Н.Ууганбаяр: Хөрөнгө оруулагч нэрээр тэрбум төгрөгийн татвараас зугтсан

Гадаадын зарим иргэн хөрөнгө оруулагч нэрээр татвараас зайлсхийж байгаа ноцтой зөрчлүүд шалгалтаар илэрсэн байна. Энэ талаар ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-Өнөөдрийн байдлаар Монголд гадаадын хэдэн иргэн  ажиллаж, амьдарч байна вэ. Тэдэнд хэрхэн хяналт тавьдаг вэ? 

-Монгол Улсад гадаадын 13715 иргэн ажиллаж, амьдарч байна. Цар тахалтай холбоотойгоор гадаадын иргэд Монгол Улсад ажиллаж, амьдрах тоо 40 орчим хувиар буурсан. Гадаадын иргэн харьяатын тухай хуулиар улсын хүн амын гурван хувьтай тэнцэх, нэг улсын иргэд улсын хүн амын нэг хувьтай тэнцэх тооны гадаадын иргэд ажиллаж, амьдрах зохицуулалттай. Өнгөрсөн хугацаанд энэ тоонд хүрч байсан тохиолдол байхгүй.

ГИХГ-аас Монголд ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг тогтмол хийж байна. Шалгалтын хүрээнд хуулийн зөрчил гаргасан иргэдийг албадан гаргаж байгаа. Тухайлбал, энэ оны наймдугаар сарын байдлаар гадаад улсын 127 иргэнийг албадан гаргасан. Хил хаалттай байгаа ч сүүлийн нэг сард таван хүнийг албадан гаргаснаас гадна БНХАУ-тай хэлэлцэж, тохиролцвол гадаадын 48 иргэнийг албадан гаргахад бэлэн болсон.  Мөн удаа дараа дуудахад ирээгүй, албадан гаргахад саад учруулсан гэх шалтгаанаар гадаадын хоёр иргэнийг саатуулсан . Монгол Улсад амьдарч байгаа гадаадын иргэд визний хугацаа хэтэрсэн, визний ангиллыг өөрчилж хөдөлмөр эрхлэх зэрэг хууль бус үйлдлийг их гаргадаг. Шалгалтаар ямар нэгэн бичиг баримтгүй 2004 оноос хойш хууль бусаар ажиллаж, амьдарч байсан Хятадын хоёр иргэнийг, 1996 оноос хойш хууль бусаар, бичиг баримтгүй амьдарч байсан  Югаслав улсын нэг иргэнийг олж, хуулийн дагуу арга хэмжээ авч байна.

-Хил хаалттай үед албадан гаргах ажиллагааг яах вэ?

-Бичиг баримтыг нь хурааж авсан. Дуудсан цагт бэлэн байх ёстой.  Албадан гаргах хүртэл хяналт тавина.

-Урт хугацаанд бичиг баримтгүй, хууль бусаар амьдарч байсан гурван хүний хувьд өнгөрсөн хугацаанд яаж амьдарч байсан бэ?

-Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтын явцад зугатах, бие биенээсээ мэдээлэл аваад нуугдах зэрэг үйлдэл их гаргадаг. Мэдээлэл маш их хурдан тархдаг байдал нь нөлөөлсөн байх.

-Визний ангиллаа өөрчилсөн гэлээ. Тухайлбал, аль улсын иргэнээс ямар зөрчил дутагдал илэрсэн бэ?

- Вьетнам улсын 306 иргэнийг шалгахад 286 нь хөдөлмөр эрхлэх визээр манай улсад амьдарч байсан. Харин 45 иргэн хөрөнгө оруулах визээр ажиллаж амьдарч байсныг илрүүлж, албадан гаргахаар болсон. Хамгийн ноцтой нь оршин суух визийн ангиллыг өөрчлөх замаар ажлын байрны төлбөрөөс төлөхөөс чөлөөлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл, зориулалтын бус буюу хөрөнгө оруулагчийн визээр засварын газар ажиллуулж байсан. Монгол Улсад хөрөнгө оруулагч оршин суухад тодорхой нөхцөлтэй. Тодруулбал, хуулийн дагуу хөрөнгө оруулагч нь тухайн компанийн 25 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг байх, хамгийн багадаа 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байх үндсэн шаардлагатай. Гэвч  Вьетнам улсын 45 иргэн хөрөнгө оруулагч визтэй боловч бодит байдал дээр хөрөнгө оруулаагүй, өөрийн хөрөнгө оруулсан компанийхаа нэрийг ч мэдэхгүй засварын газар ажиллуулж байсан. Гадаад улсаас манай улсад ирж хөдөлмөр эрхэлж буй иргэн сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээний мөнгийг ажлын байрны төлбөрт төлөх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420000 төгрөгийг  хоёр дахин нэмэгдүүлж 840000 төгрөгийг манай улсад ажиллаж, амьдарсан хугацаанд үржүүлэн тооцвол нэг тэрбум төгрөг төлөхөөр байгаа. Ийнхүү ноцтой зөрчил гаргасан 45 хүнээс 32-ынх нь визийг хүчингүй болголоо. Тэднээс хамгийн удаан оршин сууж буй хүн нь манай улсад 2008 онд ирсэн бол бусад нь дунджаар таван жил оршин суусан хүмүүс байгаа юм.

-Тэдгээр иргэдэд ямар арга хэмжээ авах вэ?

-Төлөх ёстой татварыг нь төлүүлж, хууль ёсны хөдөлмөрийн визээр ажиллаж, амьдрах эсвэл албадан гаргах хуулийн дагуу арга хэмжээ авч байна. Мөн Монголд оршин суугаа гадаадын иргэд ГИХГ ажиллаж байсан хүмүүстэй холбоо тогтоож хууль бус үйлдэл гаргах оролдлого их гардаг. Манай байгууллагаас  дотооддоо хяналт, шалгалт хийж,  нэг мэргэжилтэн гадаадын иргэнд Монголд оршин суух хууль бус зөвлөгөө өгч, бусдаас хахуул авахаар төлөвлөсөн байсныг илрүүлж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Хамгийн сүүлд хийсэн шалгалтын үеэр БНХАУ-ын иргэн 3.5 сая төгрөгийн хахуулийг ГИХГ-ын мэргэжилтэнд санал болгож хууль бус зүйл хийхийг оролдсон. Тухайн иргэн өмнө нь өөрийн улсын иргэнийг залилж, ял шийтгэл эдэлж байсан, Монголд оршин суухын тулд бусдад авлига өгөхийг завдаад баригдсан.

-Цар тахлын энэ цаг үед хятад улсын иргэдийг олноор оруулж байгаа гэх шүүмжлэл удаа дараа гарлаа. Үүнд хариулт өгнө үү?

-ГИХГ-аас зориулалтын бус буюу аяллын визээр орж ирээд хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулагчийн визээр орж ирээд хөдөлмөр эрхлэх зэрэг зөрчлүүд гаргахаас урьдчилан сэргийлж, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг тогтмол хийж, виз олгох асуудлыг цэгцлэх, дотооддоо хяналт, шалгалтаа сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Гадаадын иргэдийг Монгол Улсад нэвтрүүлэхдээ хуульд заасан бүх л нөхцөлийг хангасан тохиолдолд оруулж ирдэг. Олон нийтийн сүлжээгээр яригдаж байгаа шиг нэг удаад бөөнөөр нь оруулах боломжүй. Ялангуяа цар тахлын улмаас зөвхөн Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадын иргэдэд ажиллаж, амьдрах зөвшөөрөл олгож байгаа. ГИХГ хуульд заасан үндэслэлээ барьж, ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд хяналтаа тавиад, шалгалтаа хийгээд явж байгаа.

 -Хөрөнгө оруулагчийн визээр хөдөлмөр эрхэлж байсан эдгээр хүмүүст төрийн байгууллагаас л зөвшөөрөл олгосон. Тэгэхээр зөвшөөрөл олгосон байгууллагын хариуцлага яригдах нь?

-Хуулийн дагуу хууль бус гаргалгаа гаргасан гэсэн үг. Хөрөнгө оруулагчид тавигдах тодорхой шаардлагууд бий. Тэд 100 мянган ам.долларын гүйлгээ хийсэн, хуурамч компани байгуулж хувь эзэмшсэн гэсэн бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж, Улсын бүртгэлийн газарт хүргүүлдэг, түүнийг үндэслэж Үндэсний хөрөнгө  оруулалтын газраас дүгнэлтээ манайд ирүүлсний дагуу виз олгодог. Гэхдээ манай дээр хөрөнгө оруулагч мөн эсэхийг ярилцлага хийх, мэдээлэл солилцох байдлаар хянадаг. Энэ хяналтыг бид цаашид илүү их сайжруулах шаардлагатай байгаа. Гадаадын иргэд ч мэдүүлсэн визнийхээ журмын дагуу ажиллах, зорчих ёстой. Цаашид ийм асуудал гаргахгүй.

-ГИХГ-ын хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байх үед зарим гишүүдийн зүгээс 100 айл орчим Чайна таун боллоо гэдэг асуудлыг хөндсөн?

-Шалгалт байнга хийгдэж байгаа ч эрчимтэй, тогтмол явуулна. Яг 100 хувь хятад хороолол болсон зүйл байхгүй. Газар дээр нь очоод шалгалт хийхэд холбогдох зөвшөөрөлтэй, цагаачлан амьдарч байгаа Монголд төрж өссөн хүмүүс байдаг. Тэд хэлний мэдлэг зэргээс шалтгаалж өөрсдийн улсын иргэдтэй хамтран ажиллах, аж ахуй нэгж үүсгэх зэрэг нь гаднаас харахаар нэг улсын олон иргэд байгаа юм шиг харагддаг. Бидний хувьд гадаадын иргэдэд зөвхөн монгол хүнтэй хамтар гэсэн шаардлага тавих эрх зүйн зохицуулалтгүй. Визний зөрчилтэй эсэх, хуулийн дагуу ажиллаж, амьдарч байгаа  эсэх, явуулж байгаа үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд эсэхэд байнгын хяналтаа тавиад явж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-10-30 05:33:37
    Murun gj darga ni yu hiij baiin be
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-10-29 23:42:24
    Хятөдын иргэд ямар биз аваад орж ирж Хятад машины сэлбэг,,дугуйн худалдаа ихээр хийж байна. Тэд голдуу 5шараас. 22 товчоо хүртэл байна. Тэд наоыг шалгаачээ ?...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • ?!? 2020-10-29 02:54:35
    ГИХГ болон Татварын алба урьд нь юугаа хийж байсан юм бэ?? Цаг цагт хяналт тавиад байвал хэн ч татвараас зайлж чадахгүй шүү дээ!!!
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах