Б.Жадамба: Боловсролыг гурван цагийн бэлчирт тохируулан хөгжүүлэх ёстой

...Амьдрал гэдэг гэрэлтэй сайхан зүйлсээр дүүрэн байх юм. Жил бүрийн өдийд, “Есдүгээр сарын 1”-нийг угтаж, “Амьдралын тойрог”-тоо ажил, албандаа гаршсан, ардын багшийг урьж, энэхүү нийтлэлээ бэлтгэдэг билээ. Харин энэ жил боловсролын салбарт 40 гаруй жил ажиллаж буй багшийн багшийг урьж, хэн хүний амьдралд хэрэг болох олон чухал зүйлийг сонсон суугаа минь билэгшээлтэй сайхан санагдав.

“Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадармой” гэсэн ерөөлтэй сайхан үгс бий. Үнэхээр л мэдэхгүйгээ мэдэхийн төлөө хичээн суралцаж, мэдсэн сурсан бүхнээ бусдад харамгүй түгээж чадвал энэ ерөөлтэй сайхан үгс хэрхэн биелэлээ олж, багш хүн үндэстэй мод шиг цэцэглэж, ундрагатай ус шиг арвижин дэлгэрсээр байдаг гэдгийг эрхэм багшийн ажил, амьдралаас харж болох аж. Энэ эрхэм хүмүүн бол МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Боловсролын суурь судалгааны төвийн эрхлэгч, академич, доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Бадрахын Жадамба юм.

“ХҮН АМЬДРАЛААС СУРАЛЦДАГ”

Хичээлийн шинэ жил маргааш эхэлнэ. Эрхэм багшийн ажил бас өрнүүн их угтав. Гэсэн ч биднийг хүлээн авч боловсрол тойрсон олон сэдвээр яриа дэлгэхийн сацуу Монгол орныхоо өнцөг булан бүрт эрдэм номд хичээнгүйлэн шамдаж буй мянга, мянган багш, сурагч шавь нартаа амжилт бүтээлийн дээдийг хүсэн мэндчилсэн юм. Бидний яриа багшийн ажлаас эхлэв.  

- “Боловсролын салбар өөрөө их гэгээлэг, сайхан даа. Багш байна гэдэг бусдад дандаа сайны үрийг тарьж,  бусдын төлөө гэсэн сэтгэлээр өөрийгөө хөгжүүлж байдаг, хармын зангүй, хатуу сэтгэлгүй, өглөгч сайхан мэргэжил байдаг. Тийм болохоор багш нараараа, багшийн мэргэжлээр үргэлж бахархаж явдаг. XX зууны боловсролын салбарын үзэл, онолыг боловсруулсан нэрт сэтгэгчдийн нэг Жон Дьюи “Амьдрал өөрөө боловсрол юм” гэж хэлсэн байдаг.  Яг л түүн шиг хүн гээч амьтан төрж, өссөн цагаасаа орчлонгоос буцах хүртлээ амьдралаас суралцаж байдаг шиг би ч бас өнөөдөр суралцсаар л явна. Сурсан мэдсэн бүхнээ шавь нартаа зааж сургаж, тэднээсээ бас суралцаж, хамтдаа хөгжиж явна” гэв. 

Бадрахын Жадамба багш Архангай аймгийн уугуул,  Цахир, Тариат сумын зааг дээр төрж, өссөн айлын отгон хүү аж. Дээрээ хоёр ах, таван эгчтэй, өнөр гэр бүлийн гишүүн гэнэ. Түүний хүүхэд ахуй нас, сургуульд орсон түүх бас сонирхолтой сайхан. Тэрээр Цахир суманд нэгдүгээр ангид элсэн орж, удалгүй тус сум нь татан буугдсанаас болж, хоёрдугаар ангидаа Хангай суманд, гуравдугаар ангидаа Тариат сумын дунд сургуульд шилжин суралцаж байв. Одооны хүүхдүүдэд тун ярвигтай санагдах энэ түүх боловсролын салбарт хичээнгүй нэгэн сурагчийг бүтээж, 1972 онд тэрээр Тариат сумын дунд сургуулийг алтан медальтай төгсөж байжээ. Тэгээд их сургуульд элсэхээр аймгийн төв зорив. Зам нь бартаатайхан, ялимгүй саатаж ирсэн ч тэрээр онц сурсныхаа хүчээр их сургуулийн хуваарь түвэггүйхэн сонгожээ. Тухайн үед сургуулиа онц дүнтэй төгссөн сурагчид их сургуульд элсэн орох хуваариас  аль дуртайгаа сонгох эрхтэй байдаг байв. Энэ л жишгээр сонголтоо хийхэд, аймаг орон нутгаас ирсэн хүүхдүүд гадагшаа явж суралцах хуваарь сонгож байв. Харин тэр эх орондоо мэргэжил эзэмшихээр МУИС-ийн Физикийн ангид элсэн оржээ. Ингээд Монгол Улсын ууган их сургуульд таван жил суралцаж, “Физикч”, “Физикийн багш” гэсэн мэргэжлээр төгссөн байна. Залуухан физикч хүү ажлын гараагаа ШУА-ийн харьяа Физик, технологийн хүрээлэнгээс эхэлж, эрдэм шинжилгээний ажилтнаар нэг жил ажиллаж байгаад, 1979 оноос МУИС-д Физикийн багшаар ажиллав. 1983 онд Москвагийн их сургуульд докторантурт суралцаж, 1986 онд докторын зэрэг хамгаалж иржээ.  Түүний энэ намтар түүхээс ажиллахын зэрэгцээ суралцаж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэхийн төлөө явсан мэрийлттэй занг нь харж болох. Мөн энэ хэрээр эрхэм багшийн ажил, амжилт бас урагшилсаар, МУИС-д аспирантур хариуцсан мэргэжилтэн, тэнхимийн эрхлэгчээр ажиллав. Тэгээд 1990 оноос Улсын Багшийн дээд сургууль буюу одоогийн Монгол Улсын Боловсролын их сургуультай ажил, амьдралаа холбожээ. Б.Жадамба багш  одоо МУБИС-ийн  Боловсролын суурь судалгааны төвийг хариуцан ажилладаг бөгөөд 100 гаруй судлаач багш нартай хамтран Монголын  боловсролын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.

“ХҮНИЙ АЛИВ ҮЙЛ ТҮҮНИЙ ҮР ДҮНГ БОЛОВСРОЛ ГЭНЭ”

Алив юмыг багаас нь эхэлж хийсэн хүнд арвин их туршлага хуримтлагдан үлддэг нь амьдралын хууль юм. Тэр утгаараа ажил мэргэжилдээ гаршсан ахмад багшийн амнаас гарах үг бүр нь үнэ цэнэтэй. Түүний ярианаас амьдралд ойр, авууштай, бодууштай санаанууд их олон цухалзах аж. Тухайлбал,  “Ер нь хүн мэдэхгүйгээ мэдэх нь боловсрол юм. Шинийг сурч мэдэх тусам хүн хөгжиж байдаг. Би амьдралдаа шинийг сурч мэдсэн, хөгжсөн гэж бодож явдаг хамгийн чухал үе бол Монголын багш нарын мэргэжил дээшлүүлэх институтын захирлаар олон жил ажиллахдаа хот, хөдөөгийн  багш нартай тулж ажиллан ажил албатай нь биечлэн танилцаж, ангиа танхимд нь зааж зааварлах явцдаа олон зүйлийг сурч мэдэж авсан. Хүн ажлын байран дээрээ үргэлж хөгжиж байдаг гэдгийг мэдэрсэн.  Би одоо ч шавь нараасаа суралцсаар, хөгжсөөр яваа” хэмээн ярих нь бахархалтай санагдав.

Түүний амьдралд гадны хэл соёлд суралцаж, судалсан, мөн эх орныхоо боловсрол соёлыг гадныханд сурталчилан таниулсан түүх олон бий. Монголчууд биднийг зах зээлийн нийгэмд шилжиж, картын бараанд дугаарлан зогсох үед тэрээр шинэ нийгмийг бүтээлцэхийн төлөө 1992-1993 оны үед Монгол Улсад хэрэгжүүлсэн, хамгийн анхны Фулбрайтын тэтгэлэгт хамрагдаж, АНУ-ын Петсбургийн их сургуульд нэг жил ажилласан байна. Энэ хугацаандаа Европын хэл соёл, барууны орнуудын боловсрол, соёлын ялгаа, сул болон давуу тал гээд олон зүйлийг нарийн анзаарч харжээ. Энэ бүхнээс үүдэн боловсролын салбартаа бид уламжлал, шинэчлэл хоёрыг  зөв хослуулан тусгаж өгөх хэрэгтэй юм байна гэсэн санааг бодож ирж. Энэ тухай тэрээр “Бүх зүйл хоёр талтай гэдэг шиг монголчууд бид гадны боловсролын системийг даган дууриах биш боловсролын бодлогодоо уламжлал, шинэчлэл хоёроо хослуулан авч явах нь зүйтэй юм байна гэдгийг олж харсан. Мөн аливаа амжилт бүтээл уламжлал, шинэчлэл хоёроос урган гардаг юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс боловсролын асуудлыг бид авч хэлэлцэхдээ өчигдөр, өнөөдөр, маргааштай нь хамт, гурван цагийн бэлчирт нь зохицуулан авч явах нь чухал юм. Бид 1990-ээд оноос хойш шинэчлэл гэж хошуураад, уламжлалт боловсролынхоо нарийн нандин зүйлсийг орхигдуулчихсан. Харин одоо үүнийгээ яаж засах, сэргээн шинэчлэх вэ гэдэг нь боловсролын салбарт хийх  чухал ажлуудын нэг” гэв. 

ДАЯАРШИН ДАНГААШРАХ УУ, ДАНГААРШИН ДАЯАРШИХ УУ?

Багш хэмээх үгэнд хүмүүжил төлөвшил, хүн чанар, хариуцлага ёс зүй, хайр энэрэл нуугдаж байдаг. Харин багшийн багш Б.Жадамба гуайд эх орны хэл соёл, уламжлалт түүх, Монгол Улсын хөгжил, монгол хүний хүмүүжил төлөвшил гээд санаа чилээм олон зүйл нуугдаж байдаг аж. Тэрээр орчин цагийн залуусын хөгжил дэвшил гэж хардаг технологийн хөгжил, даяаршил, дэлхийн боловсрол гэсэн зүйлд “Авах гээхийн ухаантай” хандах хэрэгтэй хэмээн хэд хэдэн зүйлийг чухалчлан зөвлөж байна. Тухайлбал, “Бид монгол хүн гэдгээрээ бахархах ёстой.  Монголчууд бидний хэл соёл, уламжлалт сэтгэлгээ, зан заншил нь орчлонгийн бүтэц, зохицол хийгээд монгол хүний сэтгэлгээний цар хүрээ, амьдрах арга ухаан, байгаль дэлхийтэйгээ зөв харилцах үзэл онолоор илэрхийлэгдэж байдаг. Тэр утгаараа дэлхийн нийтийн тэргүүлэх салбаруудад гарч буй ололт, амжилтыг судлаад үзэхэд, манай нүүдэлчин монголчуудын аугаа соёлд тэр бүх арга, ухаан нуугдаж байдаг гэдгийг илүү тодотгож хэлмээр байна. Жишээ нь, дэлхий нийт өнөөдөр нийгэм гэж хошуураад, байгалиа орхигдуулсанаас үүдэлтэй гарч ирж буй “Байгаль соёл” гээч зүйл монголчуудын амьдрах арга ухаанд эртнээс хадгалагдаж ирсэн.  Өнөөдөр дэлхий нийт тогтвортой хөгжил, дэлхийн иргэний боловсрол, XXI зууны хөгжил дэвшил гэсэн гурван зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж байна. Энэ гурван зүйлийн үндэс болсон бүх зүйлс  монголчуудын өв соёл дотор байна гэдгийн бид ойлгож ухаарч явмаар санагддаг. Үүнээс үүдэн гадны зүйлийг дотор талдаа суулгах биш өөрийхөө зүйлийг гадагш нь гаргаж, дэлхийтэй хөл нийлүүлэн алхах нь чухал юм. Жишээ нь, өнөөдөр бид даяаршил гэж их ярьж байна. Даяаршил бол зүгээр сууж байхад нэгдэж нийлдэг үйл явц биш юм. Үүн дотор дээрх хоёр зүйлийг тэнцвэртэй авч явахгүй бол бид морь унасан толгойгүй хүн шиг болох гээд байна. Харин энэ даяаршил дотор бид өөрийнхөө хэл, соёлыг нэвтрүүлж, дангааршин даяарших ёстой юм. Тиймээс дангааршин даяарших уу, даяаршин дангаашрах уу гэдгийг бодолцох ёстой” гэв. Энэ  сэдэв бас дотроо олон төрөлд хуваагдан цааш үргэлжлэх нь бидний яриаг улам сонирхолтой болгов.

“МОНГОЛ ХҮҮХДЭД ЗҮРХ СЭТГЭЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОЁ”

Академич Б.Жадамба гуай Монгол Улсын өнцөг булан бүрт мянга мянган шавьтай хүн. Тийнхүү олон зүйлийг бодож, тунгаадаг, сэтгэлтэй, дотортой хүний шавь байна гэдэг бас азтай хувь тохиол байх. Монголчууд эртнээс “Шавийн эрдэм багшаас эхтэй” хэмээн багш, шавийн залгамж халааг бодолцож, үр хүүхдээ сайн багшид шавь оруулж, сайн хүн болгохыг хичээдэг байв. Мөн сайн хүн эх орон, ард түмэндээ хэрэгтэй, хүнд тустай үйлийг бүтээнэ гэдэгт итгэл төгс байдаг. Тиймээс боловсролын салбарын хамгийн чухал зүйлийн нэг “Монголчууд бид ирээдүй хойчоо хэрхэн бэлтгэх вэ”, “Боловсролын салбарт юуг илүү анхаарах вэ” гэсэн асуултад нухацтайхан хариулт сонсохыг хүсэв. 

-“Бид боловсролын шинчлэл гээд тоймгүй их зүйл хийсэн. Яг үнэндээ одоо бид хийсэн, бүтээсэн зүйлээ эргээд харах ёстой. Ингэхдээ алдаа оноотой нь харах ёстой.  Өнөөгийн боловсролын бас нэгэн чухал асуудал бол хүнийг хүн болгон төлөвшүүлэх явдал. Тэр дундаа хайрлаж энэрэх сэтгэлтэй, хариуцлагатай, ёс зүйтэй зөв монгол хүнийг бэлтгэх нь хамгийн чухал асуудлын нэг болоод байна. Монгол Улсыг өнөөдөр монгол хүн л хөгжүүлнэ. Тиймээс үр хүүхдээ бага ангид нь монгол хүн болгомоор байна. Дунд ангид нь Монголын иргэн, ахлах ангид нь дэлхийн иргэн болгомоор байна. Бид хүнээ ингэж бэлдсэн цагт л Монгол Улс хөгжинө. Тэгэхгүй бол бид багаас нь гадны иргэн болгож бэлтгээд байна. Тиймээс бид яаж монгол хүн бэлтгэх вэ гэдэгт онцгой анхаарах хэрэгтэй. Дэлхийн улс орон боловсролын салбартаа энэ л бодлогыг чухалчилж байна. Сүүлийн үед анзаарч харвал бид бусдын үгээр их явдаг болж. Хиймэл оюун ухаан, роботын эрин үе гэдэг шиг юмыг даган дуурайх хандлагатай болсон байна. Өөрснөө юмыг сэтгэж хийхээ больжээ. Хиймэл оюун ухаан гэж бид сэтгэл байхгүй, сэтгэж хийдэггүй зүйлийг нэрлэж  буй. Гэтэл одоо бид өөрснөө түүнээс ялгарахаа больсон байна. Хүн чинь төрмөл сэтгэхүйтэй, сэтгэлтэй төрсөн амьтан. Тэгэхээр өнөөдөр аливаа ажлыг хийхэд сэтгэл байхгүй бол хичнээн өндөр боловсрол эзэмшсэн байгаад ч нэмэргүй. Тиймээс аливаа зүйлд сэтгэлтэй, зүтгэлтэй ханддаг, тийм л хүнийг бэлтгэх ёстой байна.

Миний бодож явдаг нэг зүйл бол бид сурлага сайтай, мэдлэг өндөртэй залуусаа гадны улс оронд тэтгэлгээр суралцуулж байна. Гэтэл эдгээр залуус 4-5 жилийн ард төгсөж ирэхдээ гадны хэл соёлыг сурталчилсан хүмүүс ирж байна.  Тиймээс бакалаврын боловсролыг эх орондоо олгодог больё. Гадны улс орон луу өгдөг тэр их мөнгийг дотооддоо зарцуулъя. Их сургуулийн боловсрол эзэмшсэн, төгссөн хойноо гадны хэл соёлтой нь танилцаж, дахин суралцаж яагаад болохгүй гэж. Бид язгуур үндсээ бодох ёстой гэж боддог. Тиймээс боловсролын салбартаа цаашид үүнийг бодолцоосой” гэв.

“ХОЙЧ ҮЕДЭЭ ЗАГАС БАРИХ АРГЫГ НЬ ЗААЖ ӨГЬЕ”

Боловсролын салбартаа бид гадна, дотны олон хөтөлбөрийг зоригтойгоор туршиж буй. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд боловсролын бодлого, үйл ажиллагаа тогтвортой байхыг илүүд үздэг. Энэ бүх асуудалд тэрээр өөрийнхөө санаа, бодлыг бас хэлсэн юм.  Б.Жадамба багш “Аливаа улс орны хөгжлийн цөм бол ямар боловсролыг олгож байна гэдгээс их хамаардаг. Тиймээс Монгол орны залгамж халааг ямар хүмүүс цааш нь авч явах вэ гэдгийг их бодох хэрэгтэй. Одоо бид бие биенээ шүүмжлэх бус энэ тухай нээлттэй сайхан ярилцаж, “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг шиг бүх түвшиндээ засч залруулж авмаар байна. Өнөөдөр ирээдүй, хойч үе, үр хүүхдээ ямар хүн болгож бэлтгэх вэ гэдгийг эцэг, эх болгон бодох хэрэгтэй.  Гадны хэл, соёлоор бид Монголд амьдрахгүй учраас уламжлалт хэл соёл, арга ухаанаа  боловсролдоо суулгаж, үүнийгээ гадагш нь экспортлох хэрэгтэй. Өнөөдөр Дорнын соёлтой Япон, Солонгос улс яагаад ингэж үсрэнгүй хөгжөөд байна вэ гэхээр эв эеээ эрхэмлэсэн, сэтгэлтэй зүтгэлтэй улсыг хүмүүжүүлж чадсанд л оршиж байгаа юм” гэв.

Орчин цагт нийгэм хөгжихийн хэрээр монголчууд бид хүүхэдтэй холбоотой хэрэг зөрчил, хар бараан мэдээллүүдийг хангалттай сонсдог болсон. Үүнийг эцэг, эх, гэр бүлийн хүмүүжил, дунд сургуулийн боловсролтой холбон буруутгах нь ч олонтаа байдаг. Тэгвэл мөн монголчууд хүүхдийг эртнээс “Хүн шиг хүн болгон хүмүүжүүлэх”-д анхаарч ирснийг тэрээр бас дурдав. Мөн хүмүүжил, төлөвшлийг боловсролдоо  хэрхэн суулгаж  өгөх тухай санаагаа бас хэлэв.  “Монголчуудын уламжлалт соёлын бас нэгэн гайхамшигтай зүйл нь хүмүүнээр хүн хийх ухаан юм. Хүн гэдэг нь нэг талаас бие гэж ойлгогдох боловч  нөгөө талаас хүмүүжил төлөвшлийг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, бид ёс суртахуун гэж зүйлийг бас хүн гэж томьёолдог. Энэ нь ёс суртахууныг бүх зүйлдээ суулгаж өгөх хэрэгтэй гэсэн үг юм. Хүн төвтэй хөгжил гэдгийг бид ёс суртахуунтай хөгжил гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс өнөөгийн бүх шатны боловсролын байгууллагууд хүүхдэд эрдэм сургахыг чухалчлах хэрэгтэй. Эрдэм сургах гэдэг нь боловсролтой болгох арга ухааныг зааж өгөхыг хэлж буй хэрэг.  Өнөөдөр бид үүнийг “Загас барьж өгөх биш, загас барих аргыг зааж өгөх нь чухал” гэж ярьж хэлдэг. Яг үнэндээ өнөөдөр бид хүүхэд багачууддаа тайлбар толины  боловсролыг олгож байна. Одоо үүнээсээ зайлхийж, юуг яаж сурах вэ гэдэг тэр аргыг нь  зааж өгөх ёстой” гэв. Орчин үед үр хүүхэд гэлтгүй томчууд бид өөртөө суулгах гээд хичээж буй зүйл бол бие даан суралцах, бүтээлчээр хөгжих явдал. Энэ тухай бас тэрээр олон зүйлийг тунгааж явдаг аж.

Эрхэм багшийн ярих, хэлэхийг сонсож суухдаа монгол хэлний баян тансаг хэрэглээ, үгийн утга агуулга зэргийг гайхан биширч суув. Тэрээр Монголын боловсрол судлал гэсэн нөр их ажлын дор эх хэлнийхээ арвин баялаг үгийн сан,  монгол хүний оюуны гайхамшгийг судлан шинжилсээр л суудаг хүн юм.  Үг бүрээс нь өөрийнх нь санаа, оноог илтгэх час хийсэн адилтгал зүйрлэл хөврөх нь аргагүй л багшийн багш юм хэмээн бодогдох. Сурах арга барилын тухайд тэрээр “Эрдмийн дээд эв, эрхмийн дээд эх” гэж үг байдаг. Эрдэмтэй болно гэдэг нь эе, эвтэй хүн болно гэсэн үг. Үүнийг бас бодолцох хэрэгтэй. “Эрдмийн чанар аргандаа, эдийн чанар эвэндээ” гэж ярьдаг. Тэгэхээр бид энэ арга, эвийг хүүхдүүддээ суулгаж өгөх хэрэгтэй байна.  Одоо бид сэтгэлгүй боловсролтой, робот шиг хүмүүсийг л бэлтгэж байна. Монгол хэлний их тайлбар толь 21-т юу гэж тайлбарласан байна вэ гэхээр эрдэм гэдгийг сэтгэл, эв нийлэлцсэн байдал гэж тодорхойлсон байдаг. Энэ нь орчин үеийн хэллэгээр бол сэтгэлгүй гэдэг нь эрдэмгүй гэсэн үг юм. Эрдэмтэй хүн гэдэг нь сайхан сэтгэлтэй, юманд эв дүйтэй, олонд тустай, дэмтэй, бусдыг өөртөө татах чадвартай хүнийг хэлж буй юм. Харин өнөөдөр яагаад энэ бүх чанар алга болчихов гэвэл “Галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөв” гэгчийн үлгэр шиг өнөөдөр бид боловсрол олгоод байгаа хэрнээ ёс суртахуунгүй, хүмүүжилгүй хүнийг бэлтгэж байна. Харин одоо хэн нэгнээс алдаа хайх бус үүнийгээ яаж засах вэ гэдэгт анхаарч ажиллах хэрэгтэй” гэв. Багш нарын ур чадварын тухайд “Монголд багш нар муудсан зүйл алга. Багш  нар чадах хэрээрээ сайн ажиллаж байна. Хамгийн гол нь дээрээсээ хяналт шалгалт, цаасны дарамт ихтэй амьдарч байна. Хуучны багш нар өөрийнхөөрөө хичээлээ заагаад, хүүхдээ хүмүүжүүлээд явдаг байж. Харин одооны багш нар гадны хөтөлбөр, тусгай боловсруулсан хөтөлбөрийн дагуу хичээлээ заах гэдэг болсон.  Тиймээс багш нартаа академик эрх чөлөөг нь олгоод, ачааллыг нь хөнгөлөөд, итгээд ажиллах хэрэгтэй” гэлээ.

ХАМТАРЧ АЖИЛЛАХ, ХАМТДАА ХӨГЖИХ НЬ ЧУХАЛ БАЙНА

Уул хэдий өндөр ч бэлээсээ өгсөх замтай, оройгоороо явах жимтэй байдаг гэдэг шиг Бадрахын Жадамба багш эрдэм номын мөр хөөхдөө  багаасаа амьдралын хатуу хөтүүг даван туулсаар  иржээ. Түүний аав Архангай аймгийн Цахир сумын уугуул, Дондогийн Бадрах гэж хүн хүүгээ нялх балчирт нь бурхан болсон байна. Хань ижлээсээ хойш найман хүүхэдтэй ганцаар үлдсэн түүний ээж үр хүүхдээ боловсрол мэдлэгтэй болгох гэж  ихэд хичээн зүтгэсэн байна. Энэ тухай дурсахдаа тэрээр “Миний ижийг Б.Цэнд-Аюуш гэдэг хүн байлаа. Архангай аймгийн Хангай сумын уугуул. Хүүхдүүдээ бүгдийг нь сургуульд сургах гэж хэдэн малаа айл дээр тавиад, сумын төв бараадаад амьдардаг байлаа.  Бидний гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэх гэж ээж минь маш их хичээсэн. Ээж маань айлын мал маллах, сургуульд үйлчлэгч хийх гээд таарсан бүх л ажлыг чамбай хийдэг. Олонд тустай, дэмтэй явдаг.  Хүнтэй зөв сайхан харилцдаг хүн байлаа. Биднийг хүмүүжүүлэхдээ үглэж зэмлэхээс илүү үлгэрлэж үзүүлдэг. Ажлыг дагуулж хийдэг, зааж зааварладаг хүн байсан. Бид бүгд өнөөдөр зөв хүмүүжил төлөвшилтэй, сайхан ажил амьдралтай яваа минь гэр бүл, аав ээжээс авсан хүмүүжил юм” гэв. Мөн орчин үеийн хүүхдүүд цахим ертөнц, технологийн хөгжлөөс болоод эцэг эхтэйгээ харилцаж, ярилцаж чадахгүй болсныг шүүмжлээд, үр хүүхдээ зөв сайхан хүн болгоё гэвэл эцэг эх, багш, сургууль гурав хамтарч ажиллах хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.

Эрхэм багшийн хувийн амьдрал, гэр бүлийг сонирхвоос “Эхнэрийг минь М.Адъяасүрэн гэдэг. Арван хүүхэдтэй айлын том, өнөр гэр бүлд өссөн, ажилсан хүн бий. Аав нь малын эмч, ээж нь цэцэрлэгийн багш байлаа.  Архангай аймгийн Тариат сумын бүсгүй. ХААИС-д суралцаж төгсөөд, хуучин Хан Уул дүүрэгт байдаг байсан, Арьс ширний үйлдвэрт лабораторийн эрхлэгч хийж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан. Манайх хүү, охин хоёртой. Мэргэжлийн зэрэг цол горилох, судалгааны ажил хийх гээд хоёулаа гадаадад сурч ажиллаж буй. Уг нь жил бүрийн зун ирдэг юм. Энэ жил вирусээс болоод ирж чадсангүй. Эхнэр бид хоёр хоёр талаасаа олуулаа, өнөр учраас ах дүүс гээд уйдах завгүй, сайхан  сууцгаадаг даа” гэв.

1983 он. Гэр бүлийн хамт.

 

“ЕСДҮГЭЭР САРЫН 1” ЭРДМИЙГ ЭРХЭМЛЭГЧ ХҮН БҮРИЙН БАЯР

Монголчууд бид “Багш дор мөргөе. Ном дор мөргөе” хэмээн багшийг шүтэн дээдэлж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Багшаар эрдэм ном заалгаагүй хүн байдаггүй гэдэгчлэн энэ өдөр Б.Жадамба багш бас олон сайхан багшаа дурссан юм. “Хүний амьдралд анхны юм бүхэн сэтгэлд тод үлдсэн байдаг. Анх багш хэмээх хүндтэй алдрыг хүртэж анхны хичээлээ заах, анхны шавь нартайгаа уулзсан мөч сэтгэлээс гардаггүй. Анх их сургуульд багшаар ирж байх үедээ жинхэнэ алтан үеийнхэнтэй хамт мөр зэрэгцэн ажиллаж байлаа. Би тэднээсээ маш их зүйлийг сурсан. Мөн МУБИС-ийн минь хамт олон минь нэгдмэл, нэг үзэл санааны дор хамтран ажиллахад ямар амжилттад хүрдэг вэ гэдгийг харуулсан.  Ийм сайхан хамт олны дунд ажиллаж, амьдарч яваадаа талархаж явдаг.  “Есдүгээр сарын 1” бол  эрдмийг эрхэмлэдэг хүн бүрийн баяр. Ийм сайхан өдөр гэрэлтэй сайхан буланд зочноор уригдсандаа баяртай байна. Багш нартаа, шавь нартаа амжилт хүсье. Эрдэм оюун дэлгэрэх болтгуай” гэсэн сайхан ерөөл талбисаар бидний яриа өндөрлөв.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Энхтуул
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ц.Сумъяа 2020-09-01 00:18:31
    Үгсийг тунгаа, үйлийг бүтээ, сэтгэлийг зас, итгэлийг тээ, зүтгэлийг батжуул. Болно доо Болно. Сайхан ирээдүйг эвлэлдэн бүтээцгээе. Эрхэм тандаа эрүүл энх сай...
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргээ 2020-08-31 13:44:45
    Их сайхан гэгээлэг нийтлэл байна. Ийм л арвин туршлагатай тулхтай юм үзсэн 2 ийг бодож 3 ийг тунгаах чадвартай хүнээр боловсролын яам ус агаар мэт дутагдаж байн...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах