Гэр цэцэрлэгт эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд орон нутгийн удирдлагууд идэвхтэй ажиллах ёстой гэв
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн  “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд явуулав.

  Тогтоолын төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авав. Б.Энх-Амгалан түүхийн үнэт бүтээлүүд, археологийн олдворуудыг хамгаалалтад авах талаар, Д.Сарангэрэл байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалах зан суртахууныг хүүхдэд багаас нь төлөвшүүлэх талаар, Ч.Ундрам дээд боловсролын чанарын шинэчлэлтэй холбоотой эрх зүйн өөрчлөлтийг хэрхэн хийх, сургуулийн үдийн хоолыг чанартай бүтээгдэхүүнээр бэлтгэх талаар асуулт асууж, гишүүдийн асуултад Ажлын хэсэгт хүрэлцэн ирсэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах салбар яамдын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар, газрын холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв.
 
Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакирын асуусан малчдын хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтад хамруулах эсэх, хувийн дунд сургууль болон их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг заавал урьдчилж төлж байх ёстой юу гэсэн асуултад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ганбаяр хариулахдаа малчдын хүүхдийг гэр цэцэрлэгээр  хүмүүжүүлэхээр төсөлд тусгасан. Ийм туршлага бий.  Яамны зүгээс нэгдсэн бодлогоор хангана. Гол нь гэр цэцэрлэгт эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх талаас орон нутгийн удирдлагууд идэвхтэй ажиллах ёстой. Сургалтын төлбөрийн тухайд яамнаас уян хатан буюу улирлаар, сараар болон кредитийн зарчмаар төлбөрөө авах чиглэлийг сургуулиудад өгч байна гэлээ.
 
    Үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, П.Анужин, Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ц.Мөнхцэцэг нар үг хэлж, санал гаргалаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан Боловсролын хүрээлэнг үндсэн чиг үүргээр нь ажиллуулахын тулд хэвээр нь үлдээх, Ц.Мөнхцэцэг нийт хүүхдийн 10 хувийг ч хамардаггүй кембрижийн сургалтыг өргөжүүлэх зардлыг нэмэхийн оронд суурь боловсролын чанарыг нийтэд нь сайжруулж, тэгш хүртээмжтэй болгох талаар тодорхой санал гаргав.  
 
Үргэлжлүүлэн гишүүн Г.Дамдинням, П.Анужин, Ч.Ундрам нар зарчмын зөрүүтэй санал гаргаж, саналын үндэслэлээ  тайлбарлан үг хэллээ.  Гишүүдийн гаргасан зарчимын зөрүүтэй саналын  томъёоллоор санал харуулт явуулж дууссанаар уг асуудлыг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулахаар тогтов.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.