Жанжныхаа хөшөөг 100 жилийнх нь ойгоор сүйтгэхээр зэхэж байна

Хууль дүрэмтэй улсад бол нэг нь нийтийн эрх ашигт захирагддаг. Гэтэл манайд эсрэгээрээ. Нийтийн эзэмшлийн талбайг нэг хүнийх болгож хувьчилдаг дээрэнгүй ёс газар авсан. Тэр бүү хэл улс орны түүх соёлын дархлаа болсон агуу хөшөө дурсгалаа хүртэл сүйтгэж эхэллээ. Тэрхүү шударга бусыг эсэргүүцэж жирийн иргэд  мянга орилоод нэмэргүй. Тушаал шийдвэр гаргадаг төрийн албаныхан иргэдийн талд бус эрх мэдэлтэнд үйлчилдэг болсон цаг.  Энэ бурангуй тогтолцооны ганцхан жишээ нь 1000 гаруй иргэн, цаашлаад түүхийн гэрч болж нийслэлд цөөхөн байдаг дурсгалын нэг их жанжин Сүхбаатарын хөшөө юм.

Хан-Уул дүүргийн 15-дугаар хороо Удирдлагын академийн эсрэг талд нийслэл хотын бэлгэ тэмдэг болсон Сүхбаатарын хөшөө бүхий  ногоон байгууламж байдгийг олон нийт андахгүй. Тэр хавийнхны амарч зугаалдаг, Их жанжны хөшөөгөө төлөөлүүлж урсах түүх, угтах ирээдүйн ач холбогдлыг үр хүүхдэдээ захидаг тийм л үнэ цэнэтэй газар байв. Ганцхан сарын өмнө бүтэн байсан ногоон байгууламж өнөөдөр тэр хийхийн аргагүй болж. Сүхбаатарын хөшөөний араар нь цавчиж цор ганцаар нь үлдээсэн. Түүнийг тойрсон ногоон байгууламжийг булгалж газартай тэгшилж, улаан тоос бужигнаж буй өрөвдөлтэй дүр төрхтэй болжээ. Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн дэргэдэх “Академи” хотхоны 1200 гаруй оршин суугч мөнгөтэй компанийн өөдөөс яаж ч тэмцээд дийлээгүй аж. Ногоон байгууламжаа алдсан тэд их жанжныхаа хөшөөг нурааж, сүйтгэх нь цаг хугацааны асуудал боллоо хэмээн халаглаж сууна.

ХУД-ийн 15-дугаар хорооны “Академи” хотхоны ногоон байгууламжийг хувьчилсан “түүх”-ийг сөхвөл хууль бус, ээдрээ маргаанаар дүүрэн. Анх энэ газар төрийн өмч буюу Удирдлагын академийн мэдэлд байв. Харин 2010 онд тухайн үеийн Хотын захирагч Г.Мөнхбаярын  329 дүгээр тушаалаар “Билиг” гэх компанид олгосон байдаг. Ингэхдээ зөвхөн сургалт, конторын зориулалтаар ашиглана гэж 3962 мкв газрын эрх өгсөн. Түүнээс хойш арав гаруй жил өнгөрсөн ч “Билиг” компани энэ зориулалтаараа ашиглахгүй өдий хүрчээ. Харин энэ жил дөнгөж сар гаруйн өмнөөс л барилгын ажлаа эхэлж нийтийн эзэмшлийн талбайг буулгаж, оршин суугчдын тав тухыг алдагдуулж эрх ашгийг зөрчиж байгаад иргэд бухимдаж байна. 2015 онд “Оргил” рашааны ундаргын бүсэд сургууль барих нэрээр хууль зөрчиж эхэлсэн хэмээн хэвлэлүүд хөндөж байсныг уншигчид санаж байгаа байх.

 

Асуудлыг зангилааг хөөж үзвэл улсын өмчийн сургууль Удирдлагын академи газраасаа хувийн компанид яагаад шилжүүлсэн гэх асуудал гарч ирнэ. Хоёрдугаарт, Газрын тухай хуульд зөвшөөрөл олгосноос хоёр жилийн дотор зориулалтын дагуу ашиглаагүй бол хүчингүй болгоно гэж заасан байдаг. Гэтэл “Билиг” компани Удирдлагын академийн газраас авсан газраа хоёр жил байтугай арван жил болоход зориулалтынх нь талаар ашиглаагүй. 2010 оноос хойш сул байсаар өнөөдөр л зургаан давхар үйлчилгээний зориулалттай гэх барилга барьж эхэлжээ.Эндээс харахад төрийн мэдэлд байдаг Удирдлагын академи сургуулийн газраасаа хувийн хэвшилд зарсан гэж хэлж болохоор. Нөгөө талаас түүх дурсгал бүхий газраа сэргээн засварлаж унаган төрхөөр нь хадгална гэдэг төрийн албаныхан таг чиг.

Энд бас нэг ноцтой асуудал байгаа нь  өнгөрсөн гуравдугаар сард Хотын дарга С.Амарсайхан  нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх, газар олгосон шийдвэрийг цуцална гэдгээ хэлсэн ч өнөөг хүртэл хэрэгжээгүй  байна. Харин энэ талаар Нийслэлийн газрын албанаас тодруулахад “2010 онд Хотын даргын тушаалаар газар олгосон. Бусдыг мэдэхгүй” гэсэн ганц л тайлбарыг өгдөг. Гэтэл үүний цаана олон мянган иргэний эрх ашиг ноцтой зөрчигдөж, түүх соёлын дурсгалт газар сүйдэх ирмэг дээр тулж ирээд байна. Гэвч иргэд хүчин мөхөсдөж Хотын дарга асан С.Амарсайханы тушаал шийдвэр биелэлээ олох эсэх, хэн нэгэн эрх мэдэлтэй түүхийн илэрхийлэл болсон их жанжны хөшөөг аврахыг хүлээж сууна.

Төрийн эрх барьж байгаа МАН-ынхан удахгүй болох 100 жилийн ойгоо сүр дуулиантай тэмдэглэхээр бэлтгэж байгаа. Харин ууган гэгддэг намын түүхтэй салшгүй холбоотой Их жанжин Сүхбаатарын хөшөөгөө 100 жилийн ойтойгоо зэрэгцэн сүйтгэж, нураахыг нийслэлчүүд харах үлдлээ. Үгүй бол их жанжныхаа хөшөөтэй цэцэрлэгт хүрээлэнг хувьчилсны гайгаар нурж унахыг нь хүлээж байна уу.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-09-07 03:40:40
    БУМОД ГЭДЭГ ХХК ЭГЧ НЬ ХОТЫН ЗАХИРГААНД ОЛОН ЖИЛ БАЙСАН ТЭР АВСАН ХУВИЙН ХАУС БАРЬЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ
    172.69.135.79
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗАЙЛУУЛ ... ДА зайлуул... 2020-09-07 03:25:37
    ГАНЦААРАА Л..., ГАРАА СУНГАЧИХСАН, ГАЗАР ШИРТЧИХСЭН, ГАНСАРСАН БАЙДАЛТАЙ ЗОГСОЖ БАЙНА ЛЭЭ....
    162.158.183.174
    Мэдэгдсэн Хариулах