Д.Нарангэрэл: Хонгконгод коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүн дахин халдвар авчээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 23 сая 347 мянган хүн энэ өвчнөөр өвчилж,  819 мянган хүн  нас барж, 16 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 253 мянган хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн эндсэн байна. ОХУ-д 4744 хүн шинээр өвчилж 65 хүн нас барсан, БНХАУ-д 23 шинэ тохиолдол бүртгэгдсэний 14 нь гадаад улс орноос зөөвөрлөгдөн ирсэн гэж үзэж байна.

Улирлын томуугийн вакциныг хүн бүр зайлшгүй хийлгэх шаардлагатай гэж ДЭМБ үзэж байна. Хонгконгод коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүнд 142 хоногийн дараа дахин халдвар илэрснийг тус улсын эрх баригчид мэдээллээ. Хоёр дахь халдварын үед ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй хөнгөн балархай хэлбэртэй байсан байна. Дахин халдвар илэрсэн хүн 35 настай эрэгтэй ажээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа   “ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори  болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт  1011 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа.   Нийт батлагдсан тохиолдол 298 байгаа. Үүнээс 289 нь эмчлэгдсэн, 31 хүн сувилалд, гэрийн ажиглалтад 40 хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 218 хүн, ХӨСҮТ-д 9 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж байгаа хүнээс 7 нь хөнгөн, 2 нь хүндэвтэр гэсэн үнэлгээтэй байна" гэв.

С.Тайшир

 
Бусдад түгээх
  • gplus