“Ажилтай орлоготой монгол хүн”-ий ажлын байрыг битгий булаагаач
Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхэлж буй авто худалдааны төвүүдийг хотын баруун зах буюу 22-ын товчоо руу нүүлгэх шийд цаасан дээр гараад багагүй хугацаа өнгөрсөн. Уг шийдвэрийн дагуу бол өнгөрсөн лхагва гарагт шинэхэн цогцолбор ашиглалтад орж, “том” дарга нар очиж улаан тууз хайчлах байв. Гэтэл хачир дээрээ болзоот өдөр “Да хүрээ” захын урд байрлах ХААН банкны уулзварт тэр хавийн автомашины худалдаачид эсэргүүцлээ илэрхийлж, зам хааснаас хэтэрсэнгүй. Учир нь уг захууд өглөө үйл ажиллагаа эхлэх цагтаа шаардлагын дагуу хаалгаа барьснаар энэ үйл явдал өрнөсөн юм.

Уг эсэргүүцэл даамжирч ХААН банкны уулзвараас “Офицеруудын ордон”-ы аюулгүйн тойрог хүртэл сунасан. Удалгүй Баянзүрх дүүргийн замын цагдаагийнхан ирж асуудлыг намжаасан ч холбогдох байгууллагынхан буюу мэргэжлийн хяналт, авто худалдааны цогцолбор зэрэг газруудаас хүн ирсэнгүй. Харин эсэргүүцэгчдийн асуудал тус дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт хүрч байцаагч нь ирж, даргатайгаа утсаар яриулснаар эсэргүүцлийн жагсаал өндөрлөсөн юм.

Гэхдээ тэдэнд “МХЕГ-ын дэд даргын гаргасан тушаалд бид ямар нэгэн хариу өгөх боломжгүй. Ямар ч байсан та бүхэн үйл ажиллагаагаа явуулж бай. Тодорхойгүй хугацаагаар нээлээ” гэсэн аж.

Ийнхүү бүтэн өдөр­жин сунжирсан хэрэг намжиж, өчигдрөөс тэд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Гэхдээ хэзээ ирээд хаалга түгжих бол гэсэн айдас захуудын удирдлагууд болон түрээслэгчдийг түгшээх болов. Уг нь энэ талаар авто худалдааны цогцолборын дарга Б.Байдраг Аравдугаар сарын 1-нд “Нарантуул” захын талбайг дөрөв нийлүүлсэн хэмжээний буюу 20 га талбай дээр суудлын болон жийп, дунд оврын ачааны машины 6349 зогсоол хийгдэнэ.

Энд хамгаалалтын хашаа, гэрэл цахилгаан, интернэт, камер, талбайн узель, арилжааны банкууд, даатгалын нэг цэгийн үйлчилгээ, нотариат, автотээврийн оношлогоо, хаягийн бүртгэл болон импортын машины бүртгэл хийдэг байгууллага нь хүртэл байх юм” хэмээн итгэл төгс ярьсан нь саяхан.

Гэтэл байдал дээр цаасан дээр буусан уг төлөвлөгөөний нэгээхэн хэсэг нь “22-ын товчоо”-ны урд байрлах талбайд алга гэдгийг түрээслэгчид хэлж байв. Ингээд бид энэ талаар судлахаар “Да хүрээ”, “МЧГА ХХК-ийн Мөнгөн хүлэг”, “Дизель хүрээ” захаар орж, түрээслэгчид болон удирдлагуудтай нь уулзсан юм.


20 жил зүтгэж, босгосон амьдралыг минь үрэн таран хийх нь...

Хэмээн зовлон жаргалаа ярих иргэд “Да хүрээ” захын түрээслэгч дунд захаасаа авахуулаад байсан юм. Тэдний хувьд анх зах байгуулагдахад тааран шуудай дэвсч, эрэг, боолт дэлгэн тавьж зарсаар өдий зэрэгт хүрсэн гэдгээ хэлж байв.
Мөн тэдний 70-аас дээш хувь нь Баянзүрх дүүрэгт сүүлийн таваас дээш жил амьдарч буйгаа хэлж, амьдрал нь орвонгоороо өөрчлөгдөх гээд буйг ч хэлэв.

Хэдийгээр уг захад бүртгэлтэй 5000 орчим түрээслэгч байгаа хэдий ч тэндээс хоолоо олж иддэг 20 мянга орчим иргэн бий гэв. Биднийг очих үест жижиг тэргэнцэр дээр хоол түрсэн, бохь, ундаа зардаг жаалууд гээд өчнөөн төрлийн бизнес тэнд цэцэглэжээ.

Мөн энд том, жижиг нийлсэн тоймгүй олон цайны газар бий. Тэд ч гэсэн цогцолборт байрлах цайны газрын тендерийн босгыг давж чадахгүй байгаагаа хэлж байсан юм. Тэдний хэнд ч 40 сая төгрөг төлөх чадвар байхгүй аж.
Ийнхүү хуанлийн хуудас хөрвөх тоолонд, арав­дугаар сарын 1-н дөхөх бүрт сэтгэл түгшиж байсан түрээс­лэгчид “Арай ч улайм цайм хөөж, туухгүй байлгүй дээ” гэсэн бодолтой байснаа ч нуусангүй.

Гэхдээ тэдний дийлэнхийх нь амнаас “Ажилтай орлоготой мон­гол хүн” гэж сүржин хө­төл­бөр хэрэгжүүлж байж хэнээс ч гуйлгүйгээр өөрийгөө ажлын байраар хангаж, улс эх орондоо шударгаар татвараа төлөөд явж байгаа биднийг юунд хоосон талбайд аваачих гэж улайраад байгааг ойлгохгүй байна” хэмээн аргаа барсан үгс унаж байсан юм.

Мөн түрээслэгчдийн үйлд­вэрчний эвлэл өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны өдөр НИТХ-д хүсэлт гаргасан байна. Тодруулбал тэд учир байдлаа хэлж, тэднийг ажлын хэсэг гарган асуудлыг ул суурьтай судлах, үйлдвэрчний эвлэлийн тө­лөөлөгчдийг хү­лээн авч уулзах зэрэг тодор­хой хэдхэн асуудлыг нийслэлчүүдээ төлөөлөн суугаа эрхмүүдэд гаргасан аж. Гэтэл өдгөөг хүртэл хариу байхгүй бөгөөд асуудал хурцадсан өнөө үед ч таг чиг суусаар байгаа гэнэ.

Харин нэг цэгийн үйл­чилгээний тухайд Шар хад, Эрдэнэтолгой зэрэг зүүн захын гэр хорооллын иргэд бүгд “Да хүрээ”-д байрлах банк санхүүгийн байгууллага, даатгал, но­тариатыг зорьдог аж. 20 илүү жилийн түүхтэй энэ газарт ирсэн мэргэжлийн хяналтын байгууллагынхан нэгэнтээ авто худалдааны захууд “Яг танайх шиг стандарт мөрдөхөд хан­галттай юм байна” гэж хэлсэн удаатайг тус захын удирдлагууд хэлж байна.

Мөн захуудыг нүүлгэх нэг шалтгаан болох замын түгжрэлийн тухайд тэд мөн л өөрсдийн хүчээр зохи­­цуулах арга хэмжээ авч байгаагаа хэллээ.

Тухайл­бал тус захын зүгээс дүүргийнхээ замын цагдаа­гийн газарт хүсэлт гарган төв зам болон баруун талын замынхаа уулзваруудад зохицуулагч цагдаа ажиллууж байсан бол тэр нь өнгөрсөн жилийн зургаадугаар сараас больжээ.

Иймээс иргэдийн бу­химдлыг төрүүлэхгүйн тулд зохих байгууллагаас нь зөвшөөрлийг нь авч, өөрс­дийн ажилтнуудаа замын хөдөл­гөөний зохицуу­лагчаар ажиллуулах бол­сон аж. Мөн ойр хавийн гудамжнуудынхаа хогийг удаа дараа цэвэрлэж бай­сан гээд тус байгууллага нийгмийн хариуцлагын нор­мативыг давуулан бие­лүүлэгч болох нь энэ бүхнээс харагдана.


Төр ард түмнийг холбогч гүүр хэзээ ашиглалтад орох вэ

Ийм асуулт тавихын учир “Дизель хүрээ” авто худалдааны төвийн гүй­цэтгэх захирал Ч.Туяатай уулзсанаар төрсөн юм. Тэрбээр аравдугаар сарын 1-нд ном ёсоор хаалгаа барьж, албаны хүн ирж, тоймтой хариу өгөхийг хүлээсэн ч хэн ч ирээгүй аж. Ингэснээр цаашид ажиллах уу, үгүй юу гэдгээ мэдэхийн тулд дүүргийнхээ мэргэжлийн хяналтын газрын дарга, нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, авто худалдааны цогцолборын дарга Б.Байдраг нартай холбогдох гэж хүмүүстэй утсаар ярьсаар А4-ийн цаас дүүрэн утасны дугаар тэмдэглэснээ үзүүлэв.

Төр ард түмнийг холбогч гүүр нь байх ёстой төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоогүй ажилладаг нь ганцхан хүний дээрх үйлдлээс илэрхий. Тэрбээр “Дарга нартай ярихад тоймтой хариу хэлээгүй. Түр ажиллаж бай гэсэн. Нэгийнхээ хэлсэн үгийг нөгөөх нь баталж чадахгүй юм” хэмээн цөхөрч суусан юм. Ингээд бодохоор ард түмнийг төртэй холбох ёстой уг гүүр хэзээ ашиглалтад орох вэ.

Мэргэжлийн хяналтын байгууллага нь хугацаа зааж, хаалгаа барихыг зарлигдана. Харин нөгөө талд тэдний заасан хугацаанд ажлаа амжуулахыг гүйцэтгэгч байгууллагуудаасаа шаар­даж буй дүр зураг буух юм.

Цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг хийж буй гүйцэтгэгчид “Ажил хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй байна. Ойрд хүйтрээд байгаа тул хүндрэл гарч байгаа” гэж байв. Ингээд бодохоор цаасан дээр буусан төлөвлөгөө амьдрал дээр тэр ажлыг нь хийж буй иргэдийн санаа бодолтой огтхон ч таарахгүй байна гэдгийг эрхэм тушаалтнууд эргэж нэг хараасай. Ядаж барилгынхаа ажлыг жигд­рүүлж, байшин шовойл­го­чихоод хэдэн ченжүүдээ дуудаасай.

Ард түмний зах хаагдвал ардууд хайчих вэ

Ард түмний зах гэхээр “Нарантуул” гэж битгий бодоорой.

“Да хүрээ” захын баруун талд байрлах “МЧГА ХХК-ийн Мөнгөн хүлэг” захыг худалдаачид ийн нэрийддэг аж. Учир нь уг зах түрээслэгчдэдээ зөвхөн талбайгаар үйлчилдэг бөгөөд тэнд голдуу хуучин автомашин зардаг тул ийн нэрлэх болж. Автомашины томоохон ченжүүд ард түмний захаас ирж, хуучин машин авч, засаж янзлан цааш нь зардаг гэдгийг ч ченжүүд хэлж байв.

Тэнд ч мөн дээрх зовлон бүгд бий. Харин тус компанийн ерөнхий менежер А.Отгонжаргал “Манай энд есдүгээр сарын 1-нээс өмнө ирээд үзээрэй” гэв. Учир нь хичээлийн шинэ жилийн нээлт болохоос өмнөх хоёр долоо хоногт тус захын талбай машин угаах гэсэн сурагчдаар дүүрдэг аж. Тэнд үйл ажиллагаа эрхэлдэг 160 түрээслэгч байдаг бөгөөд улирлаасаа хамаарч, 200 хүртэлх машин зогсдог аж.

Түүнчлэн түрээслэгчдээс гадна хувиараа авто ма­шинаа зарах гэсэн иргэд дийлэнх нь уг захад ирдэг бөгөөд жижиг машинаа томруулах, томыгоо жижиг­рүүлэх гэсэн бүхий л хүмүүс үүгээр дайраад гардаг аж.

Тиймээс цогцолбор ашиг­лалтад орж, нүүлгэн шил­жүүлэлт хийгдвэл түрээс төлж дийдэхгүй, өдөр бүр авто машин зардаггүй, ма­шин угааж мөнгө олдог, варейны шилэнд хоол хийж зардаг иргэд хаачих вэ гэдэг асуултын хариуг хэн өгөх вэ.
Банкны зээл гэгч үг өнөө үед хүн бүрийг сүүдэр шиг дагах болсон. Захын түрээслэгчид болон цайны газрууд зэрэг үйлчилгээ эрхлэгчид нь ажлын байраа барьцаалан зээл авдаг бө­гөөд сүүлийн үед нүүлгэн шилжүүлэлтийн асуудлаас үүдэн арилжааны банк болон түрээслэгчид хооронд асуудал үүсч эхэлснийг ч мөн хэлж байлаа.

Харин зарим нь “Энэ чинь хүнсний дэлгүүр биш шүү дээ. Бид нар талх зардаг бол өөр хэрэг. Хүмүүс өдөр бүр машин авах биш. Зарим сард байрны зээлээ ч төлөхөд бэрх болж байна. Нүүлгэлт хийхээр бол бид тэр дөрвөн саяын талбайг авч дийлэхгүй. Өрөнд баригдах асуудал үүслээ” хэмээж байв.
Өглөөний сонин
М.Санчир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-10-06 00:02:19
    Хүмүүсээ ухамсартай байл даа энэ чинь бидний эх орны хөгжил бүтээн байгуулалтын төлөө . яахав тэнд нь нүүгээд оч л доо та нарыг дагаад үйлчилгээний газрууд ч гэсэн очно. Энэ их машины түгжрэл, утаа бага ч болов багасна гэж бодож болдоггүй юм уу. Төр засги
    150.129.142.224
    Мэдэгдсэн Хариулах
  • ц бат 2014-10-05 01:43:11
    Захиргаадхаа боль коммунистуудаа Чөлөөт зах зээлийн үл үзэгдэх гар бүхнийг зохьцуулна Ер нь төр хамгийн муу менежер Бидний эрх чөлөөнд бүү саад бол
    202.126.91.171
    Мэдэгдсэн Хариулах
  • ДАВХАР АЖИЛУУЛ 2014-10-04 09:05:59
    ДАВХАР АЖЛУУУЛААЧ!! ТЭР ШИНЭ ЗАХ ЯВАХ ХУМУУС НЬ ЯВАГ!! ХУУЧИН ЗАХ НЬ АЖИЛЛАЖ Л БАЙГ Л ДАА!!! ШИЛЖИЛТЫН УЕ ГЭЭД 4 ЖИЛ ЗААЧИХ!!! СОНГУУЛИАР МАН НАРЧ ИРЭЭД ШИНЭ ЗАХЫГ ШУУД ХААГААД! !! БАТ УУЛЫГ 1 УРУУ ХОЛЫГ НЬ ГОЗОЛЗУУЛААД ОВЧ ОЧООД БУРУУ ЭМЧЛЭЭД 0 БОЛГОЧИ
    89.178.192.32
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-10-04 02:27:44
    Гэтэл хачир дээрээ-хоол юм уу хаашаа юм.
    103.26.192.190
    Мэдэгдсэн Хариулах
  • нүүцгээ 2014-10-03 13:00:46
    хөөгөөд байгаа юм биш хотод хэрэгтэй болохоор гаргаж байна. хоосон газар байх нь ямар хамаатай юм очоод л босгоно биз дээ
    183.177.97.21
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-10-03 06:58:22
    Хуучин машин оруулж ирээд дамлан зардаг эдгээр хүмүүс тэр газар руугаа яаралтай нүүцгээгээчээ.
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2014-10-04 02:27:29
      Чи дандаа шинийг унадаг уу.
      103.26.192.190
      Мэдэгдсэн Хариулах
    • Zohion 2014-10-03 10:43:13
      Chamaig huuchin mashin udahgui bh iig harnaa mal mine
      112.72.13.162
      Мэдэгдсэн Хариулах