О.Тэгшгэрэл:  MNB World сувгийг хаах асуудлыг би, байгууллагадаа сэтгэл дундуур бусад сувгийн уран бүтээлчид ч шийдэхгүй
MNB WORLD  сувгийн захирал О.Тэгшгэрэлтэй ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. МҮОНРТ дээр үүсээд байсан нөхцөл байдал болон MNB World  сувгийн талаар ярилцах урилгыг хүлээн авсанд баярлалаа.


  -За баярлалаа. Манай байгууллага дээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өөрийн мэдэх хэмжээнд хариулахыг хичээнэ ээ.

 -Та өөрийгөө танилцуулаач?

 -Намайг Оюунтогтохын Тэгшгэрэл гэдэг. МҮОНРТ-ийн хамт олны нэг эд эс болоод гурав дахь жилдээ ажиллаж байна. Өмнө нь төрийн болон төрийн бус байгууллагууд, гадаадын  хөрөнгө оруулалттай компаниуд, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан. Ажлын гараагаа эхлүүлснээс хойш 27 жилийн хугацаа өнгөрчээ. Одоогоор англи хэлээр хөтөлбөрөө бэлтгэн хүргэдэг MNB World сувгийн захирлаар ажиллаж байна.

-Танай телевизэд уран бүтээлчид, ажиллагсдын цалинг хассанаас улбаалсан тэмцэл өрнөөд байгаа тухай хэвлэлийн бага хурлын лайв нийгмийн цахим сүлжээгээр цацагдаад байна.  Энэ нь ганц цалин хөлсний асуудал биш гэж ойлгогдож байна. Жишээлбэл олон суваг нээж, уран бүтээлчдийн ачаалал нэмэгдсэн тухай асуудал ч хөндөгдөж байна. Үүнд MNB WORLD сувгийн тухай ч яригдаж байгаа тул энэ талаар байр сууриа илэрхийлж, ер нь энэ суваг анх яаж байгуулагдсан талаар манай уншигчдад товчхон танилцуулаач?  
 
-2017 оны 4 дүгээр сард англи хэлний сувгийг байгуулах төслийг хариуцан ажиллах саналыг хүлээн авсан. Энэхүү төсөл нь Монгол Улсын хэмжээнд анх удаа хийгдэх гэж буй учраас миний биед ахадсан ажил санагдаад татгалзсан. Энэ хугацаанд төслийг хариуцан ажиллах хүмүүсийг эрж хайж байсан. Ингээд наймдугаар сарын 14-ны өдрөөс энэ байгууллагад ажиллаж эхэлсэн. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 3.3-т зааснаар МҮОНРТ гадаадын сонсогч, үзэгчдэд зориулсан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг эрхэлж, Монгол Улсын гадаад, дотоод бодлогын талаар мэдээлэх, Монгол орныг дэлхий дахинд сурталчлах, таниулах чиглэлийн хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэж түгээх хуулиар хүлээсэн үүргийн дагуу үе үеийн захирлууд энэхүү сувгийг байгуулах санал санаачлага гаргаж байсан юм байна лээ. Төслийг хэрэгжүүлэх зоригтой шийдвэрийг одоогийн МУ-ын сайд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий захирал Л.Нинжжамц нар гаргаж Үндэсний зөвлөлийн гишүүд дэмжсэн юм. Ажлаа хүлээж аваад төслийн танилцуулга, баримт бичгийг боловсруулахаас эхэлсэн. Төслийн цар хүрээг зөвхөн MNB-гээр хязгаарлагдах ёсгүй, үндэсний хэмжээний томоохон төсөл хэмээн тодорхойлсон.

Яг энэ үед Монгол Улсын гадаад сурталчилгааны чиглэлээр ажиллах Брендингийн зөвлөл Ерөнхий сайдын дэргэд таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтайгаар байгуулагдан, анхны судалгааны танилцуулгаа ГХЯ-нд эрдэмтэн судлаачдад танилцуулах гэж байсан. Энэ боломжийг ашиглан MNB World  төслийн анхны танилцуулгыг есдүгээр сарын 4-ний өдөр  уригдсан эрхэм зочдод төдийгүй гадаад бодлого, сурталчилгааны толгой байгууллагынхаа сайдад ч танилцуулаад авсан. Үүний дараа урлаг уран сайхан, улс төр, гадаад харилцааны сор болсон төлөөллүүдийг МҮОНТ-ийн “Цаг үе үзэл бодол” нэвтрүүлэгт урьж, тус сувгийг байгуулах нь зөв буруу эсэх талаар хэлэлцүүлэг өрнүүлэн, санал бодлыг нь хичээнгүйлэн сонсоод хичнээн хариуцлагатай, хэрэгцээтэй төсөл болохыг бүр ч илүү ойлгож авсан. Пуужин хөөргөхөд дүрэлзсэн улаан гал байдаг даа. Тэр галыг дээрээс нь биш дороос нь өрддөг. Тэгэхээр төслийг хэрэгжүүлэхэд хамт олон, хүмүүс л хамгийн чухал санагдсан. Ингээд MNB  хэмээх их айлын телевиз, радиогийн сувгуудын нийтийн хуралд анхны ажилтантайгаа хоёулаа зогсож байгаад юу төлөвлөж, хэрхэн харж байгаа тухайгаа танилцуулга хийж, бодож санаж байгаагаа өөрийнхөө хэмжээнд л тайлбарласан.

Энэхүү хурлын дараа олон хүн амжилт хүсч, баяр хүргэхэд сувгаа нээчихсэн мэт нэг урт амьсгаа авч сэтгэл бүр шулуудсан. Телевиз дотор хийх уулзалтуудынхаа хуваарийг гаргаж, УГЗ Ш.Ёолк, УГЗ  Г.Золжаргал нараас эхлээд олон хүний мэдлэг туршлага, санал санаачлагыг төсөлдөө шингээн ажилласан. Тухайн үеийн Засгийн газар, УИХ-ын гишүүд МҮОНТ-ийн MNB World, MNB Спорт сувгийг нээхэд 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлсэн. Английн BBC World сувгийг анх нээж байсан хэвлэл мэдээллийн зөвлөхүүд, MNB World төслийн баримт бичигт үнэлгээ хийлгээд, бэлтгэл ажил хангагдсан, боломжтой гэж үзсэн. Яриад байвал дуусахгүй, хүндрэл бэрхшээл саад маш их тулгарч байсан ч боломжиндоо шийдлүүдээ гарган бага багаар урагшилсаар байсан. Ингэж л Монгол Улсын анхны англи хэлний суваг нээгдсэн дээ.
 
-Хамт олноо хэрхэн бүрдүүлсэн бэ?


-Төслийн багт ажиллах санал телевизийн уран бүтээлчдэд нээлттэй байсан. Хувь хүмүүстэй уулзан төслийн багт ажиллаач хэмээн урьсан боловч Монголын дуу хоолой радиогийн сэтгүүлч Э.Эрдэнэсувд л энэ саналыг хүлээн авсан. Хүмүүст хэл усны бэрхшээл байсан тул дотоод нөөцөөс бүрдүүлж чадаагүй. Ингээд нээлттэй ажлын байруудыг зарлан Хүний нөөцийн  MSDI-Pro компанитай хамтран ажиллаж, маш олон цагийг ажлын ярилцлагад зарцуулсан. Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу МҮОНТ-ийн Алтан сан хөмрөг, Архивт хадгалагдаж буй нэвтрүүлэг контентийг орчуулан нөөц бүрдүүлэх зорилгоор анхны дөрвөн орчуулагчаа 2017 оны төгсгөлд ажилд авсан. Хэвлэл мэдээллийн салбарт мэргэшсэн сайн сэтгүүлчид байдаг боловч англи хэлтэй  мэргэжлийн сэтгүүлчийг телевизийн цалингаар олж авах нь далайгаас сувд шүүрэхтэй адил бэрхшээлтэй байсан тул англи хэлтэй залуусыг шат дараалалтайгаар авч төслийн багийг бүрдүүлсэн. Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран олон тооны сургалтыг зохион байгуулж, сэтгүүлчдээ өөрсдөө бэлдсэн. MNB WORLD сувгийн хамт олон шинэ залуу уран бүтээлчдээс бүрдсэн гэж ойлгож болно.

- Гэтэл одоо яагаад энэ сувгийг хаах асуудал яригдсан бэ. Суваг нээснээр бусад уран бүтээлчдэд ямар нэг сөрөг үр дагавар үүссэн үү. Монгол Улсыг гадаад ертөнцөд сурталчлах, бодлогоор гаргаж ирсэн сувгаа яагаад хаах тухай асуудал хамт олны зөвлөлийн зүгээс яригдах болов?

- 2020 онд дэлхий нийтийг хамраад байгаа цар тахал улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, Сангийн яамнаас олгогдох байсан 5,2 тэрбум төгрөгийн төсвийн дэмжлэг өөрөөр хэлбэл энд ажиллаж буй бүх хүмүүсийн 6,7,8,9,10,11,12 саруудын цалин улсын төсвийн тодотголоор хасагдсан. Үнэхээр итгэхэд бэрх, энэ бол цалин. Ингээд ямар ч тайлбаргүй хасчихаж болдог л юм байх даа гэж их гайхсан. Захирлуудын зөвлөлийн гишүүд холбогдох газруудад хандаж, төсөв мөнгөө олж авах гэж их явсаан. Нааштай хариу сонсч, итгэсээр байсан. Энэ хугацаанд 3-6 сар хүртэлх сул зогсолтын цалингаас хуримтлагдсан нөөцөөс 9 сар хүртэлх цалингаа тавьсан. Харамсалтай нь есдүгээр сард үндсэн цалин дээр нэмэлтээр олгогддог ажлын гүйцэтгэлийн 20 хувийг хасахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Хүмүүсээ цомхотгох уу? Сувгуудыг хэсэгчлэн хаах уу?  гэх мэт олон хувилбарыг  Захирлуудын зөвлөлийн гишүүд  хэлэлцээд, нэг ч хүнийг халахгүй байх шийдвэрт хүрсэн нь хамт олны эсэргүүцэлтэй тулгарсан. Нийтийн хурал дээр олон сувгийн асуудал дурдагдаж, шинэ сувгууд хэрэггүй, урд нь олон тооны хүн ажиллаж, сайн уран бүтээл хийдэг байсан, одоо хүч тарамдаж байна.

Зөвхөн үндэсний телевиз, радиогийн 1 суваг байхад хангалттай гэж хэлэхийг сонсоод манай хамт олон үнэндээ цочирдсон. Цалин мөнгө хасагдсанаас илүүтэйгээр нэгэн дээвэр дор багтаж байж чи үхэхээр би үх гэж байгаа сэтгэгдэл төрснөө нуулгүй ярилцсан. Алдаа оноо, бухимдал гомдол дагуулсан асуудлууд мэдээж байгаа. Бүтэн хоёр жил зүтгэсний эцэст хаах тухай  үг сонсоход миний хувьд сайхан санагдаагүй.

Бусад уран бүтээлчдэд манай сувгаас үүдэлтэй ачаалал үүсээгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна. Гэхдээ инженер, техникийн ажилтнуудын хувьд мэдээж ачаалал ирж байгаа. Энэ шаардлагын дагуу ч орон тоог нэмсэн байх. Сувгийнхаа зорилго ач холбогдлыг ухамсарлаж, өөрсдийн итгэл үнэмшилдээ тууштай байж цомхон буюу 34 хүний бүрэлдэхүүнтэйгээр үр бүтээл өндөртэй ажиллаж байгаа MNB World  сувгийн хамт олны урам зоригийг мохоосон үйлдэл байсан. Хүнээр ярьвал манай суваг хөлд орж буй хоёр настай хүүхдээс ялгаагүй. Цөөхүүлээ гэж гомдоллосонгүй, бэрхшээл байлаа гээд шалтгаан тоочсонгүй зөвхөн шийдэл гаргаж өдий хүрч буй энэ үед нь түлхээд унагахгүй байгаасай. Үнэндээ би энэ байгууллагад олон жил ажиллаагүй болохоор хамт олны зүгээс гарч буй ажлын байрны дарамт шахалт болон бусад асуудлыг бусдын адил сайн мэдэхгүй байж магадгүй юм. Гэхдээ манай сувгийн хувьд ийм асуудал байгаа эсэхийг энд ажиллаж буй хүмүүсээс санал асуулга, судалгаа авч үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй. Техник дутах үе бол байдаг. Үеийн үед байсаар ирсэн асуудал юм билээ.

Энэ Захирлын зөвлөлийн багт ажиллахад хугацаанд мөн ч их техник хэрэгслийн асуудлыг шийдэж байхыг мэдэх юм. MNB World сувгийг хаах асуудлыг би шийдэхгүй, байгууллагадаа сэтгэл дундуур байгаа бусад сувгийн уран бүтээлчид ч шийдэгдэхгүй байх гэж бодож байна. Сувгийн хэрэгцээ шаардлагыг гадаад сурталчилгааны чиглэлээр ажилладаг бүх байгууллагууд, аялал жуулчлалын холбоодууд, англи хэлийг шамдан суралцаж байгаа хүүхэд залуучууд өөр юу байдаг юм тэр бүх газруудаас санал асуух хэрэгтэй байх. Хаагдах нь битгий Монголыг дэлхийд таниулах нөгөө талаас дэлхийг монголд хандуулдаг чухал суваг болж хөгжих ёстой. Төр засгийн зүгээс хөрөнгө санхүүгээр хангаж, МОНЦАМЭ Агентлаг, Монголын дуу хоолой радиотой нэгдэн Монгол Улсын гадаад бодлогыг нэгэн цонхоор харуулах зорилго бүхий мэдээллийн томоохон платформ болох ёстой яг гэж хардаг. Энэ бол мэдээж өргөн цар хүрээ бүхий томоохон ажил. Цаг хугацаа, мөнгө санхүү, бодлого төлөвлөлт, тоног төхөөрөмж хүний нөөц гээд олон чухал хүчин зүйлүүд байгаа. Гэхдээ эхлэл бол амжилтын тавин хувь нь гэж ярилцдаг.

Эхлэлийг бид тэгээс эхэлсэн, эдүгээ эфирээ таслалгүй хоёр жилийн хугацааг үдэж. Манай улс өмнө нь англи хэлээр цацагддаг телевизийн суваг байгуулж байсан туршлага байгаагүй. Тэр утгаараа бүх зүйл манай баг хамт олонд шинэ байсан. Алдаа оноотой ч гэсэн анхны алхмыг хийж, шинэ зам мөр гаргаад явж байна. MNB-д анх орж ирэхдээ ямар том барилга вэ гэж гайхаж байсан. Балгас болсон нэгээхэн хэсгийг хуваарилуулж аваад, шилэн өрөөнд өөрийнхөө лаптопийг өвөр дээрээ тавьчихаад, ганц пиавар цэнхэр сандалтай, нэг их том даалгавар авчихаад ганцаархнаа шөнө дөл болтол сууж байсныг мэдэх хүмүүс нь мэднэ.

Гэхдээ хэнд ч гомдоллож байгаагүй. Бэрхийг туулахгүйгээр тэсвэр тэвчээр хатуужлыг суралцахгүй. Илбийн юм шиг бүх зүйлийг бий болгочихно гэж би итгэдэггүй.  Энэ сувгийг удирдаж байгаагийн хувьд, цаасан дээрх санааг төсөл болгон хэрэгжүүлж босгож ирсэн эрүүл сэтгэлгээтэй багийнхаа залуучуудыг төлөөлж, MNB World суваг хэрэггүй гэсэн хандлага гарч байгаад харамсаж буйгаа зориуд хэлмээр байна.

- Таныг өндөр цалинтай гэх мэдээлэл сошиал орчинд гарсан. Таны цалин шулуухан хэлхийн бол нэгэнтээ энэ ил болчихсон юм чинь та задлаад та манай уншигчдад хэлээд өгөөч?

- Цалин хөлсний асуудал бол хувь хүний нууц байдаг. Энэ асуултанд хариулахгүй ч байх эрх нь надад бий. Гэхдээ нэгэнт ийм байдал үүссэн тул нууж хаах зүйл алга. Хөдөлмөрийн хууль болон МҮОНРТ-ийн хөдөлмөрийн дотоод журмын зүйл заалтад заасны дагуу ажил олгогч иргэний өндөр ур чадварыг хөлслөн авч ажилуулах үед байгуулдаг контрактын гэрээгээр ажилладаг. Миний сарын цалин 2,5 сая төгрөг, ур чадварын нэмэгдэл болон ажлын гүйцэтгэлийн 20 хувийн нэмэгдэл авч түүнээс татвар даатгалаа төлдөг.

Гэхдээ цахим сүлжээнд, гар дээр авч буй цалин мэт ойлгуулж байгаа нь харамсалтай байна. Хуулиар хамгаалагдсан хувийн нууцад ингэж халдаж байгааг анх удаа үзлээ. Би, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын, Gloucestershire Их Сургуульд суралцаж, магистерийн зэрэг хамгаалсан, 27 жилийн ажлын туршлагатай учир энэ төслийг хариуцан ажиллах ажлын санал тавьсан байх. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, олон улсын байгууллагын ресепшний цалин хэд байгаа билээ.Энэ сувгийг байгуулахдаа хичнээн сайхан залуусыг ажилд авч сургаж, зааж байгаад одоо л нэг гараас гарлаа гэх үед өөр байгууллагаас өндөр цалин амлаад шүүрээд авдаг. Тийм учраас MNB World  сувгийн цалин хөлсний асуудлыг удаа дараа хөндөж ирсэн. Бид телевизийн цалингийн шатлалаар англи хэлтэй залуусыг ажиллуулах боломж бүрдэхгүй байсан учир 2019 онд цалин, урамшууллаа тогтоолгосон. Манай сувгийн уран бүтээлчид, англи хэлээр нэвтрүүлэг контентоо бэлтгэж байна. Хүн бүр сүлжээний нэвтрүүлэгтэй, дээр нь мэдээ сурвалжлагандаа ч явдаг. Бид сар бүр хийх ажлаа төлөвлөж, хүрсэн үр дүнгээ тооцдог. Энд дэл сул завтай нэг ч хүн байдаггүй. Өнөөгийн залуучууд маш хурдтай, үр бүтээлтэй ажилладаг болсон, тэдний хөдөлмөрийг, ур чадварыг зохих ёсоор үнэлэх ёстой. Тэглээ гээд хэт өндөр цалин өгөөд байсан зүйл бас байхгүй. Англи хэлээр мэдээ мэдээлэл, хөтөлбөрөө явуулдаг сувгийн ажилтануудын цалин өнөөдөр ч хангалтгүй байна.

Хувийн мэдээллээ нуулгүй, илэн далангүй байсанд баярлалаа. Би одоо таныг болон англи хэлний сувгийн талаар илүү сайн тод ойлгож байна. МҮОНРТ дээр болж буй үйл явдлыг түр орхиод хүн бүхэнд гэгээлэг мөрөөдөл байдаг шиг MNB WORLD сувгийн хамт олны мөрөөдлийг сонсоё?

-Энэ бол миний, эсвэл манай хамт олны мөрөөдөл гэхээсээ илүү Монгол Улсыг таниулахад зайлшгүй шаардлагатай байгаа дэлхийн нийт рүү хүрэх гарц гэж итгэдэг.  Улс орноо сурталчлах маш олон арга хэмжээнд хөрөнгө мөнгө ч их зарж байна. Харамсалтай нь нүдэнд харагдахуйц гарч байгаа үр дүн алга байна. Аялал жуулчлалын салбарт ажиллаж байхдаа, олон улсын аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнгүүдэд оролцож байсан. Аялалын салбарт хүч үзэж буй хэдэн компаниуд багахан хэмжээний дэмжлэг аваад бор зүрхээрээ зүтгэдэг. Гэвч үзэсгэлэн гарч буй хэдхэн хоногт өөр хоорондоо ижил төстэй аялалын бүтээгдэхүүнээ танилцуулах гэж мэрийдэг. Гэтэл гадаад сурталчилгаа байнгын тогтмол явагдаж байх ёстой.

Нэг удаагийн үзэсгэлэн, нэг удаагийн урлагийн тоглолт зэргээр хязгаарлагдаж болохгүй.Тэгэхээр MNB World сувгийн хувьд өдөр тутам, МУ-д болж буй үйл явдлыг шуурхай мэдээлж, үндэсний өв соёл, ёс заншил түүхийн контентууд түүнчлэн өнөөгийн монголын хөгжил дэвшил, урлаг соёл, залуучуудын амьдралын хэв маяг, нүүдэлчин ахуйг харуулсан олон контентийг дижитал пламформоор дамжуулан гадаадын үзэгчдэдээ хүргэж байна.Тогтмол үздэг үзэгчид маань бидэнтэй эргэх холбоо сайтайн дээр олон зүйлийн талаар тодруулан асууж, монголд аялах хүслээ ч илэрхийлдэг. Энэ мэтчилэн яриад байвал гадаад орчинд MNB World  сувгийн нэр хүнд үнэхээр өсч байна. Сувгийг хаалаа гэж бодоход энэ олон гадаадын үзэгчид, Элчин сайдын яамд, монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, манай сувгийг үзэж англи хэлээ сайжруулж урам зориг авдаг, захиа талархал илгээдэг хүүхэд залуус, бидэнтэй хамтран ажилладаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад юу гэж тайлбарлах вэ. Телевизийн уран бүтээлчид эсэргүүцээд хаасан гэж хэлэх үү? Хуумгай хандах асуудал мөн үү? Өөрийнхөө амрыг бодвол өнөөдөр ч ноосоо тушаагаад явчихмаар.

Гэтэл энэ сувгийн ирээдүйд итгэж, унаж босохдоо мөр зэрэгцэн зүтгэсэн хамт олноо зүгээр хаяад явах уу? Энэ дашрамд хэлэхэд одоо болтол гаргасан шийдвэртээ үнэнч хандаж байгаа Ерөнхий захиралдаа баярлаж байна.Хоёр том хөршийн дунд оршдог, газарзүйн байршил геополитикийн хувьд хязгаарлагдмал, далайд гарцгүй манай улсын хувьд дэлхий нийтийн хэлээр ярьдаг сувагтай байх нь чухал байх.Саяхан гэхэд бид Парламентын сонгуулийн үйл ажиллагаа, дэлхийд нэрээ дуурсгасан The Hu  хамтлагийн тоглолтыг англи хэлээр шууд дамжуулан хүргэлээ. Түүнчлэн Үндэсний их баяр наадмаа гурав дахь жилдээ шууд дамжуулаа.Үүний цаана МУ-ын гадаад сурталчилгаа, зөөлөн хүчний бодлого, аялал жуулчлалын хөгжлийг дэмжих үр нөлөө гээд улс орны хэмжээний олон чухал асуудал байгааг тунгаан бодох байх гэж найдаж байна.Бид өнөөдөр үндэсний телевиз дотроо MNB World сувгийг хаах уу үгүй юу гэдэг асуудал биш. Бидний өрсөлдөгчид олон улсын зах зээл дээр байгаа учраас харин ч ганц МҮОНРТ болон түүний уран бүтээлчид биш өөр арилжааны болон хувийн телевизүүд, ФМ радио, зохиолч, эрдэмтэн судлаачид энэ бүх хүмүүстэй улам нягт хамтран ажиллах хэрэгтэй байна. Өөрсдөө контент бэлдээд дамжуулах биш бусад  телевизийн хийсэн Монголын онцлог сайн сайхныг харуулсан контентуудыг худалдан авч байх шаардлагатай байна.

Манай байгууллагад үүссэн нөхцөл байдал MNB World сувгийн хамт олны урмыг бүү хугалаасай, манай хамт олон сувгаа тогтвортой хөгжүүлэхийн төлөө нэгэн сэтгэлээр зүтгэнэ гэдэгт би итгэж байгаа. Өнөөдөр би энд байсан байгаагүй үрийг нь суулгаад соёолчихсон цэцэг шиг энэ сувгийнхаа ирээдүйг ямагт сайхнаар төсөөлдөг.Хүнд хэцүү гэж шантралгүй, хамтдаа зүтгэсэн багийнхандаа, өдий хүртэл дэмжиж ирсэн телевизийн уран бүтээлчдэдээ баярлалаа.  
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-10-26 04:18:18
    хаах гэхээсээ өмнө хичээгээд дэмжээд үзэх хэрэгтэй л дээ, монгол улсад хэрэгтэй болохоос энэ эмэгтэйд хэрэгтэй биш шүү дээ, мундаг л бүсгүй байна шдээ,
  • сэгэл 2020-10-26 03:42:04
    ийм олиггүй сувгийг даруй хаагаад энэ балай авгайг хөөгөөд явуулаарай
  • nnn 2020-10-26 03:19:59
    MNB world ni mongoliin tsgaar ajillaad baidag. Yadaj 2 oos 3 n tsagiin buseer gardag bol..
  • үзэгч 2020-10-26 02:40:19
    үзэлтийн тоо хангалтгүй бол тарахаас яахавдээ.
  •  2020-10-26 01:46:02
    дэлхийд нэвт гарах нэвтрүүлэг гарахгүй л байгаа биз дээ. Дэлхийн түүхийг монгол судлаачидтай нь хамт гаргавал Хятадын гуйвуулсан түүхийн мэдлэг хүчгүй болж ирнэ...