Шинжлэх ухаан, технологи, инновацийн төвийн кластерийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

Шинжлэх ухаан, технологи инновацийн төвийн кластерийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолд 2020/10/02/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монголын эрдэмтэн судлаачдын төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцлоо.

Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл энэ бүтээн байгуулалт бол манай улсын шинжлэх ухааны салбарын хувьд 1921 онд Судар бичгийн хүрээлэн, 1961 онд Шинжлэх ухааны академи байгуулагдсны дараа орох түүхэн үйл явдал болж байна гэж нээлтийн үгэндээ онцоллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шинжлэх ухаанд тулгуурласан төрийн бодлоготой байж улс орон хөгжинө гэж Засгийн газар үзэж байна. 2021 онд Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага байгуулагдсны 100 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. Тэгш ойн босгон дээр түүхэн том бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Энэ ажилд Засгийн газраас 94,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ” гэдгээ ёслолд оролцох үеэрээ хэлсэн юм.

2019 онд болсон Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлаас гаргасан бодлого, шийдвэр, 2020-2024 онд хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт шинжлэх ухааны судалгаа хөгжүүлэлтийн одоогийн түвшинг ахиулах, үр дүнг нэмэгдүүлэх, улс орны хөгжлийг хурдасгахад шинжлэх ухааны үр өгөөж, ач холбогдлыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийг дэмжих, судалгааны ажил, инновацийн үйл ажиллагааг дэмжиж, гарааны компаниудыг олноор бий болгох зорилгоор энэхүү бүтээн байгуулалтын ажил эхэлж байна.

Шинжлэх ухаан, инновацийн төвийн кластер нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 4,8 га талбайд баригдах ба 74,300 м2 ашиглалтын талбай бүхий үндсэн 7 хэсэг барилга, байгууламжаас бүрдэх юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах 94,0 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий уг цогцолборыг 2022 онд ашиглалтад оруулах бөгөөд гүйцэтгэгчээр барилга угсралтын “Нутгийн буян” ХХК ажиллаж байна.

Цогцолборын барилгад олон улсын стандартад нийцсэн нээлттэй, салбарын дундын нэгдсэн, төрөлжсөн лабораториуд, жишиг үйлдвэрлэлийн цех, оффис, номын сан, хурлын заал, спорт заал, олдвор, дээж хадгалах агуулах, палеонтологи, археологи, одон орон судлалын музей зэргийг байрлах бөгөөд Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүд болон бусад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын 3300 орчим эрдэмтэн судлаач, албан хаагчид ажиллах хүчин чадалтай шинжлэх ухаан, технологи, инноваци, танин мэдэхүйн төв болох юм.

Цогцолбор байгуулагдсанаар биотехнологи, нано технологи, мэдээллийн технологи зэрэг шинжлэх ухаан, инновацийн тэргүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтарсан судалгааны үндэсний төв, лабораториудыг байгуулагдах боломж, нөхцөл бүрдэх бөгөөд шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын хөрөнгө, нөөцийг төвлөрүүлэх замаар үндэсний судалгааны чадамж сайжруулж, судалгааны ажлын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны үр ашгийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.