Шаамар-Зэлтэр чиглэл дэх 120,85 км автозамын барилгын угсралтын гүйцэтгэл хэвийн үргэлжилж байна
Ерөнхий сайд Сэлэнгэ аймагт ажиллаж байна.  “Дархан-Сэлэнгийн автозамаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур- Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто замын төслийн ажлын явцтай танилцав. Монгол Улсын ЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд "Улаанбаатар- Алтанбулаг" чиглэлийн ОУ-ын автозамаас Шаамар, Зүүнбүрэн , Цагааннуур, Түшиг чиглэлийн 112 км автозам барих талаар тусгагдсан байдаг. Монгол Улсад атар газар эзэмшиж , газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой өнгөрөгч онд тохиосон бөгөөд Сэлэнгэ аймгийн удирдлага болон тариаланчдын зүгээс үе үеийн Засгийн газарт хандан Улсын болон Сэлэнгэ аймгийн ургац тээвэрлэлт явагддаг тээврийн гол ач холбогдолтой авто зам тул хатуу хучилттай болгож өгөх хүсэлтийг удаа дараа тавьсаар иржээ. Иймд тус замыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр болж, концесс эзэмшигчээс автозамыг 2021 онд барьж дуусган, хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг 2022-2025 онд авахаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 2019 оны 239 дугаар тогтоолоор баталж байсан.



Үүний дагуу "Дархан-Сэлэнгийн автозамаас Шаамар-Зүүнбүрэн- Цагааннуур -Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто замын төсөл"-ийн барих, шилжүүлэх төслийг "Монгол ЛЗ зам гүүр" ХХК гүйцэтгэхээр болсон. Төслийн автозам нь Сэлэнгэ аймгийн Шаамар , Цагааннуур , Зүүнбүрэн , Түшиг сумдын нутаг дэвсгэрт баригдана. Төлөвлөж буй лам нь Улаанбаатар -Дархан- Алтанбулаг чиглэлийн авто замын 302 дах км-ийн орчмоос эхэлж, Шаамар сумын урд төмөр замтай хоёр төвшинд огтлолцон Орхон голын одоо байгаа гүүр , Зүүнбүрэн сумын хойд талаар дайран, Сэлэнгэ мөрний салааны гүүр, Бүдүүний гүүрээр гарч, Цагааннуур сумын урдуур гаран Нарийны Даваагаар давж, Түшиг сумын хойд талаас баруун гар тийш эргэн Монгол Улс, ОХУ-ын хилийн Зэлтэрийн боомт руу хүрч дуусна. Төлөвлөж буй замын нийт урт 120.85км аж. Мөн энэхүү автозамын зураг төсөл 2010 онд батлагдаж байсан нь одоогийн зарим стандарт, шаардлагуудыг хангахгүй байсан тул энэ онд шинэчлэн боловсруулж холбогдох байгууллагуудаар батлуулжээ. Энэхүү төслийн ажил энэ оны 4 дүгээр сард эхлэх байсан боловч Ковид19 цар тахлын улмаас гадаадын инженер ,техникийн ажиллах хүч орж ирж чадаагүйн улмаас ажил графикт хугацаандаа эхэлж амжаагүй байна. Гэсэн хэдий ч авто зам барилгын ажлыг дотоодын аж ахуй нэгжээр гүйцэтгүүлэх чиглэлийг үндэсний хөгжлийн газраас өгчээ. Тус замын зорчих зурвасын өргөн 7 метр, хөдөлгөөний зурвасын хучилтын өргөн 7 метр, хөвөөний өргөн 2 метр байх аж. Автозамын ажлыг зураг төслийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 31 -ний өдрөөс өмнө ашиглалтад оруулах аж. Төслийн авто замын зөвлөхийн хяналтын компаниар Эм си пи си Жи ар , хязгааргүй хөдөлгөөн ХХК -ийн түншлэл ажиллаж байна.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.