Онцгой дэглэмийн журам эцэг эхчүүдийг бухимдуулж байна

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хувьд энэ хичээлийн жил хамгийн удаан хүлээсэн онцгой жил байлаа. Цар тахлын улмаас нэгдүгээр  сарын 27-ноос эхлэн сургалтын байгууллага хаагдаж хүүхдүүд гэртээ теле байдлаар хичээлээ үзсэн. Харин Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу сурагчид энэ сарын 1-нээс танхимаар хичээллэж эхлээд байна. Гэхдээ сургууль руугаа орохдоо халуунаа хэмжүүлж, нэг ширээнд нэг сурагч хичээлийн турш масктай суухын сацуу гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар  хичээллэх зохицуулалттай.

Энэ жил улсын хэмжээнд 834 ерөнхий боловсролын сургуульд 690 мянга орчим хүүхэд суралцаж байгаа нь өмнөх оныхоос 40 орчим мянган сурагчаар нэмэгджээ. Тухайлбал, нэгдүгээр ангид 83200 хүүхэд шинээр элссэн бол цэцэрлэгт 3-5 насны 230 гаруй мянган хүүхэд суралцаж эхэллээ. Ийн онцгой байдлын дэглэмийн үед сургууль, цэцэрлэгүүд хэрхэн хичээллэж байгааг  сурвалжиллаа.

Хамгийн эхэнд бид байгуулагдаад 20 жил болж байгаа “Жүржхэн” хувийн цэцэрлэг рүү 11:00 цагийн үед очлоо. Биднийг ороход сурагчид хичээллэж буй учир нам гүм орчин угтав. Тус цэцэрлэг үүдэндээ зай барих тэмдэглэгээ байршуулсан байх агаад угтах ширээн дээр гар ариутгагч байршуулжээ. Энэ жил хоёр настнууд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. Тиймээс бид цэцэрлэгийн эрхлэгч Ч.Энхээтэй уулзаж зарим зүйлийг тодруулсан юм. Тэрээр  “Энэ хичээлийн жилд манай цэцэрлэгт 56 хүүхэд суралцаж байна. Өглөө 08:00 цагаас хүүхдээ хүлээж аваад 16:00 цагт  тарна. Нэг ангид 10 гаруй хүүхэд хичээллэдэг. Хоёр настнуудаа аваагүй учраас  нэг анги хаагдсан. Эцэг эхчүүдээс хоёр настай хүүхдээ өгье, орчин чинь тохилог  юм гэсэн хүсэлт их ирж байна. Гэтэл яамны журмаас болоод авч болохгүй гээд буцааж байгаа. Хувийн цэцэрлэгийг битгий ав гэчихээд хүүхэд харах үйлчилгээний төвд өгнө гээд байх юм. Хувийн цэцэрлэг хүүхэд харах үйлчилгээнээс багш, боловсон хүчин, орчноороо хамаагүй илүү. Манайд нэг бүлэгтээ хоёр настай 20 хүүхэд авах нөөц байна”  гэсэн юм.

Харин дараа нь бид Нийслэлийн 16 дугаар цэцэрлэгт 17:00 цагийн үед очиход эцэг эхчүүд хүүхдээ авч байлаа. Тус цэцэрлэгийн хувьд долоо хоногийн таван өдөр 08:00-17:00 цаг хүртэл хичээллэж байгаа юм. Эцэг эхчүүд үүдний жижүүрт хүүхдийнхээ анги, нэрийг хэлээд хүүхдүүд нь өөрсдөө гарч ирнэ. Эцэг эхчүүдийг анги танхим руу оруулахгүй гэсэн журам үйлчилж байгаа аж. Угтах багш, эцэг эхчүүд, хүүхдүүд бүгд маск зүүсэн байв. Мөн цэцэрлэгийн эмч хүүхдүүдийн халууныг нь үзээд бичиж тэмдэглээд явуулж байлаа. Учир нь хүүхдийг өглөө  хүлээж авах болон орой тараахдаа халууныг заавал үзэж бичиж тэмдэглэхээр дүрмэнд тусгасан аж. Харин хүүхэд, эцэг эхчүүд цэцэрлэгийн байранд орж гарахдаа нэг дор олноороо цугларахгүй 1-1.5 метр зай барих гэсэн журам үйлчлэхгүй байв. Дээрх дурьдсан зайг баримтална гэвэл эхний ээлжинд нэг дор хоёр ээж л дотогш орж, хүүхдээ аваад гарсны дараа дараагийн ээлжний хоёр  ээж орно гэж зохицуулагдахаар байгаа юм.

Боловсролын тэгш бус байдлыг тодотгосон “Ковид”-ийн журам

Харин сургуулиуд хэрхэн хичээллэж буйг сурвалжлахаар  Сүхбаатар дүүргийн Хоёрдугаар бүрэн дунд сургууль руу 12:00 цагт очлоо. Тус сургуулийн хувьд өнгөрсөн жил 84 бүлэгтэй хичээллэдэг байсан бол нэг ангид 20-25 хүүхэд суралцах ёстой гэсэн журмын дагуу 168 дэд бүлэгтэй болжээ. Энэ нэмэлт дэд бүлгийн улмаас ангийнхаа тоог 44-өөс 56 болгон нэмэгдүүлсэн байна. Ингэхдээ таван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэнэ. Энэ талаар тус сургуулийн ахлах сургалтын менежер Н.Чулуун “2020-2021 оны хичээлийн жилд 122 багш, 3600 гаруй сурагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. БШУ-ны сайдын А-17 түр журмын дагуу 168 дэд бүлэг үүсгэж 3600 хүүхдээ гурван хэсэгт хуваарилан хичээллэж байна. Нэг ээлжиндээ 620 орчим хүүхэд  суралцана.  Хичээл 08:00, 11:30, 15:00 гэсэн хуваарийн дагуу нэг анги өдөрт 4-4.5 цаг хичээллэж байна. Ээлж хоорондын 30 минутын завсарлагаанаар цэвэрлэгээ, ариутгалаа хийнэ. Даваа, лхагва, баасан гаригт танхимаар, мягмар, пүрэв гаригт  цахимаар хичээллэнэ. Анги руугаа орохоос нь өмнө сурагчдын халууныг хэмжиж, бичиж тэмдэглэх нь цаг их авч байна. Хичээл нь 08:00 цагаас эхлэх учраас 07:00 цагаас эхлэн халууныг нь хэмжиж оруулахгүй бол хичээлээсээ хоцорчихно. Тиймээс халуун хэмжих хүчин чадлаа нэмэгдүүлье гэсэн хүсэлтийг багш нар тавьсан. Бусад журмыг хэрэгжүүлэхэд хүндрэл алга”  гэлээ.

Дараа нь бид “Эрдэмтөгс” бүрэн дунд сургуулийг зорилоо. Тус сургуулийн хувьд цөөн хүүхэдтэй учраас таван өдөр танхимаар 6-7 цагаар хичээллэж байгаагаараа онцлог байв. Энэ талаар сургуулийн  нийгмийн ухааны багш Т.Одонсувд “Өмнөх хичээлийн жилд 85 өдрийг танхимаар 75 өдрийг теле хичээлээр суралцсан. Боловсролын байгууллагуудын хамтарсан судалгаагаар сурагчдын 46 хувь нь теле хичээлээ  тогтмол үзсэн байсан. Харин энэ сарын нэгнээс танхимаар хичээллэсэн нь багш, сурагчдын амьд харилцааг бий болгож, ойлголцоход илүү хялбар байна гэж багш нар баяртай байгаа. Манай сургууль 200 гаруй сурагчтайгаар нэг ээлжээр хичээллэж байна. БШУЯ-наас баталсан тушаалд гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэнэ гэсэн боловч манай сургууль цөөн хүүхэдтэй, цомхон бүтэцтэй учраас дотооддоо зохион байгуулалт хийж таван өдөр танхимаар хичээллэж байна. Нэг бүлэгт 20 орчим хүүхэд суралцдаг. Ахлах, дунд ангийн сурагчид 08:00 цагаас  эхлэн хуучин хуваарийн дагуу 6-7 цаг хичээллэж байна. ЭМЯ-наас гаргасан халдвар хамгааллын дэглэмийг нарийн баримталж байгаа. Эцэг эхчүүд хүүхдээ гар ариутгагч, солих масктай нь явуулж байна.  Сургуулийн эмч өдөр бүр хүүхдүүдээ бүртгээд, халууныг нь хэмжиж тэмдэглэнэ, багш нар хүүхдүүдээ өдрийн турш ажиглахаас эхлээд багш, ажилчдын ачаалал өмнөх жилүүдээс нэмэгдсэн. Харин эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдийнх нь хичээлийн цаг зөрсөн тохиолдолд алийг нь хэзээ нь авах уу, ажлаа яаж зохицуулах  уу гэсэн асуудал үүсч байгаа” гэж ярилаа. Сурагчид энэ сард 75 хоног телевизээр үзсэн хичээлээ бататгаж аравдугаар сараас шинэ хичээлээ үзэх юм байна. Улсын болон хувийн сургуулийн хичээллэж буй хуваариас харахад  “Ковид-19”-ийн журам боловсролын тэгш бус байдлыг илтгэсэн томоохон баримт болов. Учир нь угаас нэг ангид 20 орчим хүүхэд суралцдаг хувийн сургуулиуд долоо хоногийн таван өдөр танхимаар 6-7 цаг хичээллэж, хичээлийн шинэ жилийн хугацаанд үзэх ёстой хичээлээ бүгдийг нь үзэх, улсын сургуулийн хүүхдүүд гурван өдөр танхимаар 3-4 цаг хичээллэх хоёрын хооронд асар их ялгаа гарч байгаа юм. Байнга ярьдаг ч шийдвэрлэх арга зам эрэлхийлдэггүй боловсролын тэгш бус байдлын сөрөг нөлөөг “Ковид-19”-ийн үед сурагчид улам их хүртэх нь.

Дан ганц манай улс биш дэлхий нийтээрээ хүнд цаг үетэй тулгарсан учраас  халдвар хамгааллын дэглэмийг сахин, дасан зохицож ажиллана гэдгийг сургалтын байгууллагын удирдлагууд хэлж байлаа. Зарим нэг анги танхимыг ажиглахад сурагчид бүгд масктай, нэг ширээнд нэг сурагч сууж харин багш нар нүүрний хаалт зүүсэн байлаа. Учир нь маск зүүхээр яриа нь сурагчдад сайн ойлгогдохгүй байгааг багш нар хэлж байв. Зарим сурагчдаас халдвар хамгааллын энэ нарийн дэглэм ямар санагдаж буй эсэхийг тодруулахад “Цонхоо нээчихвэл масктай ангид суухад ямар нэгэн хүндрэл үүсэхгүй байгаа. Гэхдээ нүдний шилтэй хүүхдүүдийн хувьд шил нь цантаад хэцүүхэн юм. Цахим хичээлийг ангийн группт байршуулаад түүнийгээ судалж байгаа” гэж ярилаа.

Гэхдээ сургалтын байгууллагуудад баримтлах халдвараас сэргийлэх зарим журамдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Тухайлбал, сургууль, цэцэрлэгүүдийн хувьд өглөө, оройдоо сурагчдын халууныг хэмжиж, бичиж тэмдэглэх нь цаг их авч, багш, эмч, ажилчдын ачааллыг нэмэгдүүлж, зарим тохиолдолд сурагчид хичээлийн цагтаа амжихгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгааг хэлж байв. Мөн биднийг хэд хэдэн сургуулиар очих үед гадаа  нь сурагчид урьдын адил олноороо нэг дор бөөгнөрч, маскгүйгээр хоорондоо ярилцаж, гудамжинд, автобусны буудлын ойролцоо гээд сургуулиас бусад орчинд халдвар хамгааллын дэглэм үйлчлэхгүй байлаа. Ийм журам дагаж мөрд гэсэн тушаал цаасан дээр буулгачихаад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа гэж ярихын оронд хэрэгжилтэд нь анхаармаар байна. Түүнчлэн нэгэнт дотроо халдвар тархаагүй, сургуулиас бусад орчинд дэглэм үйлчлэхгүй байгаа юм чинь сурагчдаа хуучин хуваариар нь таван өдөр танхимаар нь хичээлүүлвэл боловсролын тэгш бус байдлаас эхлээд эцэг эхчүүд, багш нарын ачаалал, бухимдлыг бууруулна гээд бүх хүнд үр өгөөжтэй байхсан.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Horiog zogsoo 2020-09-04 11:22:38
    Ovchlolt,uhel bhgui Mongol dovchignohoo boli Hun heviin amidrah erhtei.Humuust amidrah amidraltai ym shuu