
Цар тахлаас үүдэн нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргасан. Үүнээс үүдэн Цагаан сар, Наурызын баяр, Хүүхдийн баяр, Улсын баяр наадмаар олгох ёстой байсан шагнал гардуулах ёслол хийгдээгүй билээ. Харин хөл хорионы дэглэм суларсан учир энэ жил олгох ёстой байсан төрийн дээд цол, одон, медалийг долоо хоногийн эхэнд гардууллаа.
Ийнхүү төрийн дээд одон медалийг чемодан чемоданаар олгож, Төрийн ордон, төв талбай хөл хөдөлгөөн ихтэй байна. Их хотын гудамжаар зөрсөн хүн бүр “Алтангадас одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-ийг энгэртээ гялалзуулчихсан явна гэвэл дэгсдүүлж хэлсэн болохгүй. Ерөнхийлөгчийн зарлигаар олгогддог “Алтангадас одон”, Хөдөлмөрийн хүндэт медаль” хамгийн хавтгайрсан шагналуудыг тэргүүлдэг. Энэ удаад ч уламжлал тасарсангүй.
Ийнхүү шагнагдаж байгаа хүмүүс дотроос үнэхээр хөдөлмөр гавъяа зүтгэлээ үнэлүүлж байгаа нэгэн байхад хаана юу хийж байсан нь тодорхой бус яагаад энэ шагналыг авч байгаа нь олон. Үүнээс үүдэн Ерөнхийлөгчийн зарлигаар олгогддог шагналууд хүнээ олж байна уу? Хийсэн бүтээсэн нь бус танил талтай, хөрөнгө мөнгөтэй нэгний энгэрт “Алтан гадас”, “Хөдөлмөрийн хүндэт медаль” гялалздаг уу гэх шүүмжлэл цахим орчинд өрнөж байна.
Тэгвэл хуулийн дагуу дээрх шагналууд жилд хэд олгогдож, хэнд очих ёстой байдаг вэ?
8 дугаар зүйл. Төрийн дээд шагналын тоо
8.1. Төрийн дээд шагналыг дор дурдсан хязгаарын дотор олгоно. Үүнд:
8.1.1.Монгол Улсын баатар цолыг 5 жилд нэг удаа, нэг хүртэл хүнд;
8.1.2.Улсын эрдэнэ цолыг 3 жилд нэг удаа, нэг хүртэл хүнд;
8.1.3.Чингис хаан одонг жилд нэг удаа, нэг хүртэл хүнд;
8.1.4.Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цолыг жилд 50 хүртэл хүнд;
8.1.5.Эрдэнийн очир одонг жилд 100 хүртэл хүнд;
8.1.6.Алтан гадас одонг жилд 1000 хүртэл хүнд;
8.1.7.Цэргийн гавьяа одонг жилд 500 хүртэл хүнд;
14 дугаар зүйл. Алтан гадас одон
14.1.Алтан гадас одонгоор дор дурдсан шалгуур хангасан этгээдийг шагнаж, одонг үнэмлэхийн хамт гардуулна:
14.1.1.Иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, авьяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарын үйл ажиллагаанд гавьяа байгуулсан;
14.1.2. Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хуулийн засаглал, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үйл хэрэгт гавьяа байгуулсан;
17 дугаар зүйл. Хөдөлмөрийн хүндэт медаль
17.1.Хөдөлмөрийн хүндэт медалиар дор дурдсан шалгуур хангасан иргэнийг шагнаж, уг медалийг үнэмлэхийн хамт гардуулна:
17.1.1.Иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, авьяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, нийгэм соёл, боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн бусад салбарын үйл ажиллагаанд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан;
17.1.2. Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хуулийн засаглал, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх болон гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, хууль сахиулах үйл хэрэгт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан;
О.ОНОН
Оллоо.мн