Хууль зүйн салбарын 16 төсөл, арга хэмжээнд  28.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөжээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны  (2020.10.28) хуралдаа 11 цаг 23 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

    Хуралдаанаар эхлээд “Эрх зүйн дүгнэлт гаргах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Эрх зүйн дүгнэлт гаргах журмыг Хууль зүйн байнгын хороо батална” гэж заасан. Мөн хуулийн “Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хуульд тусгайлан заасан бусад асуудал хэлэлцэх” гэсэн 93 дугаар зүйлийн 93.1-т “Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль тогтоомжид заасан болон хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа зохион байгуулалтын шинжтэй асуудлын талаар хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан саналаа ирүүлсэн бол холбогдох Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна” гэж, 93.3-т “Нэгдсэн хуралдаан шаардлагатай гэж үзвэл уг асуудлыг дахин хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороонд буцааж болно” гэж тус тус заасан байдаг.


    Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.23-т “өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцэж байгаа эсэх талаар эрх зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах”-аар заасан байдаг. Уг дүгнэлтийг гаргах журам, эрх зүйн дүгнэлт гаргах хугацаа, холбогдох Байнгын хороонд танилцуулах зэрэг зохицуулалтын үндсийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлээр тогтоосон юм. Хуулийн дээрх зохицуулалтаар эрх зүйн дүгнэлт гаргах журмыг Хууль зүйн байнгын хороо батлахаар заасныг үндэслэн төслийг боловсруулжээ.
    Эрх зүйн дүгнэлтийг хууль дээдлэх, хараат бус зарчмыг гарган баримтална. Эрх зүйн дүгнэлтийн хүрээ, хязгаарыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь заалтыг баримтлан аливаа төсөл Үндсэн хууль болон бусад хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд нийцэж буй эсэх; төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт нь өөр хоорондоо зөрчилдсөн эсэх; хууль, тогтоолын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төсөлд хууль хоорондын нийцлийг хангуулахад шаардлагатай бүх хууль, тогтоол, тэдгээрийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг хамааруулсан эсэх; тухайн төсөл, эсхүл түүний зарим зүйл, хэсэг, заалтын харилцан уялдааг хангасан эсэх, тэдгээрт зохицуулалт хийх боломжтой эсэх; анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн зарчмын зөрүүтэй санал нь өөр хоорондоо, тухайн төслийн зүйл, хэсэг, заалттай, эсхүл бусад хуультай зөрчилдсөн эсэх зэрэг таван тохиолдолд эрх зүйн дүгнэлт гаргахаар төсөлд тусгажээ. Холбогдох Байнгын хороо эрх зүйн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэхдээ тухайн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэхээр төсөлд тусгасан бөгөөд шаардлагатай гэж үзвэл Улсын Их Хурлын гишүүн эсвэл ажлын хэсэг, эрх зүйн дүгнэлт гаргуулах саналаа урьдчилан Байнгын хороонд хүргүүлсэн байхаар журмын  төсөлд тусгажээ. Тухайн Байнгын хороо эрх зүйн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн бол Байнгын хорооны дарга энэ талаарх албан бичгийг Тамгын газарт хүргүүлэх юм байна. Тамгын газар эрх зүйн дүгнэлтийг ажлын 7-14 хоногийн дотор гаргаж, албажуулан, холбогдох Байнгын хороонд хүргүүлэх, Хууль эрх зүйн газрын дарга эрх зүйн дүгнэлтийг холбогдох Байнгын хороонд хэлэлцүүлж, Байнгын хорооны хуралдаанд тарааж, цахим мэдээллийн систем, MyParl систем, Улсын Их Хурлын цахим сайт parliament.mn сайтад тус тус оруулж, хуулийн хувийн хэрэгт хавсаргахаар Байнгын хорооны төсөлд тусгажээ.


    Байнгын хорооны даргын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ж.Сүхбаатар, Н.Алтанхуяг, Б.Энх-Амгалан, Д.Ганбат, Ш.Раднаасэд, Б.Энхбаяр нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэн саналуудаа танилцууллаа. Ингээд ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналуудыг төсөлд тусгахыг анхаарч, хэлэлцүүлгийг хойшлуулах горимын саналаар санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон 17 гишүүний 12 нь дэмжсэн тул төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.


    Дараа нь Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн  хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх багц арга хэмжээний үр дүнд нэмэгдсэн төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлого хэрэгжүүлэх, өрийг оновчтой удирдах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлогын арга хэмжээг 2021 оны төсвийн төсөлд тусгасан байна. Энэхүү төсөлд хууль зүйн салбарт хэрэгжүүлэх хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэл, гудамж, талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах зорилгоор 140 хүүхдийн байцаагч ажиллуулах зардлыг суулгажээ. Түүнчлэн дэвшилтэт технологи бүхий камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон шүүхийн шинжилгээний дэвшилтэт технологи нэвтрүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах, шүүхийн шинжилгээний байгууллагын бие даасан хараат бус байдлыг хангаж, чадавхийг сайжруулах, улсын бүртгэлийн цахим үйлчилгээг нэгдсэн стандартад оруулах, газар үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн бүртгэл, үнэлгээ, төлбөр, татвар, биржийн системийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, оюуны өмчийн шинэчилсэн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг тус тус тусгасан гэв. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хууль зүйн салбарт  нийт 67.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 16 төсөл арга хэмжээнд 28.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн байна. Үүнд хорихоос өөр төрлийн ял эдлэх, гэрийн хорионд байгаа иргэдийн цахим хянагч, улсын бүртгэлийн архив, үйлчилгээний цогцолбор, улсын хил хамгаалалтын зориулалтын инженерийн байгууламжийг шинэчлэх, хил хамгаалах байгууллагуудын их засвар, цагдаагийн хэлтсийн барилга зэрэг обьектууд, хөрөнгө оруулалтуудыг тусгажээ. Мөн АТГ, шүүх, прокурорын байгууллагуудын тоног төхөөрөмжийн шинэчлэл, их засвар зэрэг 13 төсөл арга хэмжээнд 30.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа гэв.  


    Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцууллаа. Төсвийн төсөлд тус Байнгын хороонд харъяалагддаг төсвийн ерөнхийлөн захирагчдын 2020 оны төсвөөс нэмэгдүүлсэн зардлын талаар танилцуулсан. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн төсөлд нийт зарлага ба цэвэр зээлийг 607.9 тэрбум төгрөг байхаар өргөн барьсан нь 2020 оны тодотгосон төсвөөс 2.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 67.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 16 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 28.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Шинээр хэрэгжих 12.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 4.5 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 5 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангасан байна.
    Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны нийт зарлага ба цэвэр зээлийг 5.2 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн 2020 оны тодотгосон төсвөөс 513.7 сая төгрөгөөр өссөн нь тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлсэнтэй холбоотой байна.
    Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн төслийн нийт зарлага ба цэвэр зээлийг 61.3 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн байна. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 2 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 4.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Шинээр хэрэгжих 2.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй их засвар хийх, 2.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөж, бүрэн санхүүжүүлэхээр тусгажээ.
    Улсын Ерөнхий прокурорын 2021 оны нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 78.2 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн байна. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 41.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 9 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 25.5 тэрбум төгрөг олгохоор төсөвлөсөн нь өмнөх оноос 18.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 28.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 5 төсөл, арга хэмжээг 13.8 тэрбум, шинээр 13.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 4 төсөл, арга хэмжээг 11.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ.


    Хүний эрхийн үндэсний комиссын урсгал зардал нийт дүнгээрээ 2020 оны тодотгосон төсөвт тусгагдсан урсгал зардлаас 84.9 сая төгрөгөөр буурсан байна. Урсгал зардлыг ангилал тус бүрээр нь авч үзэхэд анхаарал татахуйц буюу төсөвт нөлөөлөхүйц дүнгээр өссөн зардал байхгүй байна. ТЕЗ-ийн төсвийн саналыг Сангийн яам танаж, УИХ-д өргөн мэдүүлсэн харагдаж байна.
    Авлигатай тэмцэх газрын даргын 2021 оны нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 29.8 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн байна. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 250.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй их засвар хийх, 900.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тоног төхөөрөмж худалдан авах 2 төсөл, арга хэмжээний санхүүжилтийг бүрэн олгохоор төсөвлөжээ.
    Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын даргын 2021 оны төсвийн зардлыг 5.4 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн байна. Төсвийн төсөлд хилсээр хэлмэгдсэн иргэдэд олгох тэтгэмжийг өмнөх оноос 48.9 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. 
    Нэгдсэн төсвийн төсөлд дараах дүгнэлтийг өгчээ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нийгмийн халамжийн болон хөрөнгө оруулалтын зардлын дүнг өөрчилсөн боловч орлого, зарлага, алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй тооцсон байна. Цаашид жилийн төсвийн төслийг боловсруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд бүрэн нийцүүлж байх нь зүйтэй байна.
Төсвийн байгууллагын сургалт семинар, хурал зөвлөгөөн, гадаад дотоод албан томилолтыг цахимаар зохион байгуулан, төрөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олголт, халамжийн цахим системийг бий болгож зардлыг бууруулах боломжтой байна.
Төсвийн төсөлд хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх зарим барилга, байгууламжийн зураг төсвийг батлуулаагүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй тусгасан нь төсөл, арга хэмжээний гүйцэтгэл удаашрах, төсөвт өртөг нэмэгдэх, үр ашиг буурах, хуулийн хэрэгжилт хангагдахгүй байгааг анхаарч, төсвийн төлөвлөлтийн хариуцлагын талаарх эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай байна.
    Дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд хэрэгжих 2021 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ач холбогдол, зориулалт, хэрэгцээ, шаардлагаар нь эрэмбэлэн санхүүжүүлэх асуудлыг журамлан зохицуулах нь зүйтэй гэж дүгнэлтэд дурджээ.


    Төслийн талаарх Сангийн сайдын танилцуулга болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, С.Одонтуяа, Ж.Сүхбаатар, Н.Алтанхуяг, С.Бямбацогт нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй саналын 2 томъёоллыг гишүүд гаргаж, нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ийнхүү Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.


    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр өнөөдрийн хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцууллаа. Нэр дэвшигч Цэндийн Цогт нь 1975 онд Архангай аймагт төрсөн. 45 настай, ам бүл 2. 1983-1993 онд Архангай аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургууль, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 2006-2007 онд АНУ-ын хууль зүйн Вилламетте их сургуульд хууль зүйн ухааны магистр, 2014-2017 онд Япон Улсын Нагояагийн их сургуульд Хууль зүйн ухааны доктор цол тус тус хамгаалсан. Тэрбээр 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслахаар, 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгчээр, 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр, 2013 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Мөн 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш, 2007-2016 онд тавин хувийн багш, 2018-2019 онд цагийн багш, 2019 оны 09 дүгээр сараас Нийтийн эрх зүйн тэнхимийн гэрээт дэд профессороор тус тус ажиллаж байгаа гэв. Нэр дэвшигч Ц.Цогт нь Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхий мэргэжлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 88.64 оноо авсан байна.


    Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Сүхдоржийн Батхүлэг нь 1978 онд Ховд аймагт төрсөн, 42 настай, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. 1986-1996 онд Сэлэнгэ аймгийн 4 дүгээр 10 жилийн дунд сургууль, 1997-2002 онд ОХУ-ын Кубанийн Их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 2012-2013 онд Австрали улсын Квисландийн төв их сургуульд менежментээр мастер, 2005 онд ОХУ-ын Краснодар хотын Их сургуульд Хууль зүйн ухааны доктор цол тус тус хамгаалсан. 2002-2005 онд Мандваа ХХК төслийн менежер, 2006.01-2006.03 сард Улс төрийн боловсролын академид судлаач багш, 2006-2011сард Голомт банк ХХК-ийн Хуулийн хэлтэст хуульч, Хуулийн хэлтсийн захиралаар, 2013-2015 сард Голомт банкны Удирдлагын ажлын албаны зөвлөхөөр, 2015 сараас одоог хүртэл Өмгөөллийн Санхүүгийн Хуулийн Зөвлөх ХХН-д хуульч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Нэр дэвшигч С.Батхүлэг нь Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхий мэргэжлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 78.36 оноо авсан байна.


    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Д.Ганбат, Н.Алтанхуяг, Х.Нямбаатар, Б.Энхбаяр, Ш.Адьшаа нар үг хэлж, байр сууриа илэрхийлэн, нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан юм. Хуралдааны явцад гишүүдээс гаргасан саналаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгыг хойшлуулахаар санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Хуралдааны төгсгөлд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэнгээр ахлуулан байгуулахаар шийдвэрлэсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-10-29 10:25:57
    Сонгон шалгаруулалтаар Ц.Цогт шүүгч онооны дарааллаар 2-т орсон. 1-т орсон Ж.Оюунтунгалаг шүүгчийг хасаад бага оноо авсан Батхүлэгийг Дээд шүүх рүү зүтгүүлдийн...
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах