хийхгүй гэж боддог.

-COVID 19 гараагүй бол бусад оронд очиж дуулах, мэргэжлээрээ ажиллах бодол байсан уу?

-Яахав. Гэрээт театрууд гэж бий. Хааяа тэнд очиж дуулах боломж олддог юм. Нэмээд хэлэхэд чин сэтгэлээсээ нэг л юмыг хүсдэг. Соёл, урлаг биднээр дамжаад хүний сэтгэл зүйд тодорхой хэмжээний сатаарал биш, ухаарал болж очоосой. Тэр ухаарлыг авсан ард түмэн маань амгалан сайхан, хөгжиж дэвшээд амьдраасай гэж боддог.

-Өөр мэргэжилтэй болъё гэж бодож байв уу?

-Тэгж бодож байгаагүй юм байна. Би хоёр нас зургаан сартайгаасаа дуулж эхэлсэн. Учир нь миний ээж цэцэрлэгийн багш хүн надад дуулахыг заасан. Түүнээс хойш тасралтгүй тайзан дээр дуулдаг болсон. 17 настайдаа уралдаанд орж түрүүлээд урилгаар СУИС-д орж байсан.Төгсөөд шууд ОХУ руу явсан. Тэндээ төгсөөд  Улаан-Үдийн театрын гоцлол дуучнаар  ажиллаад дараа нь эх орондоо ирээд ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.