Тэгвэл хуулий төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр чуулганы хуралдаанаар шийдвэрлэв. Бүр тодруулбал хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжих, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Ирээдүйд ахмад настан олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл боломжийг бүрдүүлэх, нэг тулгуурт тогтолцооноос олон тулгуурт тогтолцоонд шилжих хүрээнд хувийн тэтгэврийг бий болгох зайлшгүй шаардлага тулгараад буй. Гэхдээ манай улсад хувийн тэтгэврийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаа юм.
Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл нь Монгол Улсад тэтгэврийн олон давхаргат тогтолцоог нэвтрүүлэх хүрээнд ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх хувийн тэтгэврийн эрх зүйн үндсийг бүрдүүлж, Хувийн тэтгэврийн санг бий болгох, шимтгэл төлөгчдийн хуримтлалыг бий болгох, түүгээр хөрөнгө оруулах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах юм байна.
Хуулийн төсөлд нэг хуулийн этгээдийн Хувийн тэтгэврийн санд эзлэх хувь 10-аас хэтрэхгүй байх, Монгол Улс 5-аас илүүгүй хувийн тэтгэврийн сантай байх, нийт тэтгэврийн сангийн 1-ээс илүүгүй хувийг компани, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт хийх эрхийг олгох, хөрөнгө оруулалт хийж буй аж ахуйн нэгжийн 10 хувиас хэтрэхгүй хэмжээнд хөрөнгө оруулалт хийж, Тэтгэврийн сангаас аливаа хэлбэрийн зээл, урамшуулал олгохгүй байх, шимтгэл төлж буй иргэдээс бүрдсэн хяналтын зөвлөлийг ажиллуулах зэргээс гадна компанийн засаглал, хөрөнгө оруулалтын бодлоготой холбоотой зохицуулалтыг тусгайлан оруулсан гэлээ. Хуулийн төслийг баталснаар хамгийн ажлын байрыг олноор бий болгогч компани, аж ахуйн нэгжүүд нэгдэн Хувийн тэтгэврийн сан үүсгэж, ажилчдадаа болон олон нийтийн тэтгэврийн хуримтлалыг үүсгэж эхлэх бөгөөд ирэх 5 жилийн хугацаанд багадаа 300 мянган иргэн хувийн тэтгэврийн хуримтлалтай болох тооцоолол хийжээ.
Одоогийн хуулиар бид нийгмийн даатгалын 24 хувийнхаа 17-г нь Тэтгэврийн даатгалын санд төлдөг. Үүнийх нь 8.5 хувийг нь ажилтан, 8.5 хувийг нь ажил олгогч төлөхөөр зохицуулсан. Тэгвэл энэ хуулийн төслөөр, 17 хувийнхаа 4 хувийг нь Хувийн тэтгэврийн санд төлөхөөр сонголт хийх эрх зүйн боломжийг нээж өгөх юм.
Тодруулбал, сарын нэг сая төгрөгийн цалинтай хүн орлогынхоо 4 хувь буюу 40 мянган төгрөгийн Хувийн тэтгэврийн санд төлнө. Ингэж хуримтлал бүрдүүлснээр, хүүнээс хүү тооцох аргачлалаар хуримтлал нэмэгдэх юм. Жишээлбэл, 800 мянган төгрөгийн цалинтай хүн орлогынхоо 13 хувийг төрийн Тэтгэврийн даатгалын санд төлөөд, 4 хувиа Хувийн тэтгэврийн сандаа өөрийн сонголтоор төлснөөр, 30 жилийн дараа 76 сая 852 мянга 902 төгрөгийн хуримтлал үүснэ. Энэ мөнгөө үр хүүхэддээ өвлүүлэх бололцоог хуулиар нээхээс гадна шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ авах, түүнчлэн орон сууцны урьдчилгаанд өгөх боломжийг нээж өгөх юм. Мөн Хувийн тэтгэврийн сан байгуулснаар, тэтгэвэр нэмэх нөхцөл бүрдэнэ гэдгийг хууль санаачлагчид хэлж байгаа юм.
О.ОНОН
Оллоо.мн