А.Амбасэлмаа: Халдварын тохиолдол бүртгэгдээгүй
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирут халдвараар 25 сая 8 мянган хүн өвчлөөд байна. Харин 17 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Сүүлийн гурван хоногийн хугацаанд нэг сая хүн коронавирусын халдвараар өвчилсөн байна.

Цар тахлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн явуулах талаар орон бүр өөрийн арга хэмжээг авч байна. Дэлхий дахин нийтлэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бол анги дүүргэлтийг багасгах, амны хаалт зүүх, гар угаах орчин бүрдүүлэх эрүүл мэндийн арга хэмжээнээс гадна хүүхдийг зөв ханиаж найтаахад сургах, алсын зайнаас мэндчилдэг болгох, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байх зөвлөмжийг өгч байна. Мөн хүүхдийн дархлааг дэмжих, хүүхдэд хэт их ачаалал өгөхгүй байхыг онцгойлон зөвлөмж болгож байгаа юм.

Харин манай улсад нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 30-нд 678 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан 301 тохиолдол байна. Үүнээс 295 хүн эдгэрсэн. ХӨСҮТ-д зургаан хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал хэвийн” гэлээ.
 
О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus