Засгийн газар хувийн хэвшлийг эрсдэлд оруулж байна

Эдийн засагч Э.Батшугарын нийтлэлийг хүргэж байна.

 

Монгол Улсын эдийн засаг “Ковид-19” цар тахлын улмаас амаргүй нөхцөл байдалд байна. Дэлхийн эдийн засаг -5.4 хувиар агшиж, харин манай улсын ДНБ энэ оны хагас жилийн үзүүлэлтээр -9.7 хувиар агшлаа. УИХ-ын чуулганы хуралдаанаар 2020 оны төсвийн тодотголыг 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай баталлаа. Нийт орлогынхоо 50 хувьд хүрсэн буюу улсын түүхэнд байгаагүй хамгийн өндөр алдагдалтай төсөв энэ болов.

Тэгвэл Засгийн газар ийнхүү өндрөөр баталсан үргүй зардлуудаа нөхөхийн тулд ганцхан арга хэрэглэдэг, хэрэглэсээр ирсэн. Тэр бол Засгийн газрын үнэт цаас буюу бонд гаргах. Засгийн газрын бондыг хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалтаар нэрлэж, хүүгийн татвараас чөлөөлдөг учраас арилжааны банкууд худалдаж авахыг эрмэлздэг. Ялангуяа, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан банкууд найдвартай хөрөнгө оруулалтыг сонгохыг илүүд үзэж байна. Арилжааны банкууд Засгийн газрын бондыг худалдаж авч хөрөнгө оруулснаар ямар сөрөг үр дагавар үүсч байна вэ.

1. Хувийн хэвшилд очих байсан банкны зээл Засгийн газрын үр дүнгүй зардлыг нөхөхөд зарцуулагдана.

2. Банкуудын зээлийн хүү өснө.


 

Дээрх зурагт үзүүлсний дагуу Засгийн газрын бонд гаргаснаар зээлийн эрэлт үүсч D1-с D2 рүү шилжиж зээлийн хүү i1-с i2 болж өсдөг. Төсвийн алдагдлыг бууруулах зорилтод арга хэмжээндээ хурдан хүрэх бололцоотой байдаг ч хүүгийн хэмжээ нэмэгдэх нь хувийн секторын хөрөнгө оруулалтыг I1-с I2 руу бууруулж, аж ахуйн нэгжийг дампууруулж, ажилгүйдлийг нэмэгдүүлж, эдийн засгийн хямралыг гүнзийрүүлэх эрсдэл дагуулдаг.

Хувийн хэвшлийнхэнд очих байсан зээлийг төсвийн алдагдлыг нөхөхөд зориулчихаар зээлийн эрэлт нэмэгдэж, эрэлт нэмэгдэхээр зээлийн хүү өсч, эргээд хувийн хэвшлийнхэнд очих хөрөнгө оруулалтын хэмжээ багасч байгаа нь дээрх графикаас тодорхой харагдаж байна.

2020 оны хагас жилийн байдлаар аж ахуйн нэгжүүдийн 65 хувь нь банкнаас эргэлтийн хөрөнгө буюу урт хугацааны зээл хүссэнээс 25 хувь нь шийдэгдсэн статистик байгаа нь үүнийг гэрчилнэ.

Банкууд Засгийн газрын бондод хөрөнгө оруулахгүйгээр хувийн хэвшлийнхэнд зээлээ гаргасан бол тухайн компани хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, ажлын байр бий болгож, татвараа төлж, дагаад эдийн засаг тэлэх хуультай. Харин Засгийн газрын бондын хөрөнгө ажлын байр бий болгодоггүй, музей, хөшөө дурсгал гэсэн үргүй зардалд хийсч оддог.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар банкны зээлийн хүүг бууруулна гэх мөртлөө яг эсрэгээр нь ажиллаж, зээлийн хүүг өсгөх, хувийн хэвшлийг хумих, дампууруулах, мөнгөний хомсдол үүсгэх,  эдийн засгийг агшаах бодлогыг өөрсдөө хэрэгжүүлж байна.

Юу хийх ёстой вэ?

Засгийн газар маш өндөр алдагдалтай баталсан төсвөө нөхөхийн тулд дотоодын зах зээлд бонд гаргаж, өрийн хэмжээг улам нэмэгдүүлж эдийн засгийг хумих биш харин эсрэгээр нь тэлэх бодлогыг хэрэгжүүлмээр байна. Тодруулбал, төсвийн үргүй зардлуудыг танаж, танасан мөнгөөр компаниуд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хувиараа бизнес эрхлэгчдэд шууд хөрөнгө оруулалт хийх ёстой.  Энэ талаар өнгөрсөн хавар халдварт өвчний дэгдэлтийн дараахан бичиж санал болгож байлаа. Харамсалтай нь Монгол Улсын Засгийн газар хямралыг давж гарах багц хөтөлбөртөө хувийн хэвшлийнхнийг дэмжих нэг ч арга хэмжээг оруулаагүй. Тун удахгүй 2021 оны төсвийг хэлэлцэж эхэлнэ. Одоо ч гэсэн оройтоогүй тул эдийн засгийн амаргүй нөхцөл байдал,  хямралын мөчлөг үүсчихээд байгаа энэ эрсдэлтэй үед хэрэгжүүлэх үр дүнтэй арга хэмжээг дахин хэлье.

1. Хөнгөлөлттэй урт хугацааны зээлийг ААН-үүдэд олгох. Ингэхдээ зээл авахад нь ажлын байрны цомхотгол хийхгүй байхыг сануулах.

2. Мөн “Ковид-19”  цар тахлын хориг арга хэмжээний улмаас орлого нь тасалдсан хувиараа бизнес эрхлэгч иргэдэд тухайн хугацааны орлоготой нь тэнцэхүйц хэмжээний урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох.

3. “Ковид-19”  цар тахалын нөлөөнөөс болж ажилгүй болсон иргэдэд ажилгүйдлийн тэтгэмж олгох.

Засгийн газар энэ арга хэмжээнүүдэд зарцуулах санхүүжилтийг улсын төсвөөс гаргах хэрэгтэй. Нэн яаралтай биш, шаардлагагүй зардлуудаа танаж, цар тахлын үед эдийн засгаа эрчимжүүлэх нь чухал байна.

Дээрх эдийн засгийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр иргэд, ААН-ийг зээлийн дарамтаас хамгаалахаас гадна нийт санхүүгийн системийн тогтвортой байдлыг хадгална.

Энэ нь өнөөдөр хэдийнэ үүсчихээд байгаа эрэлтийг нөхөж өгснөөр, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэж, төсвийн орлого тасалдахгүй болно. Ажлын байрууд хадгалагдаж, улмаар нэмэгдэнэ. Засгийн газар, Төвбанкны хамгийн том зорилтуудын нэг бол ажилгүйдлийг багасгах байдаг билээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus