
УИХ-ын гишүүн С.Амарсайхан хотын дарга байхдаа гаргасан шийдвэрээс үүдэн жижиг, дунд бизнесүүдийг дээрэмдүүлж газраа булаалгаж байгаа талаар “Нар Мон” ХХК-ийн төлөөллүүд мэдээлэл хийлээ.
С.Амарсайхан нь нийслэлийн Засаг дарга байхдаа Амгалан орчимд “Нар-Мон” компанийн эзэмшиж байсан газрыг Тавантолгой түлш компанид шилжүүлэх захирамж гаргасан аж.
Тус компани 25 жил уг газрыг эзэмшиж байгаа бөгөөд нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ. Гэтэл ийнхүү нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, газар эзэмших эрхийг хүчингүй болгож, хувийн хэвшлийн газрыг төрд булаан авах шийдвэр гаргасан гэнэ.
Уг шийдвэрийг "Нар-Мон" компани эсэргүүцэж, холбогдох газруудад гомдол гаргаад байгаа юм байна. Энэ талаар "НарМон ХХК"-ийн захирал М.Хүрэлсүх “Манай “Амгалан” дахь тухайн газартаа агуулахын зориулалтаар ашигладаг. Энэ зун дахин хоёр агуулах нэмж барихаар төлөвлөсөн байсан. Нийслэлээс газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр газрын эрхийг цуцалсан шийдвэрийг дөрөвдүгээр сард гаргасан. Гэвч тухайн шийдвэр гарахаас 14 хоногийн өмнө манай тооцоо нийлсэн дүнгээр 84 мянган төгрөгийн илүү төлөлттэй явж байсан” хэмээн мэдэгдлээ.
Иймээс уг асуудлаар өнөөдөр захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаагаа мэдэгдсэн юм.
О.ОНОН