Өвлийн хүлэмжтэй бол өвөл ч шинэ ногоогоор хангах боломжтой

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас жил бүр зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” худалдааны төвд эхэллээ. Энд нийслэлчүүдийг  монгол хөрсөнд ургасан хүнсний болон нарийн ногоо, зэрлэг жимсгэнээр хангахаар хөдөө орон нутгаас тариаланчид зорин иржээ.

Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилготой уламжлалт “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа энэ жил “Ковид-19” цар тахлаас шалтгаалан монголчууд дотооддоо хүнсний ногооны бүхий л хэрэгцээгээ хангаж байгаагаараа онцлогтой хэмээн ногоочид онцоллоо. Монгол орны өнцөг булан бүрээс аймаг бүрийн шилдэг бүтээгдэхүүн, нутгийн брэндүүд энд цуглараад 15 дахь намартайгаа золгож байна.

Цагаан асрын орох, гарах хаалгаар салхи нэвт үлээх боловч орох хаалганы өмнөх лангуунуудаас илүү гарах хаалгатай ойрхон лангуунуудын урд олон хүн цуглажээ. Худалдааны жижиг асарт тариаланчид ам уралдан ногооны үнийг чанга дуугаар хэлцгээнэ. Зарим нь шуудайтай төмс, лууван, байцаа гэх мэт  ногоонуудаа сонжуулна.

Хүнсний өргөн хэрэглээний ногооны үнэ өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 200-500 төгрөгөөр хямд борлуулагдаж байгаа хэдий ч өмнөх жилээс худалдан авалт муу байгааг худалдаачид хэлж байлаа.

Монголын хөрсөнд ургасан ногоог хамгийн хямд үнээр хэрэглэх боломж намрын хоёр сар л үргэлжилдэг. Тэгвэл ногоочдод өвлийн хүлэмж барихад нь дэмжлэг үзүүлбэл жилийн дөрвөн улиралд хүнсний ногооны хэрэгцээгээ дотооддоо хангах боломж бүрэн байгааг тэд хэлж байна.

 “Аадраа” төслийн гишүүн, ногоочин Р.Хөхөө:  Тариаланч 1000 мкв хүлэмжийг 200 саяар бариулах боломж ховор

-Сэлэнгэ аймгийн Зүүнхараагаас ирж үзэсгэлэнд оролцож байна. Манайх багахан газарт бүх төрлийн ногоо тарьдаг. Төмс, шар, хүрэн манжин, лууван, сонгино, өргөст хэмх, амтат гуа, тарвас, амтат чинжүү, байцаа тариалж байгаа. Энэ жил ургац арвин сайхан жил тохиож байна. Харин бороо хур элбэг байсан учраас сонгино, сармис ургахад хүндрэл учирлаа. Тариаланчид өөрсдийн тарьж ургуулсан хөдөлмөрийг худалдаж буй ногооны үнэтэй харьцуулахад хямд үнээр борлуулдаг. “Аадраа”  нь эко төсөл учраас ямар ч бордоо хэрэглэдэггүй. Манайх хүнсний ногоонуудыг аль болох хямд зарахыг бодож байгаа. Энэ жил төмсөө 800-гаар зарж байна. Өнгөрсөн жилүүдийг бодвол хямдхан байна. Өвлийн хүлэмжийг нэг мкв-ийг нь 200 мянган төгрөгөөр барьдаг. Хүлэмжийн аж ахуй эрхлэхийг хүссэн дурын хүн 1000 мкв хүлэмжийг 200 саяар бариулах боломж ховор. Өвлийн хүлэмж тийм их үнэтэй байхад түүнийг бариулаад байх ногоочид тун ч ховор шүү дээ. Ядаж л ЖДҮХС –нь хөнгөн үйлдвэрлэлээ дэмжээд зээлээр, хөнгөлөлттэйгөөр өвлийн хүлэмжийг хоршоодын дунд нэгийг бариад өгчихвөл жилийн дөрвөн улиралд монголчуудыг шинэхэн ногоогоор хангах боломж бидэнд бий.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ногоочин Э.Отгонтуяа:  Өвлийн хүлэмж бариулахад 120-150 сая төгрөг гэсэн

-Монголчууд монгол ногоогоо сайн мэддэг болсон. Иргэд ч Сэлэнгийн ногоо гэхээр андахгүй дээ. Гэхдээ ногооны үнэ муу байна. Бид чинь зуны гурван сар халуунд нь халж, хүйтэнд нь хөрж ногоогоо тариалж, хураадаг. Гэтэл зах зээл дээр үнэ доогуур байгаа нь ногоочдын хувьд дараагийн тариалалт хийхэд хүндрэлтэй тусч байгаа. Хүнсний бүдүүн ногоог найм, есдүгээр сард хураан хоёр сар л борлуулдаг. Хураасан  хүнсний  ногоогоо нөөцлөх зоорь, сав байхгүй болохоор ченжүүдийн хэлсэн үнээр бөөндөж өгдөг.

Ногоочид өвлийн хүлэмжийн аж ахуй эрхэлдэг болсон болохоор ногоочдоо дэмжээд байнгын талбай, зогсоолтой болгох хэрэгтэй байгаа юм. Нэг өвлийн хүлэмж бариулахад 120-150 сая төгрөг болдог гэсэн. Зээл, хөнгөлөлт гээд төрөөс дэмжвэл  бид өглөө бүр талбай дээрээс нь шинээр нь хураасан ногоогоо авчираад иргэдэд шинэ хүнс хямд үнээр хүргэнэ шүү дээ. Хятадын бордоотой ногоог хэрэглэхгүй гэсэн үг. Бид ямар нэгэн химийн хортой бодисоор бордохгүй, малын бууцаар л борддог. Бууцаар бордохгүй бол ногоогоо хураах болгонд хөрс шимээ алдана шүү дээ.

Өндөр настан Улсын хошой шилдэг ногоочин Т.Цэцэгмаа:  Жил бүр үзэсгэлэн худалдаа өргөжин тэлж байна

-Би энэ арга хэмжээнд Хөвсгөл аймгийн Рашаант сумаас 15 дахь намартаа оролцож байна. “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд Хөвсгөл аймагт ургадаг чаг мөөг, аарц, хөмүүлтэй хатаасан ургамал, шинэхэн ургаж буй жимсээрээ оролцохоор ирсэн. Жил бүр үзэсгэлэн худалдаа өргөжин тэлсээр байгаад сэтгэл хангалуун байна. Нэг үеэ бодоход үндэсний үйлдвэрлэл, үндэсний бүтээгдэхүүнээ дэмждэг хүн нэмэгдсээр байгаа нь миний хувьд их тааламжтай байна” гэлээ.

Энэ үзэсгэлэн худалдаанд жимс, хүнсний ногооноос гадна Дорнод аймгийн брэнд зөгийн бал, Хөвсгөл аймгаас хувиараа бизнес эрхлэгч гар аргаар боловсруулсан эмийн ургамал, тос, амьтны эврээр хийсэн бэлэг дурсгалын зүйлс ч дэлгэгдсэн байв. Цаашлаад үндэсний үйлдвэрлэл болох арвай, сулийн гурил үйлдвэрлэгчид ирсэн байлаа. Мөн төрөл бүрийн модны суулгацууд ч харагдана. Үзэсгэлэн худалдааны гол зорилго нь аймгуудын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж, малчдын гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл чанарын шаардлага хангасан хүнсийг гол нэрийн бүтээгдэхүүн мах цагаан идээ, хүнсний ногоог нийслэлийн хэрэглэгчдэд зах зээлийн доод үнээр хүргэж байсан юм.

 

Төмс кг-800 төгрөг
Лууван кг-1000 төгрөг
Манжин кг-1000 төгрөг
Байцаа кг-800 төгрөг
Сонгино кг-2500 төгрөг
Ногоон сонгино-2500 төгрөг
Хулуу кг-4000 төгрөг
Өргөст хэмх кг-3500 төгрөг
Улаан лооль кг-6000 төгрөг
Шанцай кг-1500 төгрөг
Брокли кг-5000 төгрөг
Чинжүү кг-7000 төгрөг

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Намуунтамир


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.