А.Сосорбурам: Сүга Ёшихидэ Абэгийн  үйл хэргийг л үргэлжлүүлнэ

Японы шинэ Ерөнхий сайдаар Засгийн газрын сайд нарын танхимын Ерөнхий нарын бичгийн дарга Сүга Ёшихидэ энэ сарын 16-нд сонгогдсон. Ийн Япон улсын ирээдүйн гадаад харилцаа болон бусад нөхцөл байдлын талаар ШУА-ийн  Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Сосорбурамтай ярилцлаа.

-Японы шинэ Ерөнхий сайдаар Сүга Ёшихидэ сонгогдлоо. Тэр бусад өрсөлдөгчдөөсөө чухам юугаараа илүү гэж намынхан нь түүнийг даргаараа сонгосон бэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгааны улмаас бүрэн эрхийнхээ хугацаанаас жилийн өмнө огцрох болсноо наймдугаар сарын сүүлээр зарласан.

Үүний дараа  Японы эрх баригч Либерал ардчилсан намын даргын сонгууль болж,  Засгийн газрын сайд нарын танхимын Ерөнхий нарын бичгийн дарга Сүга Ёшихидэ сонгогдож,  улмаар  энэ сарын 16-нд Япон улсын Ерөнхий сайдаар томилогдсон. Шинэ Ерөнхий сайд Сүга Ёшихидэг намын дийлэнх гишүүд дэмжиж, Ерөнхий сайд Шинзо Абэгийн бодлогыг үргэлжлүүлж, түүний хугацаанаасаа өмнө буусан нэг жилийн хоосон орон зайг нөхөж чадна гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан. Шинэ Ерөнхий сайд Сүга Ёшихидэ 2012 оноос хойш Шинзо Абэгийн Засгийн газрын Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан, Шинзо Абэгийн хамгийн ойрын итгэлт хүмүүсийн нэг юм.

-Сүгатай хамт Батлан хамгаалахын болон Гадаад хэргийн сайд асан хүмүүс өрсөлдсөн. Тэгэхээр нэлээд хүчтэй өрсөлдөөн болсон болов уу?

-Японы эрх баригч намын даргын сонгуульд Ерөнхий сайдаар сонгогдсон Сүга Ёшихидэгээс гадна Батлан хамгаалахын сайд асан Ишиба Шигэрү, Гадаад хэргийн сайд асан Кишида Фүмио нар өрсөлдсөн. Сүга Ёшихидэ үнэмлэхүй ялалт байгуулж 534 саналаас 377 санал авч 71 насандаа Япон улсын 99 дэх Ерөнхий сайд боллоо. Ингэснээр тэрээр 2021 оны сонгууль хүртэл Засгийн газрыг толгойлох үүргийг хүлээж байгаа юм. “Шинзо Абэ болон намын бусад лидерүүд Сүга Ёшихидэг Шинзо Абэгүйгээр Засгийн газрыг үргэлжлүүлж чадах хамгийн сайн нэр дэвшигч байсан тул сонголоо” хэмээн Токиогийн София их сургуулийн улс төр судлаач, профессор Койчи Накано BBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүнтэй өрсөлдсөн Гадаад хэргийн сайд асан Фүмио Кишида 89 санал, Батлах хамгааллын сайд асан Шигэрү Ишиба 68 санал авсан.

-Сүгаг тариачны гэр бүлээс гаралтай, өөрийн хүчээр улс төрд орж, олонд танигдсан улс төрч хэмээн хүмүүс ам сайтай байсан?

-Японы томоохон улс төрчдийн ихэнх нь улс төрийн гэр бүлээс гаралтай элит хүмүүс байдаг. Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Японы Акита мужид тариачин айлын ууган хүү болон төрж, өөрийн хичээл зүтгэлийнхээ хүчинд хүссэн амжилтандаа хүрсэн гэдгээрээ бахархдаг. Түүний эцэг Акита мужид гүзээлзгэний аж ахуй эрхэлдэг байсан. Нутагтаа дунд сургуулиа төгсөөд Токио руу нүүж ажил хийх болсон. Хосей их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Их сургуулийн төлбөрөө төлөхийн тулд өдөр шөнөгүй цагийн ажил хийж байсан гэдэг. Харин 26 насандаа амьдралаа улс төрд зориулахаар шийдсэн.

-Сүга Шинзо Абэгийн дэргэд олон жил ажилласан. Тиймээс Абэгийн бодлогыг үргэлжлүүлэн ажиллана хэмээн таамаглаж байна. Сүга Абэ хоёрын харилцаа ямар түвшинд байсан бэ?

-Сүга Ёшихидэ Ерөнхий сайд Шинзо Абэгийн үнэнч дэмжигч, хамтрагч байсаар ирсэн. Сүга Ёшихидэ Засгийн газрын анхны албан тушаалдаа Шинзо Абэг анх Ерөнхий сайдаар 2006-2007 онд ажиллаж байх үед томилогдсон. Тодруулбал, Шинзо Абэ анх 2006 онд Ерөнхий сайд болохдоо Сүга Ёшихидэг Дотоод хэрэг, харилцаа холбооны сайдаар томилсон байдаг. Дараа нь 2012 онд Ерөнхий сайдаар эргэж ирэхдээ Сүга Ёшихидэг Засгийн газрын Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон. Түүнийг Шинзо Абэг 2012 онд засгийн эрхэнд эргэн ирэхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Сүга Ёшихидэ Японы түүхэнд хамгийн удаан буюу 2012 оноос хойш Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн  хоёр бүрэн эрхийн хугацаанд түүний Засгийн газрын Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашсан хүн юм. Сүүлийн 20 жилд Сүга Ёшихидэ Ерөнхий сайд асан Шинзо Абэ, Ерөнхий сайд асан Ясүо Фүкүда нарын дараа Засгийн газрын Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай гурав дахь ерөнхий сайд билээ.

-Шинэ Ерөнхий сайд гадаад бодлогодоо хэрхэн анхааран ажиллах бол гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Японы хувьд аль улстай харилцаагаа гүнзгийрүүлэх шаардлагатай вэ?

-Японы гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого Япон-АНУ-ын эвсэлд суурилсан хэвээр байгаа. Ерөнхий сайд Сүга Ёшихидэ анхны хэвлэлийн бага хурлын үеэрээ гадаад харилцаа, аюулгүй байдлын талаар “Япон-АНУ-ын эвсэлд тулгуурлан бодлого боловсруулна. Энэтхэг-Номхон далайн чөлөөт, нээлттэй стратегийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ БНХАУ, ОХУ зэрэг хөрш улсуудтай тогтвортой харилцаа бий болгохыг зорино” гэдгээ илэрхийлсэн. Мөн дэлхийн дулаарал, эрчим хүчний тогтвортой хангамж зэрэг арга хэмжээнүүд дээр ажиллахаа илэрхийлсэн. Тэрээр БНХАУ, ОХУ, Хойд Солонгос зэрэг Японы хөрш зэргэлдээ орнуудтай харилцах гадаад бодлогыг шууд болон дам байдлаар хөндсөн боловч Өмнөд Солонгосыг дурдаагүй.

 -Сүга “Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг шийдвэрлэх нь хамгийн чухал” гэж хэлсэн нь анхаарал татаж байна?

-Сүга Ёшихидэ  энэ сарын 16-нд Ерөнхий сайдаар сонгогдсон анхны хэвлэлийн бага хурлын үеэрээ “Дайны дараах үеийн дипломат харилцааг бүхэлд нь цэгцлэхийг зорьж Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд бид чадах бүхнээ хийх болно” гэж мэдэгдсэн.  Мөн “АНУ болон бусад улс орнуудтай нягт хамтран ажиллаж, хулгайлагдсан иргэдээ нутагт нь нэг өдрийн өмнө эргэж ирүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллах болно. Хулгайлагдсан иргэдийн асуудал Ерөнхий сайд Шинзо Абэгийн засгийн газар үед ч мөн хамгийн чухал асуудал байсан” гэж ярьсан .

 -Шинэ Ерөнхий сайд ажлаа юунаас эхлэх нь зөв юм бол. Яг одоо Японы нөхцөл байдал ямар байна. Цаашид хэрхэх талаар ямар таамаг байгаа вэ?

-Шинэ титэм вирусын улмаас эдийн засгийн уналт үргэлжилж буй үед Ерөнхий сайдын сонгууль болсон тул нэн тэргүүнд  анхаарах асуудал бол цар тахлын хяналт, эдийн засгийг тэнцвэржүүлэх явдал юм. Сүга Ёшихидэ “Хамгийн түрүүнд шийдвэрлэх нэн тэргүүний асуудал бол шинэ титэм вирусын эсрэг арга хэмжээ юм. Ирэх оны дунд үе гэхэд Японы нийт иргэдээ вакцинаар хангах ажлыг зохион байгуулна” гэж мэдэгдсэн. Мөн “Барууны орнуудад тархсан халдварын байдлаас урьдчилан сэргийлж, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаална. Шинэ титэм вирусын халдвараас сэргийлэх арга туршлагыг сайтар ашиглаж, оношилгоо, эм, эмнэлгийн системийн үйл ажиллагааг сайжруулж, халдвараас сэргийлэх арга хэмжээ болон нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг орхигдуулахгүй явуулна. Түүнчлэн эдийн засгийг сэргээх нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт хэвээр байна. Японы Төв банкны хэрэгжүүлж буй мөнгөний зөөлөн бодлогыг үргэлжлүүлнэ. Хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа бизнесийг хамгаалах, ажил эрхлэлтийг зохицуулах татаас, 40 сая хүртэлх хүүгүй, барьцаагүй зээлийг хэрэгцээтэй хүмүүст өгөх болно. Япон улсын хүн амын бууралтын эсрэг арга хэмжээ авч, төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд хүүхэд асрах болон өдөр өнжүүлэх газрын тоог нэмэгдүүлэх зэргээр ажил эрхэлдэг эхчүүдийг дэмжиж, бодлогоор зохицуулна. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн салбарын шинэчлэлийг дэмжиж, аялал жуулчлалыг хөгжүүлнэ”  гэж ярьсан.

-Сүга Ёшихидэ 2019 оны тавдугаар сарын нэгнээс эхэлсэн Рэйва шинэ эриний анхны ерөнхий сайд болж байна. Энэ нь ямар онцлогтой вэ?

-Саяхан Сүга Ёшихидэ Японы шинэ эзэн хааны тоолол Рэйва эриний нэрийг зарласан нь Япон болон дэлхийн олон нийтэд түүнийг хамгийн тод таниулсан үйл явдал боллоо. Мөн тэрээр Рэйва тооллын анхны ерөнхий сайд гэдгээрээ онцлогтой. Япон улс Грегорийн тооллыг хэрэглэхийн хамт эзэн хааныхаа засаглалын цаг үеэр он тооллоо нэрлэж тоолдог. 2019 онд 1989 оноос хойш хаанчилсан эзэн хаан Акихито ууган хүү Нарүхитод хаан ширээгээ шилжүүлснээр, Нарүхито Японы 126 дахь эзэн хаан болж өөрийн Рэйва тооллоо эхлүүлсэн. Сүга Ёшихидэ өнгөрсөн оны  тавдугаар сарын 1-нд Япон улсын шинэ Эзэн хаан Нарүхито хааны тоололыг “Рейва” гэж нэрлэх болсныг зарлаж, олны дунд ихэд танигдаж “Рэйва өвөө” хүндлэгдэн дуудагдах болсон байдаг.

-Японы Ерөнхий сайдаар хамгийн олон жил ажил­ласан Абэ ямар Ерөнхий сайд бай­сан талаар яригдаж байна. Түүнийг Японы нэр хүндийг олон улсад өсгөсөн гэж үздэг байх аа?

-Шинзо Абэ бол 2012 оноос хойш Японы Ерөнхий сайдаар хамгийн удаан хугацаанд ажилласан сайд юм. Мөн 2006-2007 онд богино хугацаанд Ерөнхий сайдаар ажиллаж байв. Тэр үед Японы хамгийн залуу удирдагч байсан боловч эрүүл мэндийн байдлаасаа болж огцорсон.Түүний удирдлага дор Японы эдийн засгийг өсгөхөд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн боловч БНХАУ-тай тогтоосон харилцаа нь газар нутаг, түүхэн маргаантай холбоотой хурцадмал байдалтай байсан. Шинзо Абэ 20 гаруй жилийн турш зогсонги байдалд байсан Японы эдийн засгийг өсгөх зорилготой “Абэномикс” гэж нэрлэгддэг мөнгөний бодлого, төсвийн хөшүүрэг, бүтэцийн шинэчлэл гэсэн хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлсэн. Японы хүн амын тоо жилээс жилд буурч байгаагийн улмаар үүсч буй хөдөлмөрийн хомсдолыг арилгахын тулд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого идэвхтэй явуулсан. Шинзо Абэгийн Засгийн газар байгуулагдсанаас хойш хүн ам цөөрсөн ч ажиллагсдын тоо дөрвөн саяар нэмэгдсэний 3.3 сая нь эмэгтэйчүүд байгаа юм. Шинзо Абэ хилийн чанадад хийсэн айлчлалуудаараа олон улсын тавцанд Японы нэр хүндийг асар ихээр өсгөсөн гэдгээрэй алдар гавъяатай Ерөнхий сайд байсан.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин_ 2020-09-27 02:06:25
    Япон хэдий өндөр хөгжилтөй ч газар нутаг багатайгаасаа жижиг гүрэн юм даа.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах