НӨАТ-ыг 5 хувь болгон бууруулах уу
Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж эхэлсэн үеэс эхлэн олон улсын донор байгууллагуудаас байнгын тусламж дэмжлэг авч байсны нэг жишээ нь НӨАТ нэвтрүүлэх төсөл байв.

1995  оноос хойш Монгол улсад ОУВС болон Дэлхийн банкнаас ирж ажилласан зөвлөхүүд “худалдааны татвар”-ыг НӨАТ-д шилжүүлэх талаар удаа дараа зөвлөж, энэ арга хэмжээ нь төсвийн алдагдлыг бууруулах, нийт татварын тогтолцоог бэхжүүлэх чухал арга хэмжээ  болохыг тэмдэглэж байжээ.
Ингээд 1997 оноос НӨАТ нэвтрүүлэх төслийг Дэлхийн банкнаас санхүүжүүлж, ОУВС-ын мэргэжилтнүүд хуулийн төсөл, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргажээ. Улмаар 1998 оны 01 сарын 06-нд НӨАТ-ын тухай хууль батлагдаж, мөн оны 07 сарын 01-ний өдрөөс хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байдаг.

Ийнхүү хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш  40 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд 2016.01.01-нээс шинэчлэн найруулсан хууль хэрэгжиж байна.  Тэгвэл хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өргөн барилаа.

Хуулийн санаачлагчийн зүгээс манай улс орлого цуглуулах чадварын үзүүлэлт өндөртэй орон хэдий ч НӨАТ-ын буцаан олголт харьцангуй бага байгаа нь НӨАТ-ын нэг гол зорилго болох татварын тогтолцоог сайжруулах зорилгоосоо илүү төсвийн орлогыг бүрдүүлэхэд чиглэж байгааг харж болно. Өөрөөр хэлбэл манай улсын НӨАТ-ын орлого өсөж, үүнийг дагаад орлого цуглуулах чадвар тасралтгүй нэмэгдэж байгаа нь сайшаалтай боловч үр дүнд нь инфляцийн болон ажилгүйдлийн түвшин өсөх, ДНБ буурах эрсдэл үүсэж болзошгүй байна.

Учир нь НӨАТ бол шууд бус татварын төрөл бөгөөд аливаа шууд бус татвар нь үнийн бодлогод нөлөөлж, үнийн хөөрөгдөл гарах нь ажиглагддаг. Хэрэглэгчдийн төлөх үнэ шууд бус татварын нөлөөгөөр нэмэгдэнэ. Чухам ямар хэмжээгээр нэмэгдэх нь тухайн бараа, ажил үйлчилгээний эрэлт нийлүүлэлтийн түвшингээс хамаарна. Энэ нөлөөлөл инфляцийн түвшин өсөхөд нөлөөлдөг.

Шууд бус татвар нь бага орлоготой хүмүүст илүү дарамттай, өндөр орлоготой хүмүүст арай бага дарамттай байна. Үүнээс үзвэл орлогын түвшингийн хувьд урвуу татвар юм.

Түүнчлэн ашигт ажиллагааны түвшингээс үл хамаарч ногддог тул ашгийн түвшин багатай татвар төлөгчдөд хүндээр тусдаг. Ашгийн түвшин багатай бизнес нь ихэвчлэн хөдөлмөр илүү шаардсан ажлууд байдгаас борлуулалтын татвар нь ажилгүйдлийн түвшинд нөлөөлж байдаг. Улмаар борлуулалтын татвар нь ихэнх тохиолдолд хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон жижиг бизнес эрхлэгчдэд илүү дарамт учруулах ба томоохон бизнестэй өрсөлдөх чадваргүй болгох эрсдэлтэй гэж үзжээ.

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварыг 10 хувиар ногдуулж байгааг 5 хувь болгож багасгахаар хуулийн төсөлд тусгасан байна. Харин парламент хууль хэмжээг өөрчлөх эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Өмнөх парламентад энэ асуудлыг хэд хэдэн гишүүд хөндсөн ч дэмжлэг аваагүй юм.
 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үйлдвэрлэгч 2020-09-06 16:48:19
    НӨАТ 5% болж буурвал үйлдвэрийн бүтээгдхүүний үнэ бууна, эцсийн хэрэглэгч хожино, нөат төлөгчдийн хүрээ тэлж төсвийн орлого эрс өснө.
  • МАН 2020-09-05 05:30:51
    Ёстой гайгүй байлгүй.
  • zochin 2020-09-04 10:39:32
    МАН-ы шулаачин идэгчид 5% болгох уу????
  • ХУУЛЬЧ  2020-09-04 04:01:43
    МЭДЭЭЖ ИХ ХУРАЛД СУУДАГ ГИШҮҮДИЙН ДИЙЛЭНХ ОЛОНХИЙН ХАМААРАЛ БҮХИЙ НӨХДИЙН ЖИЛИЙН ОРЛОГО 50 САЯААС ДЭЭЖ ХОЙНО НӨАТ-ыг 5 ХУВЬ БОЛГОХ ТЭДЭНД АСУУДАЛ БИШ ,,,,,