“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-8” сургалт боллоо

 Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-8” сургалт энэ сарын 25-26-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Энэ удаагийн сургалтад хэвлэл мэдээллийн салбарт идэвхтэй ажиллаж байгаа 40 сэтгүүлч, нийслэл дэх шүүхүүдийн Олон нийттэй харилцах мэргэжилтнүүд хамрагдсан юм.

Сургалтын эхний өдөр ХБНГУ-ын Ханнс-Зайдел сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын тэргүүн, Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ц.Сарантуяа “Үндсэн хуулиар үндсэн эрх хамгаалах онцлог” сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Т.Мөнх-Эрдэнэ “Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах нь: Шүүхийн шийдвэрийг олон нийтэд хэрхэн зөв, оновчтой хүргэх вэ” сэдвээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Хууль зүйн ухааны доктор Ц.Цогт “Захиргааны хэргийг “таних”, шүүхийн шийдвэрийг “уншиж”, эргэцүүлэл мэдээлэл бэлтгэх” сэдвээр хичээл заалаа.

Шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцав

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-8” сургалтын хүрээнд сэтгүүлчид Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцав.

 

     

          Шүүх байгуулах тухай хуульд зааснаар шүүх нь тухайн харьяалсан нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулах ёстой ч шүүхийн байргүйн улмаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны гурван шүүх нэг байранд чихцэлдэн үйл ажиллагаа явуулдаг. Өрөө тасалгааны хүрэлцээ муутайн дээр хэргийн ачаалал ихтэй, шүүхээр үйлчлүүлэхээр ирсэн иргэд зөрж өнгөрөх зайгүй, дэндүү давчуухан гэж бухимдахтай таарлаа. Сүүлийн жилүүдэд шүүхэд хөрөнгө оруулалтын  төсөв огт батлагдаагүй учраас байрыг өргөтгөх боломжгүй байгааг шүүхийн тамгын газрынхан учирлаж байв. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны гурван шүүхэд 27 шүүгч шүүх хуралдааны найман танхимд өдөрт 140-150 шүүх хурал товлон хуралдуулдаг. Хэдийгээр завсар зайгүй, сул цаг гаргалгүй шүүх хуралдааны танхимаа ашигладаг ч нэг шүүгчид сард дунджаар 200 хэрэг ногддог, хэргийн ачаалал их учраас иргэдийг чирэгдүүлэх тохиолдол их гардаг байна.

          Шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Хууль зүйн ухааны магистр Н.Одонтуул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогийн талаар бодит кэйст тулгуурлан хичээл заасан юм.

 

   

        Сургалтын хоёр дахь өдөр Удирдлагын академийн дэд профессор, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид “Нийтийн ашиг сонирхлыг шүүхэд нэхэмжлэн хамгаалах” сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Хууль зүйн доктор О.Мөнхсайхан “Шүүхийн тухай хуулийн төслийн тухай” кэйст тулгуурлан хичээл зааж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Хууль зүйн ухааны магистр  Ц.Оч шийтгэх тогтоол, магадлал гаргах үйл явцын талаар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Хууль зүйн ухааны магистр Н.Баярмаа өмчийн эрхийг хамгаалах тухай хичээл зааж, суралцагчдын сонирхсон асуултад хариуллаа.

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-8” гэрчилгээ гардууллаа

  Сургалтын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Шүүхийн гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэрьяа нар суралцагчдад “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-8” гэрчилгээ гардуулав. “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-8” сургалтад хамрагдсан сэтгүүлчид сургалт сонирхолтой, үр өгөөжтэй байсныг онцлоод, хуулийн салбарын эрдэмтэн доктор, шүүгч багш нарын лекцийг сонсох боломж олгодог энэхүү сургалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдагт талархал илэрхийллээ.  

 

 Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-09-29 01:01:24
    олон жил ажилласан шүүгчдийг сэлгэн ажиллуулахгүй бол шүүгч шудхргх шүүнэ гэж хэзээ ч байхгүй юм билээ
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-09-28 11:43:50
    Ц.Цогт шүүгчийн хичээл сонирхолтой байж магадгүй юм байна. Бусдыг бол мэдэхгүй юмөө.
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах