ХААН галерейд “Өртөө” хамтарсан үзэсгэлэн нээгдлээ

    Соёл урлагийг дэмжигч ХААН Банкны дэргэдэх ХААН галерей сар бүр залуу уран бүтээлчдийн сонирхолтой үзэсгэлэнг олон нийтэд толилуулдаг уламжлалтай. Дэлхий нийтийг хамарсан цар тахал коронавирусийн хөл хориотой холбоотойгоор хэсэг хугацаанд хаалттай байсан галерейн хамт олон  хоёр ч удаа виртуал үзэсгэлэнгээ олон нийтэд цахимаар хүргэсэн билээ. Тэгвэл энэ сараас ХААН галерей олон нийтэд үүдээ нээж, залуу уран бүтээлчдийн хамтарсан “Өртөө” үзэсгэлэнгээр үзвэрийнхээ салхийг хагаллаа. 

Үзэсгэлэнгийн танхимд гэхээсээ хязгааргүй орон зай, газар, хүрээлэн буй орчинд бүтээгддэгээрээ онцлогтой орон зайн урлаг буюу “Ланд арт” 2000 оны эхэн үеэс  Монголд эрчимтэй хөгжиж эхэлсэн. 2004 онд Монголын нэн шинэ орчин үеийн уран бүтээлчид “Хөх нар” контемпорари урлагийн төвөөс зохион байгуулсан анхдугаар “Арт камп”-д оролцож, газар орон зайн уран бүтээлүүдийг олны хүртээл болгож байв. Харин тэр цагаас хойш “Арт камп” уламжлал болгон зохион байгуулагдсаар өнөө жил 9 дэх удаагаа 50 гаруй уран бүтээлчийг хамруулсан томоохон арга хэмжээ саяхан болсон юм. Тэгвэл ХААН галерейн “Өртөө” контемпорари хамтарсан үзэсгэлэнд “Арт камп- 2020”-д оролцсон уран бүтээлчид болох Л.Гаваа, Ж.Ариунтуяа, Г.Энхжаргал, Р.Чинзориг, Т.Одгариг нар бүтээлээ толилуулж буй.