Ерөнхийлөгчийн алдагдалгүй төсөв батлах шаардлагыг УИХ биелүүлж чадах уу?
УИХ-ын намрын чуулган өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн. Намрын чуулганаар хэлэлцэх чухал асуудлын нэг болох ирэх оны төсөв. Чуулганы нээлттэй зэрэгцэн ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан.
 
Засгийн газраам ирэх 2021 онд дараах төсвийн бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:
 
  • Цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нөлөөллөөр үүссэн төсвийн алдагдлыг 2021 онд бууруулж, төсвийн тогтвортой байдлыг ханган, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх.
  • Цар тахлын үед хэрэгжүүлж буй иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих зарим арга хэмжээг хилийн хориог цуцлах хүртэлх хугацаагаар буюу ирэх оны эхний хагас жилд үргэлжлүүлэх.
  • Татвар нэмэхгүйгээр бизнесийн орчныг үргэлжлүүлэн дэмжиж, гаалийн шинэчлэлийн үр дүнд экспортыг нэмэгдүүлж, баялгаас орох орлогыг бүрэн хураах, технологийн дэвшил ашиглан татварын бүртгэл, хамрагдалтыг сайжруулж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэн төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах,
  • Төсвийн урсгал зардлыг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн түвшинд нийцүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэх, нийгмийн даатгал, нийгмйин хамгааллын үйлчилгээг коронавируст (КОВИД-19) цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалж, нийгмийн эмзэг бүлэгт чиглүүлэхээр төлөвлөжээ.

Энэ үндсэн дээр Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь, нийт зарлагын хэмжээг 13.9 их наяд төгрөг буюу 30.0 хувь, төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулж, -2.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.1 хувь байхаар төлөвлөж, төсвийн төсөлд тусгажээ.

Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч Х.Баттулга алдагдалгүй төсөв батлахыг чуулганы нээлтийн үеэр шаардлаа. Тэрбээр “2020 оны улсын төсөвт мөн л сонгуулийн явцуу ашиг сонирхлыг тусгасан, хэт өндөр зарлагатай, хийсвэр орлогыг ихээр төлөвлөсөн байсан. Хориг тавьсан ч хэрэгсээгүй. Энэ оны гуравдугаар сараас төсөвт тодотгол хийх шаардлага эрхгүй үүсээд байгааг УИХ, Засгийн газарт удаа дараа мэдэгдэн, тэвчиж болох бүх зардлыг 2020 оны төсвөөс танах санал, шаардлагаа хүргүүлсэн. Бас л тодотгол хийлгүй өнгөрөөсөн. Эцэст нь сонгуулийн дараа үнэнд гүйцэгдлээ.
Төсөвт тодотгол хийхийг эдийн засагчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд болон улс төрийн олон намууд нийтээрээ шаардаж байсан. Гэтэл Та бүхэн өнгөрсөн сард 4.8 их наяд төгрөгийн алдагдалтайгаар нэг юм төсвийн тодотголыг баталлаа.
Монгол Улс төсвийн нэн хариуцлагагүй бодлогынхоо горыг амсаж ганцхан жилд 1.7 тэрбум ам.долларын өр үйлдвэрлэлээ. Энэ бол Чингис бондоос давсан хэмжээний өр! Энэ их алдагдлыг өрөөр нөхөн санхүүжүүлэхээс өөр гарц байхгүй. Гэтэл өрийн тааз тулчихсан байдаг. Улс орноо дампууралд хөтөлж байгаа төсвийн алдагдал үйлдвэрлэх бодлогоо яаралтай зогсоохгүй бол ард иргэд тэнэглэлийн чинь золиос болох гээд байгааг хатуу хэлье.
Ирэх оны төсөвт дараах асуудлыг тусган шийдвэрлүүлэх ёстой гэдгийг Та бүхэнд сануулж байна:
Үүнд:
  • Төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардлуудын шаардлагад “зайлшгүй    хэрэгцээтэй байх” хатуу шалгуур тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж, төсвийн алдагдлыг эрс бууруулах, алдагдалгүй болгох;
  • Төсвийн хэмнэлт, үр ашигт үндэслэн хөдөө аж ахуйд суурилсан уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэр, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах аж үйлдвэрийн эхний цогцолборуудыг барьж байгуулах санхүүжилтийг бүрэн тусгах;
  • Экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийг тэлэх онцгой ач холбогдолтой төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, дуусгахад шаардлагатай санхүүжилтийг бүрэн тусгах;
  • Төсвийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг эрс тэлэх бодлого, арга хэмжээг цогцоор нь харж төлөвлөх.
Эдгээрийг төсвийн хэлэлцүүлгийн үеэр анхааралдаа авч, төсвийг батлахдаа мөрдлөг болгоно уу” хэмээсэн юм. Ийнхүү Төрийн тэргүүний хатуу сануулга дор парламент ирэх оны төсвөө хэлэлцэх нь.
 
 О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ард 2020-10-05 02:07:03
    нэг удаа эрс шийдэл гаргаж тэвчиж болох бүх урсгал зардлыг танах хэрэгтэй. Үүнийгээ ард олондоо ил заралж ойлгуулах хэрэгтэй. Гарсан үр дүнг нь 2022 онд дүгнэж...
  • ө 2020-10-05 02:05:06
    Хүүхдийн 100,0 мянгаа болиочээ, ажил хийх хүн олдохоо болилоо