Дотоодын хүн амын хүнсний хэрэгцээнд 10-12 сая толгой, экспортод 13-15 сая толгой малыг нийлүүлэх боломжтой
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы  (2020.10.02-ны өдрийн) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 07 минутад эхэллээ. Хуралдаанаар намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсов.

    2020 оны ургацын урьдчилсан балансаар 513 мянган тонн үр тариа, үүнээс 487 мянган тонн улаанбуудай, 237 мянган тонн төмс, 113 мянган тонн хүнсний ногоо, 33 мянган тонн тосны ургамал, 109 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авч, гурил үйлдвэрлэлд нийтдээ 398 мянган тонн буудай нийлүүлэх боломжтой гэсэн төлөв гарсан байна. Манай улсын жилийн хэрэгцээт гурил, төмс, хүнсний ногоог дотооддоо үйлдвэрлэхэд 306 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай, 180 мянган тонн төмс, 251 мянган тонн хүнсний ногоо шаардлагатай бөгөөд балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээгээ бүрэн, гол нэрийн хүнсний ногооны 60 орчим хувь, бага тархацтай ногооны 45 хувийг тус тус дотоодын ургацаас хангах боломжтой гэдгийг Я.Содбаатар сайд мэдээллэв.

    Ургацын урьдчилсан төлөвийг өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулбал хураан авах улаанбуудай 80 мянган тонн, төмс 46.2 мянган тонн, хүнсний ногоо 19 мянган тонноор илүү байхаар аж. 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 49.6 мянган га талбайг ангилан хадаж, нийтдээ 93.7 мянган га-гаас 121.2 мянган тонн үр тариа, үүнээс 115 мянган тонн улаанбуудай, 14.7 мянган га-гаас 194.1 мянган тонн төмс, 5.8 мянган га-гаас 69.7 мянган тонн хүнсний ногоо, 14.8 мянган га-гаас 39.2 мянган тонн тэжээлийн ургамал, 7.7 мянган га-гаас 3 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 24.5 хувь, хүнсний ногооны хураалт 60.8 хувь, төмсний хураалт 79.1 хувийн явцтай байгаа юм байна.

    Улсын хэмжээнд ургац хураалтын бэлтгэлийг бүрэн хангасны үндсэн дээр ургацыг хяруу, хүйтрэлтээс хамгаалах, ангилан хадсан тарианы мөрийг эргүүлэх, хатаах төхөөрөмж бэлтгэх, үтрэмийн техникийн ашиглалтыг сайжруулах, хураалтад ажиллах оюутан, цэргийн алба хаагчдын аюулгүй ажиллагаа, байр, цалин урамшууллын асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг Шадар сайд мэдээллийнхээ үеэр дурдав.

Орон нутгийн авто замын засвар арчлалтын компаниуд ургац тээврийн гол 17 чиглэлийн нийт 396 км авто замыг засварлаж байгаа бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар засварын ажил 89.3 хувьтай явагдаж байгаа юм байна.

Улсын хэмжээнд 220.2 мянган тонн багтаамжтай, 10 мянга гаруй зоорь бүртгэлтэй байгаа бөгөөд зоорь, агуулахын нийлбэр багтаамжийг энэ оны төлөвлөсөн ургацын хэмжээтэй харьцуулахад 62.8 хувийг хадгалах хүчин чадалтай аж. Төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих зорилгоор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулж, 9 дүүргийн 45 байршилд шинэ ургацын төмс, хүнсний ногоо худалдан борлуулж байгааг мөн мэдээллийн үеэр тэрбээр дурдсан.

    Мөн тариаланчдад 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг бүрэн шийдвэрлэж, арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэлжээ.



    Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 2020.10.03-2020.10.20-ны өдрүүдэд тариалангийн бүс нутгуудаар цаг агаар тогтворжиж, ургац хураалтыг хэвийн явуулах боломж бүрдэж байгаа тул энэ хугацааг үр дүнтэй ашиглаж, ургац хураалтын ажлаа эрчимжүүлэх, тариаланчид болон холбогдох төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдааг хангаж ажиллахад анхаарч байгаа талаар Шадар сайд мэдээлэлдээ дурдав.

    Үргэлжлүүлэн тэрбээр мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой мэдээллийг танилцуулсан юм. Засгийн газар “Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 19 дүгээр тогтоолыг гаргаж, бүх шатанд хэрэгжилтийг эрчимтэй хангаж байгаа аж. Энэ тогтоолын хүрээнд 2020-2021 онд өвөлжих болон хэрэгцээлэх малыг малын төрөл, сүргийн зохистой харьцаанд тулгуурлан нэгтгэн гаргаж, боломжит хэмжээгээр эдийн засгийн эргэлтэд оруулах, мал, махны экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна. Мөн нийслэл, аймгийн төв, суурин газрын хүн амын өвөл, хаврын хүнсний хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэж, нөөц бүрдүүлэх; цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшигт тохиолдлоос урьдчилан сэргийлэх, шуурхай хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заасан гэв. Түүнчлэн отрын бүс нутаг, газрын хуваарь, отроор өвөлжиж, хаваржих малчин өрх, малын судалгааг гаргаж, зохион байгуулалтад оруулах, оторлох мал сүргийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, угаалга, тарилга, туулгад хамруулах; бэлчээрийн ургамлын ургалт муу байгаа, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээрлэх нөхцөл хүндэрсэн аймаг, орон нутагт зудын эрсдлийн үнэлгээг хийж, өвс, тэжээл бэлтгэх, аюулгүйн нөөцийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заажээ.

    Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай, Хэнтий, Дундговь, Ховд аймгуудад бүсийн нэгдсэн зөвлөгөөн хийж, дээрх Засгийн газрын тогтоолын хүрээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахад онцгой анхаарч ажиллах талаар аймаг, орон нутгийн удирдлагуудад тодорхой үүрэг, чиглэл өгч ажилласан байна.

    Монгол Улсын Шадар сайд бэлчээрийн нөхцөл байдал, отроор өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тоо, энэ хүрээний бэлтгэл ажлын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлсэн.       

    Өвс, тэжээлийн дотоодын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хивэгний экспортыг 2020.09.21-2021.04.01-ний өдрийг хүртэлх хугацаанд түр хязгаарлах арга хэмжээ авсан бөгөөд үр дүнд 60 гаруй мянган тонн хивгийг мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангахад нийлүүлэх боломж бүрдэж байгаа аж. 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар аймаг, сумын аюулгүй нөөцөд 4.8 мянган тонн өвс, 960.3 тонн тэжээл; малчдын түвшинд 581 мянган тонн өвс, 212 тонн сүрэл, 7.6 мянган тонн ногоон тэжээл, 1.3 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 9.5 мянган тонн гар тэжээл, 22.1 тонн дарш, 11.1 мянган тонн хужир, шүү тус тус бэлтгээд байгаа гэлээ. Мөн бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, мал угаалга, малын эрүүл мэндийн үзлэгийн явц, хүн амын өвөл, хаврын махны хангамж, үнийг тогтвортой байдлыг хангах чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар мэдээлсэн.



    Улсын хэмжээнд 2020 оны 9 дүгээр сарын байдлаар 112 сая га хадлан, бэлчээрийн талбайд 90 сая орчим толгой мал бэлчээрлэж байгааг Шадар сайдын мэдээлэлд дурдлаа. Үүнээс 2020 онд бойжуулсан 22.7 сая толгой төлөөс багагүй, түүнчлэн бэлчээрийн даац хэтэрсэн аймгууд болон газар тариалан эрхлэх бүс нутгаар зарласан аймгуудын өнгөрсөн оны эцэст тоологдсон малын 10 хүртэл хувийг зах зээлд нийлүүлэхээр тооцож, нийт малын 28 орчим хувь буюу 25 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, дотоодын хүн амын хүнсний хэрэгцээнд 10-12 сая толгой, экспортод 13-15 сая толгой малыг нийлүүлэх боломжтой юм.

    Нийслэлийн хүн амын өвөл, хаврын махны хангамж, үнийг тогтвортой байлгахад анхаарч, 20 мянган тонноос багагүй хэмжээний махны нөөц бүрдүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байгааг Я.Содбаатар сайд танилцууллаа. Энэ хүрээнд Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан арилжааны банкны зээлээр мал, мах бэлтгэх аж ахуйн нэгжид олгох зээлийн хүүгийн хөнгөлөлтийг 12 хүртэл сарын хугацаатай, 11 хувьтай байхаар тогтоожээ. Түүнчлэн мөн өдрийн Хүнсний аюулгүй байдлыг хангах үндэсний зөвлөлийн хуралдаанаар 2020 онд нэмэлтээр экспортлох дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны махны хэмжээг 40 мянган тонн хүртэл байхаар тогтоохыг дэмжиж, хүйтний улирлын төлөв байдлыг харгалзан Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгаас бог мал бэлтгэх ажлыг шуурхай зохион байгуулахыг чиглэл болгосон гэлээ.

    Намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар Монгол Улсын Шадар сайд мэдээлэл төв, суурин газрын эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай ажиллагааг хангах хүрээнд хийж буй бэлтгэл ажлын талаарх мэдээллээр үргэлжилсэн. Төвлөрсөн хот, суурин газруудын хэрэглэгчдийн шугам, сүлжээ гэмтэлтэй, засвар үйлчилгээ дуусаагүй байгаа тул халаалт залгалт 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 90 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа юм байна. Харин аймгийн төвүүдийн дулааны цахилгаан станц, халаалтын зуухны газруудын өвөлжилтийн бэлтгэл хангах засвар, шинэчлэлийн ажлын явц 70 орчим хувийн гүйцэтгэлтэй гэв.

    Я.Содбаатар сайд үргэлжлүүлэн боловсрол, эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн.

    Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 20 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах шатахуун, зайлшгүй шаардлагатай сэлбэг, шатах тослох материал, хөлддөггүй шингэн, спиртийн нөөцлөлт 90 хувьтай байгаа аж. Түүнчлэн замын хөдөлгөөны аюулгүй байдлыг хангах, авто замын халтиргаа, гулгаанаас сэргийлэх хүрээнд шаардлагатай бодис, давсны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 4385 тонн бодис, 3726 тонн давсны нөөцийг бүрдүүлжээ. Энэ нөөц нь өмнөх жилүүдийн нөөцлөлт, зарцуулалтын түвшинд байгаа бөгөөд зам талбайн хальтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэхэд хүрэлцэнэ гэлээ.

    Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа 2776 зуухнаас 2019-2020 онд 126 зуух төвлөрсөн дулаан, 266 зуух цахилгаан, 34 төрийн өмчит байгууллага хийн түлш, 2024 зуух сайжруулсан түлш, 109 зуух мидлингийг түлшинд тус тус хэрэглэхээр болж, нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 2021-2022 халаалтын улиралд дулааны үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч 22 байгууллагын 214 халаалтын зуух түүхий нүүрс хэрэглэх тооцоолол гаргасан байна. 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн их засварын ажил 90 хувь, үйлдвэрийн тоосжилтыг багасгах ажил 65 хувь, гадна зам, талбайн бетон хучилтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд нийт дүнгээр өвөлжилтийн бэлтгэл ажил 76 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
    Харин нийслэлийн зүүн бүсэд баригдаж байгаа шинэ үйлдвэрийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл 65 хувь, тоног төхөөрөмжийн угсралт 81 хувь, нийт ажлын гүйцэтгэл 64 хувьтай байгаа бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэв. 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний түүхий эд (мидлинг) дундын агуулахад 386 мянган тонн, баруун бүсийн үйлдвэрийн хашаанд 53.9 мянган тонн, зүүн бүсийн үйлдвэрийн хашаанд 3.2 мянган тонн, нийт 443.1 мянган тонн нөөцтэй талаар Шадар сайдын танилцуулгад мэдээллээ.

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр жигд, хүртээмжтэй хангах хүрээнд дүүрэг тус бүрд 60 мянган тонноос доошгүй сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах юм байна. Энэ хүрээнд нийслэлийн 6 дүүрэгт байрлах агуулах болон үйлдвэрийн саравч, хангамжийн баазад нийт 84.3 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлсөн байна. Нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд нийт 288 борлуулалтын цэг үйл ажиллагаа явуулан сайжруулсан шахмал түлшийг борлуулж байгаа аж. Түүнчлэн агаарын чанарыг сайжруулах бүсэд орших 200 мянган айл өрхийг угаарын хий буюу нүүрстөрөгчийн дутуу исэл мэдэрч, сэрэмжүүлэх төхөөрөмжөөр хангахаар шийдвэрлэсэн байна. Энэ хүрээнд 178192 айл өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулсан бол судалгааны дүнд үндэслэн шинээр 15634 айл өрхөд төхөөрөмж суурилуулахаар ажиллаж байгаа аж.

Мөн Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах зорилгоор аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газруудын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн тухайн оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны 3 дугаар сарыг дуустал 21:00-06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлөхөөр шийдвэрлэжээ.



    Шадар сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Засгийн газрын холбогдох сайд нараас хариулт, мэдээлэл, дэлгэрэнгүй тайлбар авсан юм.

    Мал аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг өөрчлөх, бэлчээрийн нөхцөл байдалтай холбогдуулан малын тоо толгойн асуудлыг шийдвэрлэх, малын мах, түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, орон нутгууд дахь өвс тэжээлийн бэлтгэлд дэмжлэг үзүүлэх, тэжээлийн аж ахуйг сэргээх, мах бэлтгэлтэй холбоотой асуудлаар Улсын Их Хурлын гишүүд байр сууриа илэрхийлж, тодорхой асуудлыг тодруулж холбогдох сайд нараас асуулт асууж, хариулт авч байв.

    Махны экспортыг нэмэгдүүлэх, квотгүй болгох, судалгаа хийж байгаа, цаашдаа бог малын махны экспорт дээр квотгүй болгох хүсэлтэй байгаа. Харин бод малын өсөлт, хоргодол, бэлчээрийн даацтай уялдуулан энэ төрлийн малын махны экспорт дээр квот тогтоох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд 2021 оноос шийдвэрлэхээр төлөвлөөд ажиллаж байгааг Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэллээ.

    Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлтэй холбогдуулан олон асуудлыг Улсын Их Хурлын гишүүд хөндөж, тодруулга мэдээлэл авсан юм. Автозамын түгжрэлийн талаарх асуултад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хариулахдаа, олон хүчин зүйлээс болж байгааг дурдаад “Өнөөдрийн байдлаар нийслэлд бүртгэлтэй 604 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. 1000 хүнд 330-340 автомашин ногдож байгаа бөгөөд олон улсын жишгээр 1000 хүнд ногдох автомашины тоо 130 хүрэхэд хөдөлгөөн хязгаарлалтад орж, энэ тоо 200-250 болоход тэг зогсолт үүсдэг” гэлээ. Тиймээс замын байгууламжтай холбоотой арга хэмжээнүүд, хэд хэдэн томоохон төслүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Түүнчлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудлыг шийдвэрлэх, авто машины насжилт болон буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслүүд байгаатай холбоотой эрх зүйн зохицуулалтуудыг хийх шаардлага бий гэв.

    Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд Намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаарх Монгол Улсын Шадар сайд мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.      
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 90 saya mal 2020-10-03 06:05:57
    Puuh, Mongol min 90 saya maltai bolson yum uu? Saihan bainaa. Odoo uuniigee sain borluulah heregtei dee. Dotoodod medeej, bas gadaadad eksportoor gargaj valyut ...
    108.162.216.145
    Мэдэгдсэн Хариулах